М.Энхсайхан: Өөрчлөлт, шинэчлэлтийг бужигнуулах гэж битгий ойлгоосой гэдгийг Х.Тэмүүжин сайдад хэлмээр байна
2014/06/05
МҮАН-ын дарга М.Энхсайхантай ярилцлаа.
-МҮАН-ын найман жилийн ойн үеэр уулзаж байна. Юуны өмнө баярын мэнд хүргэе. Энэ найман жилийн хугацаанд МҮАН юу хийж бүтээв гэдгээс яриагаа эхэлье?
-Манай нам анх Үндэсний шинэ нам гэж нэртэйгээр найман жилийн өмнө байгуулагдсан. Гэхдээ энэ нам байгуулагдсан нь тохиолдлынх байгаагүй гэж би боддог. Учир нь 2006 онд монголчууд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тэмдэглэж байсан. Өөрсдийнхөө агуу түүхээр бахархсан, дэлхийн улс орон бидэнтэй хамт баяр тэмдэглэсэн ийм он жилүүд байлаа. Тэр үед бидэнд нэг ухаарал ирсэн. Ер нь улс төрийн намууд заавал нэг үзлээр яваад байдаг юм биш монголчуудад хэнээс ч хуулаад байхгүй өөрийн гэсэн онцлог үзэл бодолтой явж ирсэн юм байна. Тийм учраас үүнийгээ улс төрийн хөтөлбөр болгох хэрэгтэй. Ийм хөтөлбөртэй нам байх хэрэгтэй гэдэг үүднээс анх Үндэсний шинэ нам байгуулагдсан. Үндэсний шинэ нам өөрийнхөө тулгын гурван үзэл гэж байдаг.
Үндэсний үзэл, ардчилсан үзэл, шударга ёсны үзэл гэсэн гурван үзэлтэй. Үүний хамгийн амин сүнс нь үндэсний үзэл. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэж байх үед найман жилийн өмнө үндэсний үзэл гэж ярьж байхад энэ үг яриа ч монголчуудад байгаагүй. Үг хэллэг ч байгаагүй. Түүнээс хойш найман жилийн дотор зөндөө олон үг хэллэг нэмэгдэж орж ирсэн. Жишээлбэл, монгол иргэншил, хөтөлгөө морь гэж ярих болсон. Монголчууд найман жилийн өмнө “Монголын төр” гэж ярьдаг байсан. Одоо бол бүгдээрээ хэнээр ч заалгахгүй монгол төр гэж ярьж байна. Тэгэхээр өөрийн гэсэн юман дээр буугаад байгаа байхгүй юу. Хэрэглэж байгаа нэр томъёо хүртэл найман жилийн өмнөхөөс өөрчлөгдөнө гэдэг чинь хүний оюун ухаан сэтгэл санаанд бууж ирсэн явдал. Манай нам даруухан, гэхдээ гүйцэтгэж байгаа үүрэг бол том гэж бодож байна. Тэр нь юу гэхээр бид монголчуудын зүрхэнд нь байдаг үндэсний үзлийг дуудаж сэрээх ажлыг өнгөрсөн найман жилд хийсэн амжилттай явж байгаа гэж хэлж болно.
-УИХ-ын сонгууль өнгөрөөд хоёр жил боллоо. Энэ хугацаанд та ер нь юу хийж байна. Улс төрийн байдлыг хэр ажиглаж байна?
-Улс төрийн амьдралыг сонирхолгүй яах вэ. Ардчилсан намтай “Шударга ёс” эвсэл хамтраад засаг барьж байна. Засаг барьж байгаа намын хувьд Засгийн газрын ажилд байнга л чих тавьж, улс төрийнх нь хувьд оролцох үедээ оролцоод явж байгаа. Тэрийгээ заавал зарлаад, рекламдаад, шоудаад байх шаардлага байхгүй. Эрх барьж байгаа бол чи ажлаа л хий гэсэн үг. Түүнээс биш шоудах сонин биш.
-Хамтарч засаг барьж байхад МҮАН-ын тулгуур үзэл баримтлал, дадлага төрийн бодлогод сууж өгч байна уу. Ер нь өөрсдийн бодлогоо асуудлуудад оруулж өгөхөд хэр ахицтай байна гэж та үзэж байгаа вэ?
-Сонгогчдын өгсөн саналыг хүндэтгэхгүй бол болохгүй. Хэдийгээр бид засагт орж ажиллаж байгаа ч гэсэн бидэнд өгсөн санал АН-д юм уу МАН-тай харьцуулахад хамаагүй бага. Тэгэхээр бид өөрсдийнхөө авсан саналын хэмжээнд даруухан ажиллах хэрэгтэй. Тэгэхгүй бид засагт орсон гээд өөрийнхөө ийм юм хийх ёстой, тийм ч юм хийх ёстой гээд тулгаад байж болохгүй. Гэхдээ бид бусдад өөрсдийнхөө итгэл үнэмшлийг бусадтай хуваалцаж, тэднийг итгүүлж, тэд итгэж бидэнтэй ажиллаж чадаж байна. Бид нэгдсэн үйл ажиллагаанд хүрэх зорилгоор явж байгаа болохоос биш энийг хий, тэрийг хий гээд шахаад байж болохгүй. Тэгвэл сонгогчдоо хүндэтгээгүй хэрэг болно. Гэхдээ нэг сайн өөрчлөлт нь монголчууд яг өөрийнхөө суурь үзэл дээр бууж байна. Тэрийг зориуд тэмдэглэж хэлэх ёстой гэж бодож байна.
-Танай эвслийн мөрийн хөтөлбөр хэр биелэлттэй яваа вэ. Засгийн газарт яг ямар хөтөлбөрүүд орсон бол?
-Би түрүүн хэлсэн. Сонгогчдоос олонхын санал аваагүй. Тийм учраас бид манай мөрийн хөтөлбөр хэрэгжсэн байх ёстой гэж сонгогчдын өмнө очих эрх байхгүй. Тийм ёс суртахууны үүрэгтэй ч биш. Гэхдээ бидний хөтөлбөрт орсон зүйлээс АН Засгийн газраа байгуулсны хувьд авч хэрэгжүүлээч ээ гэж хэлж байгаа зүйл зөндөө бий. Дүнг нь сонгууль дөхөж байж хэлье. Юу нь хэрэгжив, юу нь оров гэдгийг тэр үед л хэлнэ.
-Та нэг хэсэг засаг удирдаж явсан хүний хувьд Ерөнхийлөгчийн санаачилсан “давхар дээл”-ийн хуулийн талаар ямар бодолтой байна. УИХ-ын гишүүн хүн Засгийн газрын гишүүн байх нь хэр оновчтой гэж боддог вэ?
-Засаглал хуваах, эрх мэдэл хуваах төрийн эрх мэдлийг хуваах онол талаасаа бол хууль тогтоох эрх мэдэл, гүйцтэгэх эрх мэдэл хоорондоо холилдохгүй байх нь хамгийн зохимжтой. Хууль тогтоогч дотор нь суучихаад, засаглал нь ч дотроо орчихоод байхаар төрийн харилцан хяналт хариуцлага маш их сулардаг. Тэр утгаараа “давхар дээл” тайлъя гэдэг санаачилга зөв. Гэвч “давхар дээл” тайлна гэдэг сайхан зорилгын хажуугаар засаг төрийг үймүүлнэ, тогтворгүй байдалд оруулна гэсэн ийм үйлдэлтэй хавсрах юм бол буруу болчихоод байгаа юм. Тийм учраас үүний ялгааг гаргаж ажиллахад хэцүү байх шиг байна л даа. Би тэр утгаараа болж байгаа үйл явдлыг зүгээр л тэвчээртэй харж байна гэж хэлмээр байна.
-Та шинэчлэлийн Засгийн газарт ажиглагчийн байр сууринаас ямар дүн тавьж байна?
-Шинэчлэлийн Засгийн газарт хийж байгаа ажил зөндөө байгаа. Ялангуяа 2009 оноос хойш дэлхийн эдийн засгийн байдал тийм ч сайн биш байна. Санхүүгийн хямрал явагдаж байна. Санхүүгийн хямрал нь өөрөө эдийн засгийн хямрал болоод явж байгаа. Өнөөдөр дэлхий даяар энд тэнд бөөн будлиан, хэрүүл тэмцэл, дайн тулаан болж байгаа шүү дээ. Харин тийм нөхцөл байдлуудтай харьцуулахад Монголын байдал хамаагүй сайн тогтвортой байна. Тэр утгаараа шинэчлэлийн Засгийн газарт наалдах гавьяа байна.
Хэрвээ Чингис бондыг босгож чадаагүй байсан бол Монголын эдийн засаг өдий ийм хэмжээний байж чадахгүй. Бүтэх ч бай, бүтэхгүй ч Монголын алс ирээдүйд хэрэгтэй олон төслийг эхлүүлж чадахгүй байх байсан. Тэгэхээр энэ төслүүдийг эхлүүлэх гадаадад Чингис бондыг босгох зэрэг нь урьд нь Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл. Тиймээс иймэрхүү зоригтой алхмуудыг хийж байгаагаараа шинэчлэлийн Засгийн газарт давуу талууд байлгүй яах вэ. Гэхдээ дотроо дэндүү их зөрчилтэй байгааг шулуухан хэлэхгүй бол болохгүй. Дэндүү их зөрчилтэй, зарим сайд, дарга нь хариуцлага алдаж байгаа явдал зөндөө байна. Тогтвортой байдлыг хамгаална гэх нэрийн дор хариуцлагагүй байдал нуугдаад байдаг зовлон байна. Зовлонг нь ойлгож болно. Гэхдээ аргыг нь олж ажиллах хэрэгтэй л гэж бодож байна.
Зочин · 2014/06/07
За ёстой яг үнэн үг хэлчлээ. Дээр үед нэгэн ухаантай дарга нэг хурган даргыг - Бодлогогүй, бодолгүй идэвхтэй хүн нийгэмд хамгийн их аюул тарьдаг гэж загнаж байж билээ. Тэр яг санаанд орчихлоо. Тэмүүжин шиг бодлогогүй, бодолгүй бужигнуулдаг хүн нийгэмд хамгийн аюултай.
Зочин · 2014/06/07
За ёстой яг үнэн үг хэлчлээ. Дээр үед нэгэн ухаантай дарга нэг хурган даргыг - Бодлогогүй, бодолгүй идэвхтэй хүн нийгэмд хамгийн их аюул тарьдаг гэж загнаж байж билээ. Тэр яг санаанд орчихлоо. Тэмүүжин шиг бодлогогүй, бодолгүй бужигнуулдаг хүн нийгэмд хамгийн аюултай.