Б.Жавхлан: ХХОАТ мэдүүлдэг 1,365 иргэнээс шаталсан татвар авна
2022/10/07
УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулах юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын Ц.Сандаг-Очир "Хувь хүний орлогын албан татварыг шаталсан тогтолцоонд шилжүүлнэ гэсэн. Энэ тал дээр тайлбар өгөөч. Хүүхдийн мөнгө олгохгүй хүн амын есөн хувийг яаж тооцох вэ? Хүн амын бүртгэл мэдээллийн сангаасаа тооцох юм уу, эсвэл тэд нарт уриалах юм уу. Эрчим хүчний сайдаас үнэ тарифтай холбоотойгоор байр суурийг нь сонсмоор байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тогтолцоонд ирэх жил томоохон өөрчлөлт орох юм байна. Энэ нь ямар өөрчлөлт орох вэ?" гэдгийг асуув.
Сангийн сайд Б.Жавхлан "Шаталсан татвар бол шинэ татвар биш. Бид 2004 онд анх энэ тогтолцоонд байсан. 2014 онд энэ тогтолцооноос гараад 2018 онд Засгийн газраас дахин өргөн барьсан боловч УИХ дээр буцаасан. Одоо бол хамрах хүрээ нь бага. Сарын 10, 15 саяас дээш гээд гурван шаталсан татвартай болно.
Манай улсад 817 мянган хувь хүний орлогын албан татвар мэдүүлдэг иргэн байдаг. Эндээс шатлалд хамаарч байгаа нь 0.3 хувь буюу 1,365 хувь хүнд оногдож буй татварын систем юм. Шаталсан татвараас орж ирэх орлого 10 тэрбум төгрөг байна.
10-15 саяынхаа хооронд давсан хэсэг дээр нь 15 хувь, 15 саяас дээш давсан хэсэг дээр нь 20 хувь татвар ногдуулах системийн шинэчлэл. Ирэх жил хөрөнгө оруулалтын бодлого дээр томоохон өөрчлөлт хийж байна. Жил бүр хөрөнгө оруулалтын бодлогыг Сангийн яам авч явна. Төсөвт суухгүй зүйлүүдийн зураг төсвийг хийж илүү зардал гаргах шаардлагагүй. Ийм зарчим баримтална.
Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдийн мөнгө гэж орж байгаа. Тиймээс зорилтот бүлэг рүү илүү чиглүүлэх бодлого цаашид баримтална.
Төрийн сангийн мэдээлэлд тооллого, бүртгэлээ сайжруулах шаардлагатай. Өнөө, маргаашгүй Засгийн газарт ажлын хэсэг байгуулагдана" гэлээ.
Зочин · 2022/10/10
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө