-Хэвлэл мэдээллийнхэн тухайн үеийн нийгмийн сэтгэлзүйд тааруулсан мэдээ, мэдээлэл, контентийн хойноос хөөцөлдөхөөсөө илүү нийгмийн оюун санааг зөв тийш нь залах, ард түмнийг соён гэгээрүүлэх үндсэн үүргээ биелүүлмээр байна! Сошиалаас ялгарах юм алга боллоо! Яг нарийндаа “сошиалчид”-ын солиорлыг сэтгүүлчид бид л засч, хүмүүсийн ухаан бодлыг зөв зүгт чиглүүлэх ёстой.

 

-Сошиал гээч үзэгдэл хүний мөн чанарыг илчлээд байна уу, эсвэл хүний сайхан чанарыг эвдээд байна уу?! 20 жилийн өмнө хүмүүс "Ирээдүйд роботын хөгжил өндөр түвшинд хүрч, хүн төрөлхтнийг сөнөөнө" гэж "ёрлодог" байлаа. Яг тэр утгаараа биш ч гэсэн сошиал ертөнц хүн төрөлхтний ахуйд хүч түрэн орж ирсний дараа байдал их л өөрчлөгдөж байна. Тэр бие даасан ертөнц хүчээ авах тусам хүн гэдэг амьтны оюун ухааныг өөртөө асар хурдан уусгаж, эрхшээлдээ оруулах аюултай аж. Энэ утгаараа "Сошиалын" гэдэг зүрх сэтгэлгүй, хайрлах, өрөвдөх, уучлах, эргэцүүлж, харьцуулж бодох чадвар, мэдрэмжгүй аймшигтай хиймэл оюун санаа үүсч, яваандаа хүн төрөлхтөнд том гай удаж мэдэх нь. Хүмүүс одоо л ухаарч, оюун бодлоо чөлөөлж, хүн гэдэг мөн чанараа эргүүлэн олж авах шаардлагатай боллoo.

 

-Монголчуудын сошиалаар нэг нэгнээ эрүүл бусаар хардах, доромжлох, гүтгэх, өөлж мушгих, тавлах, хараах, атаархах, хорлох, яс хаях, мууг нь үзэх зэрэг олиггүй муухай авир замаа алдаж байна даа. Хүний нэр төр, амьдрал хувь заяа тоглоом юм уу?! Yндэсний дархлаанд цөвтэй энэ мэт туйлын хор хөнөөлтэй үзэгдлийг таслан зогсоож ухааруулж сэнхрүүлэх цаг болж. Энэ чигээрээ яваад байвал оройтож мэдэх нь. Эв нэгдлийг мартсан эвдрэлцэл цөөхөн биднийг ангал руу түлхэх аюултай гэдгийг ойлгохгүй болтлоо солиорох нь даанч гашуун. Сошиал ертөнцийн хар сүүдэрт хүн чанар, хүн ёс хэдийнээ царцаад эхэлжээ! Яг одоо эргэцүүлж бод! Харьцуулж ухаар!

 

-Хардах, шүүмжлэх, гутаах, гүтгэх дон параной өвчний шалтгаан болох байх даа. Тодорхой эрх ашгийн даалгавраар зорилготой улстөржүүлж, түүнийгээ нийтэд эмоцитой илэрхийлэх "гоё" ч, сүүдэрт нь хүн чанар, үнэн хоёр л царцах вий. Угаасаа "сошиалын өвчин" их л гай тарих байх. Амьдрах арга буруу замаар эвдэрч байна!

 

-Нийгмийн сэтгэлзүй улам бүр хямарч, өдрөөс өдөрт ядуурч байна. Үүнд сошиал медиа буюу нийгмийн сүлжээг өрөөсгөлөөр ашиглагч нарын сөрөг нөлөө асар их. Юм болгоныг хараар буддаг, гутаан доромжилдог сэтгэцийн олдмол “өвчин”, гаж дон сошиалыг дагаад үүссэн нь гашуун үнэн. Нэгнийгээ хүн ёсоор биш адуус малнаас ч дор хардаг цөвүүн цаг ирсэн байна. Монголчууд өнөөдөр ухаан мадаггүй фейсбүүкдэж, сэтгэгдэл бичиж, учир утгагүй хараал зүхэл урсгаж суудаг болсон нь эмгэнэлтэй хувь заяа. Эв нэгдэл, хүн чанарын талаарх ойлголт өдрөөс өдөрт бүдгэрч байна. Эв нэгдэл дээр тусгаар тогтнол суурилдаг гэдгийг хэзээ ойлгох юм бэ?! Харин сэтгүүлч бол нийгмийн оюун санааны түүчээ. Энэ утгаараа ард түмний ухамсрыг зөв тийш нь залах, нийгмийн сэтгэлзүйг эмчлэх нь сэтгүүлчдийн хамгийн гол үүрэг. Ийм алтан зарчим хэзээ ч алдагдах ёсгүй. Хамгийн гол нь нийгмийн оюун санааг эрүүлжүүлэх, ард түмнээ соён гэгээрүүлэх тал дээр төр засаг, Боловсролын болоод Соёлын яам онцгой анхаарч, шуурхай бодлого хэрэгжүүлэхгүй бол болохгүй нь ээ!

 

-Хүний нийгэм үүссэн цагаас хойш нийгмийн харилцааг зохицуулах өчнөөн олон хууль дүрэм гарчээ. Гэхдээ ХҮН ЁС, ХҮНЛЭГ ЧАНАР гэдэг механикаар хуульчлах боломжгүй ухаант хүнтэй хамт үүссэн оршихуйн хүчин зүйлийг хүн төрөлхтөн өөрсдөө устгах эхлэл хэдийнээ тавигдсаныг ойлгож ухаарах цаг иржээ. Хүн төрөлхтнийг робот устгахгүй нь ойлгомжтой. Харин ухаан мэдрэлгүй шунан дурлаж, хамаг оюун санаа, бүхий л цаг хугацаагаа хайр найргүй зориулах болсон фейсбүүк, твиттерийн пост, мэдээллийн сайтуудын сэтгэгдлүүд нь хүний мөн чанарт заналхийлж, өрөвдөх хайрлах, харьцуулж, эргэцүүлж бодох шинж чанарыг устгаж эхэллээ. Олон нийтийн сүлжээгээр бусдыг ялладаг, мууг нь үздэг олдмол вирус-шинэ араатанлаг үзэгдэл үүний хамгийн тод илрэл! Сошиалчид бусдыг шүүхгүй, бас яллах эрхгүй!

 

-Сошиал үндсэн зорилго, утга агуулгаасаа аль хэдийнэ хазайгаад явчихаж. Уг нь мэдээлэл солилцох, танин мэдэхүйн хэрэгцээгээ хангах, сайн сайхан болгоныг түгээх суваг байх ёстой атал хэн нэгнийг ялладаг, гүтгэн гүжирддэг, доромжлон гутаадаг, мууг нь үздэг талбар болжээ! ХҮН ЁС гэдэг хамгийн үнэт зүйлийг арчин баллуурдаж байгаа нь цөөхөн монголчуудад даанч хохиролтой гаж үзэгдэл! Өөрийгөө дөвийлгөж, бусдын нэр хүнд, хувь заяагаар шал угаадаг "хогийн ургамлууд"-ын орчин болж хувирвал хүн гэдэг амьтны мөн чанар устаж, утгаа алдана! Аливаа асуудлын үнэн учрыг олохоосоо өмнө шууд л буруутгаад, булах гэж улайран яардаг туйлын хорлонтой сэтгэцийн согог сошиалыг дагаад үүсчихлээ. Харьцуулж, эргэцүүлэн бодох чадвар өдрөөс өдөрт арилж, юм болгоныг улстөржүүлдэг, харлуулдаг, харддаг, үгүйсгэдэг өвчин орон зайгаа тэлсээр! Хүнлэг, өршөөлт, уужим, ухаалаг зан чанар улам бүдгэрч, холдсоор!

 

-Нэг юм болохоор л хэл амаа билүүдээд уулгалаад дайрчихдаг, тал талаас нь тасдаад идчихдэг сошиал өвчин улам гүнзгийрэх шинжтэй. Үгийн мууг хэлж, харааж, гутаан доромжилж байж таашаал авдаг гаж дон цөөхөн монголчуудыг мөхөөх вий! Өөрсдөө бүхнээс илүү боловсролтой, бусдаас илүү ухаантай, ямар ч өө сэвгүй, хүний дээд үү?! Аливаа хэрэг зөрчлийн талаар мэдээлэл авуутаа өөрийнхөөрөө ургуулан бодож, түүндээ итгэчихээд нийгмийн сүлжээгээр нэг цацаж, кайф авдаг “солгой” араншин газар авлаа! Tүүнийгээ өөрөө үзэж харсан мэтээр дүрсэлж, хүмүүст тулгадаг байж болох уу? Нийгмийн сэтгэлзүй хогийн сав биш ш дээ!  

 

-Монголчуудад нэгнийгээ хазайсан дээр нь түлхэж, хальтирсан дээр нь тавлахаас өөр хийж байгаа ажил байна уу? "Бид чинь цөөхүүлээ шүү дээ" гэдэг ухамсар хэзээ бүрэлдэх юм бэ?!                                        

 

Амьдрал мөнх биш. Энэ утгаараа мөнгө биш. Хэдэн халтар төгрөгний төлөө Монгол түмнийг хагалан бутаргах сонирхол бүхий арилсан дотортой хүмүүс сошиалд байдаггүй гэдэгт итгэхийг хүсч байна!

 

-Цөөхөн монголчууд ухаалаг, уужуу тайван, хүлээцтэй, өршөөлт нинжин сэтгэлтэй байж эв нэгдлээ хадгалж үлдэнэ шүү! Тусгаар тогтнолын үнэ цэнэ, үндэсний үнэт зүйл хамгийн чухал. Cошиалын бохир намагт шигдчихгүй юмсан!

 

-Нэг л юм асууя. Монголчуудад үндэсний нэгдмэл ухамсар гэж юм байна уу? Цөөхүүлээ байж нийгмийн сүлжээ хэмээх бохирдсон намгийн шавраар нэгнийгээ яаж бузарлаж байгаагаа ойлгох ухаан байна уу? Улс үндэстний ирээдүй чухал биш үү?! Амьдрал бол амьдрал. Өөгүй юм энэ хорвоод нэгээхэн ч үгүй. Зарим нэг хүний нүд, сэтгэл хоёр сайн сайхныг олж харах чадваргүй болтлоо сохорчихож. Бид энэ хорвоогийн түр зуурын зочид гэдгээ цаг үргэлж саная. Нэг нэгнээ хайрла, хүндэл, ойлго, өргөж босго!!!

 

-Өнөөдөр мэдээллийн сайтуудын сэтгэгдэл, фейсбүүк, твиттерийн пост, жиргээг харвал гэрийн агаар бохирдоод зогсохгүй, хүний уураг тархи бузартаж мэдэхээр болжээ. Бөөн гүтгэлэг,  доромжлол, хараал зүхэл, үзэн ядалт, өдөөн хатгалт, утга учиргүй турхиралт, өс хонзон, шүлс цэр  уртаас урт хөвөрдөг учраас тэр. Нэг ёсондоо цахим мэдээллийг дагаад олдмол гаж дон нэгэнт бий болсныг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй нь. Бусдыг аль муу муухай үгээр харааж, доромжилж байж сэтгэлийн таашаал авдаг  хар сүүдэр дагаад үүсчихлээ. Хатуухан хэлэхэд цахим алуурчид хэдийнэ бий болчихоод нийгмийн сэтгэлзүйг бохирлоод удлаа. Амжилт дүүрэн явж байгаагаа, эсвэл жаахан хазайсан нэгнийгээ адгийн муу  үгээр булж байгаадаа сэтгэл нь огт зовдоггүй нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Амьдрал баян. Хэнд ч юу ч тохиолдож болно. Нэг өдөр дээшээ цойлж байхад,  уруудах өдөр ч бий. Угаасаа нийгмийн мөн чанар байгалийн хуультай адилхан юм. Өнөөдөр бороо орж байхад маргааш нар гарч солонго татна. Өглөө нь цэлмэг тэнгэр мэлтийж байхад үдэш нь цасан шуурга тавьж газар тэнгэр нийлнэ. Харин маргааш дахиад цэлмэг өдөр угтана. Гэтэл бид яагаад борооны дараах солонгыг, шуурганы дараах цэлмэг тэнгэрийг харж чадахаа больчихов оо? Яагаад хүний сайн чанарыг нь дэвсэлж, сул талыг нь дөвийлгөнө вэ? Зарим хүмүүс хүний мууд ямар дуртай болоо вэ!

 

-Амьдрал бол амьдрал. Диваажин биш санамсаргүй явдлаар дүүрэн хорвоо. Санаатай алдаа хийх нэгэн байхад санамсар болгоомжгүйгээр хазгай гишгэх хүн ч бий. Чамайг цагийн дараа, магадгүй маргааш юу хүлээж байгааг хэн ч таашгүй. Гэтэл ямар нэгэн байдлаар хэл аманд орсон, олон нийтэд үл таалагдах үйлдэл гаргасан хүнийг шуудхан л “бариад идчих” юм. Бүр “Би дутчих вий” гэсэн шиг хорвоогийн хатуу, хамгийн бохир үгээр эрээ цээргүй, хайр найргүй балбана. Бид чинь нийгмийн бүтээгдэхүүн ухаант хүн болохоос хээрийн зэрлэг араатан биш биз дээ? Эсвэл улай үзсэн хэрээ юм уу?!

 

 -Ямар ч асуудлын цаана учир шалтгаан гэж байдаг. Цаад нарийн учрыг нь эхлээд олоогүй, олохыг хүсэхгүй байгаагаас та бүхэнтэй л адилхан хүн тун эвгүй байдалд орж байна. Өөрийг нь огт танихгүй хүмүүс тал талаас нь чичлээд, хайр найргүй “буудаад”, “цаазын ял” уншаад эхлэхээр ямар байдалд орохыг төсөөлж үзээч.  Хүн болгоны темпрамент, хүмүүжил, төлөвшил, зан араншин, оюун бодол ялгаатай. Бас тухайн үеийн сэтгэлзүйн шинжээс ч олон зүйл хамаардаг. Хэрвээ намайг, миний хамгийн хайртай хүмүүсийг нийтийн сүлжээгээр хүсэшгүй муухайгаар хэлээд, “чулуу” шидээд, нулимаад, харааж зүхээд эхэлбэл би ямар байдалд орох вэ гэж ядаж ганц удаа ч эргэцүүлж бодох чадвар алга! Алга ч гэж дээ, магадгүй амьдралын утга учир нь болсон сошиал гуай хүний тэр сайхан чанарыг уусгаж, устгаад эхэлчихсэн хэрэг л дээ. Аливаа асуудлыг өөртэйгөө харьцуулж бодох, бусдыг сонсох, ойлгох, өршөөн уучлах, энэрэх сэтгэл өдрөөс өдөрт холдож байгааг бидэнтэй зэргэцэн орших болсон сошиал ертөнцөөр дүүрэн хөврөх нус цэр шиг пост, жиргээ, комментуудаас төвөггүй харж болно. Хүн гэдэг  ухамсарт бодьгал нэг нэгнээ хайрлаж байж л өнө удаан орших учиртай. Хүн байтугай адгуус араатанд ч энэрч, өрөвдөх инстинкт байдаг биз дээ?

 

-Одоо нэгэнт монголчуудыг сошиалгүйгээр төсөөлөхийн аргагүй хэмжээнд хүрчээ. Ёстой л найман настай балчираас 80 настай буурал хүртэл “фейсбүүкдэж” цагийг нөхцөөх болж дээ. Хамгийн гол нь нийгмийн сүлжээг дагаад үүсч буй хар бараан, бузар булай үзэгдэлд бодолтой хандахгүй бол өсвөр үеийн оюун санаа хордож гүйцлээ. Хэн нэгнийг хэлэхийн муухайгаар хэлж сэтгэл ханадаг эмгэг нийтийн сүлжээг дагаад үүсч байгаа нь маргааш Монгол Улсыг авч явах хүүхэд, залуусын  бодол санаа, хүмүүжилд яаж нөлөөлөхийг ойлгох ухаан чадвар байхгүй гэж үү, та нарт?

 

Монгол хэлийг ямар муухай эвдэж байгаагаа эрхэм жиргээчид, фейсбүүкчид анзаарч, ядаж үр хүүхдийнхээ төлөө нэгийг тунгаах цаг хэдийнэ ирсэнийг анхааруулая. Тэр твиттерийг хар даа. “Үхсэн ацаа хийх гэж” гэдэг үгийг эр, эмгүй хэрэглэж, түүгээрээ ид бах хийж байна. Уг нь “Яах гэж” гэсэн санаа юм билээ. “Байсын байгааздээ /байсан юм байгаа биз дээ гэж бичиж байгаа царай нь/”.  “Чамд ёвуулсанаа өөр хэнд ч ёвуулахгүйээ /Чамд явуулсан зургаа хэнд ч явуулахгүй ээ гэж арай ядан “орчуулна”/. Юм гэдэг үгийг ём гэж бичих “шинэ дүрэм” тэнд үйлчилж байна.  Сошиалын хэл, бичиг гэдэг тустай зүйл бий болсон бололтой. Үг үсэг, утга найруулга, хэлзүйн үй түмэн алдаа, сэтгэхүйн доройтол тэнд зандалчин шиг бужигнаж байгаа нь даанч эмгэнэлтэй. Эх хэлээрээ наадан зугаацах нь улсынхаа хувь заяагаар даажигнаж байгаа мэт ойлгогдоод, нүд, сэтгэл харанхуйлаад байна.

 

-Оросын сонгодог зохиолч Лев Толстой “Хүмүүс өөрөө өөртөө санаа тавьснаар амьдраад байгаа юм биш. Харин бусад хүмүүсийн хайр энэрлийн хүчинд амьд яваа юм” гэж уулга алдаж байсан удаатай. Тийм байсан юмаа. Монголчууд ч гэсэн дээр үеэс “Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдэг агуу философиор амьдраад болоод ирсэн юм! Амиа бодож байгаагүй юм! Одоо ч тэр сайхан чанар арилаагүй гэдэгт итгэхийг хүсч байгаа ч нийгмийн сүлжээнд хэдийнэ шинээр бий болсон олдмол хүйтэн сэтгэлгээг бодохоор сэтгэлээр унах шиг... Монголчууд цөөхүүлээ. Мөнхөд тусгаар тогтнолоо хадгалж, хүчирхэг гүрэн болоё гэвэл эв нэгдэлтэй байхаас өөр аргагүй. Шуудхан хэлэхэд бие бие рүүгээ муухай харах эрх бидэнд байх ёсгүй. Тэр талаасаа сошиал гэгчийг улстөрийн явцуу эрх ашиг, атгаг хар сэтгэлээр ашиглах болсноор бидний эв нэгдэлд ан цав гарч байгааг олж харах, дүгнэлт хийх цаг болсон шүү!

 

-Эр хүний жудагтай, ноён нуруутай, алсын хараатай тэр сайхан зан чанар сошиалд л лав харагдахгүй шахам болжээ. Эм хүнээс дор араншинтай эрчүүд олширохоор энэ улсын ачааг хэн үүрэх болж байна вэ?

 

Д.Лхагвадорж