Урин дулааны улиралд төв цэвэр байгууламж болон бусад шалтгааны улмаас Улаанбаатар хотод агаарын чанар, үнэрийн асуудал үүсдэг. Энэ талаар Ус Сувгийн Удирдах Газар (УСУГ)-аас тодруулахад "Төв цэвэрлэх байгууламжид лаг усгүйжүүлэх байгууламж ашиглалтад орсон. Үүнээс хойш үнэр гарахаа больсон. Өлөн боловсруулах үйлдвэрүүдийн үнэр болов уу" гэсэн хариултыг өгөв.

Цаг уур Орчны Шинжилгээний Газар (ЦУОШГ)-ын Орчны шинжилгээний хэлтсийн Агаарын чанарын асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Өнөрбатаас нийслэлийн агаарын чанарыг тодрууллаа. 

-Нийслэлийн хэмжээнд одоогоор агаарын чанарын индекс ямар түвшинд байна вэ. Дүн мэдээллийг танилцуулбал?

-Өнөөдрийн байдлаар хотод агаарын чанарын хяналт, шинжилгээний 18 автомат харуул ажиллаж байна. Агаар дахь түгээмэл зургаан бохирдуулагчийг авч үздэг. Тодруулбал,

  • Хүхэрлэг хий
  • азотын давхар исэл
  • агаар дахь ФМ 10, ФМ 2.5 тоосонцор
  • нүүрстөрөгчийн дутуу исэл гэх мэтчилэн бодисыг авч үзэж байна. 

Азотын давхар исэл долоо хоногийн дундаж агууламжаар 2021 онд 25 микро грамм байсан бол 2022 онд 32 микро грамм болжээ. Тухайлбал, 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2021 онд 54 микро грамм байсан бол 2022 онд 69 микро грамм буюу Баруун дөрвөн зам орчимд агаарын чанарын стандартаас 1.3 дахин их байсан байна. 

ФМ 10 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж энэ онд 54 микро грамм болсон байна. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2021 онд 152 микро грамм байсан бол 2022 онд 107 микро грамм буюу Цахилгаан станц орчимд агаарын чанарын стандартаас нэг дахин их байсан. 

ФМ 2.5 тоосонцрын долоо хоногийн дундаж агууламж 2021 онд есөн микро грамм байсан бол энэ онд 14 микро грамм хүрсэн. 24 цагийн дундаж хамгийн их агууламж 2021 онд 29 микро грамм байсан бол 2022 онд 52 микро грамм буюу Таван буудал орчим агаарын чанарын стандартаас нэг дахин их байсан байна. 

-Зарим агаар бохирдуулагч бодис стандарт хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарчээ. Нийслэлийн хэмжээнд хамгийн их бохирдолтой байгаа газрын мэдээллийг тодруулбал? 

-Манайх гадаад орчны агаарын чанарын хяналт шинжилгээг хариуцан ажиллаж байна. Нүүрстөрөгчийн дутуу исэл, азоны хувьд агаарын чанарын стандартаас давсан тохиолдол байгаагүй. Агаарын чанарын индексийг тухайд Нэгдүгээр хороолол, 100 айл, Толгойт, Нисэх, Хайлааст, Таван буудал, 13 дугаар хороолол, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим цэвэр болон хэвийн түвшинд байсан. Харин Зурагт, Баруун дөрвөн зам, Амгалан орчимд бага зэргийн бохирдолтой түвшинд хүрсэн тохиолдол ажиглагдсан байгаа. 

ЦУОШГ-аас Улаанбаатар хотын өнгөрсөн долоо хоног бүрийн агаарын чанарын хяналт, шинжилгээний мэдээллийг гаргадаг. Энэ оны зургаадугаар сарын 13-19-ний  байдлаар, хүхэрлэг хийн агууламж долоо хоногийн дунджаар 2021 онд долоон микро грамм байсан бол 2022 онд 15 микро грамм байсан. Түүнчлэн 24 цагийн дундаж хоногийн агууламж 2021 онд 22 микро грамм байсан бол 2022 онд 87 микро грамм болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, агаарын чанарын стандартаас 1.7 дахин их байсан байна. 

-Төв цэвэрлэх байгууламжийн ойр орчимд агаарын чанар ямар түвшинд байна вэ?

-Хамгийн ойр гэвэл, Нэгдүгээр хороолол, Толгойт, Нисэх, Цахилгаан станц орчимд агаарын чанарын харуулууд байршиж байгаа.