Д.Сарангэрэл: Монголд иргэддээ хүссэн ажил, цалинг нь өгөхгүй байна
2022/09/26
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам(ХНХЯ), Үндэсний Статистикийн Хороо(ҮСХ), Дэлхийн Банк хамтран "Ажилгүйдлийн хувьсал, өөрчлөлт 2020 судалгаа", "Монгол Улсын ядуурлын нөхцөл байдал 2020" судалгааг хийжээ.
Судалгааны дүнгээс харвал "Ажил хийх боломжтой ч ажилгүй байгаа 207,800 хүн байна" хэмээн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан илтгэлдээ дурдав.
Эдгээр иргэний
- 87.7 мянга нь ажилгүй хүн
- 70.7 мянга нь боломжит ажиллах хүч
- 49.4 мянга нь ажил хийх хүсэлтэй ч ажил хайгаагүй хүмүүс байна.
Гэтэл өнгөрсөн онд аж ахуйн нэгжүүдийн 19.1 хувь нь ажиллах хүчний хомсдолд орсон хэмээх судалгааны дүн гарчээ.
Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд Д.Сарангэрэл "Дээрх судалгааны дүнд үндэслэн бид дүгнэлтээ хийх ёстой. Халамж хавтгайрсан тул үүнийг зогсооё, тэгэхээр хүмүүс ажил хийнэ гэсэн хөнгөн хуумгай хандаж болохгүй.
ХНХЯ-ны дүгнэлтээр
- Иргэд тухайн салбар, ажлын байран дээр очиход гологдож байгаа тул ур чадвар сургаж, дадлагажуулах шаардлагатай.
- Монгол хүн Солонгос, Японд маш сайн ажилладаг. Монголчууд шиг өндөр үнэлэгдэж буй улс орны иргэд ховор. Монголд иргэддээ хүссэн ажил, цалинг нь өгөхгүй байна. Үүнд нь тохирсон үйл ажиллагааг хийх ёстой гэж үзэж байна" хэмээв.