2021 он гармагц УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээс үүдэн, намын дүрмийнхээ дагуу огцорч, УИХ-ын гишүүн Ц.Туваанд тамгаа хүлээлгэн өгсөн С.Эрдэнэ гэнэт л буцаж АН-ын даргаар ажиллаж эхэллээ хэмээн зарласан билээ.

Улмаар АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваантай илт зөрчилдөн, өөрийгөө АН-ын дарга хэвээр гэж үзэн, АН-ын ЕНБДарга, дэд дарга, Нарийн Бичгийн Дарга гэх албан тушаалуудад дур мэдэн өөрийнхөө хүмүүсийг томилж, Хэрэг Эрхлэх Газар хүртэл дахин байгуулсан юм.

 

Түүнээс хойш тус намынхан хоёр тусдаа АН-ын даргын сунгаа явуулж, О.Цогтгэрэл, М.Тулгат гэх хоёр даргатай болсон ч Дээд Шүүх хэнийг нь ч бүртгээгүй.

 

Улмаар нэг жилийн дараа буюу одоогоос сарын өмнө АН-ын Дотоод Сонгуулийн Хороо АН-ын даргын сунгааг дахин зохион байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 96.3 хувь 13 мянган хүний санал авч, сонгогдсон билээ. Энэ үетэй зэрэгцэн Улсын Дээд Шүүх С.Эрдэнэ нарын АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч, бүртгэсэн. Үүнийг С.Эрдэнийн талыхан АН-ын албан ёсны дарга нь С.Эрдэнэ хэвээр байгааг нотолсон явдал хэмээн тайлбарлаж байв.

 

Гэвч эрх зүйн шинэ нөхцөл байдал дахин үүсчээ. Тодруулбал Улсын Дээд Шүүх АН-ын бүртгэлийн тухай мэдээллээ шинэчилсэн байна. Уг бүртгэлээс үзэхэд С.Эрдэнэ намын даргаас огцорсон,  одоогоор АН албан ёсны даргагүй байгаа нь тодорхой болжээ.

 

Э.Мягмар

http://www.supremecourt.mn/home?page=party&id=69&pr=63&tp=detail&md=2&h=&fbclid=IwAR1TDEiMFKe6dHg5EjHbCcZcvX8BOo0BeA99TVRWXgO6haEyNN_Eh-Nmjzg