Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хуулийн төсөл нэрийн дор Эдийн засгийн өршөөлийн хууль гээч орж ирсэн нь олны гайхширлыг бараад буй.
Яг 2008 онд баталсан “Татварын өршөөлийн тухай хууль”-ийг дагаж орж ирсэн хэдхэн том компанийн эрх ашигт нийцсэн хууль шиг зүйл болж байна. Үүнийг хойш өгүүлэх болно. Энэ сургаар их мөнгө завшсан хэргээр аавын хаалга татсан цагаан захтнууд алга хавсран суугаа тухай яриа ч дэгдэж байна. Нөгөө талаар гадаадын офшшор бүсэд их хэмжээний мөнгөн хадгаламжтай улстөрчид ч баярлаж байгаа нь ойлгомжтой. 
      Ингэхэд Эдийн засгийн өршөөлийн хууль эдийн засгийг эрчимжүүлэхэд ямар ч нэмэр болохгүй нь ойлгомжтой. Гэхдээ үүний цаана хэн гэж эрхмийн ямар эрх ашиг нуугдаж байгааг таахад бэрх. Ерөөсөө л эрх баригчид өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль баталдаг, тэр тусмаа өршөөлийн хэмээх хуулийг санаачилдаг, баталдаг. Харин хууль санаачлагчдын нэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлэхдээ “Эдийн засаг хүнд байдалд ороод байгаа энэ үед гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахаас гадна дотоодын сүүдрийн эдийн засгийг хууль ёсны болгож, эргэлтэд оруулахад эерэг нөлөө үзүүлэх чухал хууль” хэмээсэн. Яахав, энэ хуулийг баталснаар олигархиуд нуусан мөнгөө ил гаргаж, татвар төлнө гэсэн үндэслэлийг олон түмэнд харуулах гэсэн санаагаа хэлсэн хэрэг л дээ. 
       Тэгвэл мөн хууль санаачлагчдын нэг Сангийн сайд Ч.Улаан “хуулийн төслийн гол агуулга нь урьд өмнө нь ил тодоор эргэлтэд орж байгаагүй гадаад болоод дотоодод хадгалагдаж байгаа хөрөнгийг нэг удаа өршөөнө. Ингэхдээ элдэв татвар, хууль, мэргэжлийн байгууллагын шалгалт, энэ төрлийн дарамтыг огт үзүүлэхгүй байх. Тэрчлэн хаанаас, хэзээ, ямар арга замаар олж авсан бэ гэдгийг ч тодруулахгүй” гэж хэлсэн. Тодруулж хэлбэл, хулгай хийсэн ч өршөөнө, төсвөөс “хуссан” ч өршөөнө гэсэн санаа байгаа биз дээ. Алж талаад авсан ч өршөөнө гэсэн санааг шууд утгаараа хэлж байна. Хууль санаачлагчид ийм байр суурийг илэрхийлж байхад хэн ч хардана биз дээ. 
      Мөн энэ удаа өршөөсөн шиг өршөөх бөгөөд хэрэв хуулийн үргэлжлэх хугацаа дууссан хойно хэн нэгэнд нууц хөрөнгө байсан нь илэрвэл хатуу хариуцлага тооцдог болох зарчмыг гол болгосон гэх зэргээр ярьж байна. Хууль хэрэгжих хугацаа мөн л 2008 оны Татварын өршөөл үзүүлэх тухай хууль шиг зургаан сарын хугацаатай. Зургаан сарын хугацаанд ямар ч луйварчин идсэн уусан, нуусан бүгдээ нэг тийш болгочихгүй юугаа хийж суух билээ.  
     Эндээс харвал хууль санаачлагчид маань тус хуулийн төслийг хэн нэгэнд зориулсан байх магадлал харагдаж байгаа юм. Хамгийн наад захын жишээ гэхэд С.Баярцогт шиг гадаадын банкнаас их хэмжээний мөнгө нь илэрсэн тохиолдолд өршөөх юм байна. Хуулийг өргөн барьж байх үед төслийг санаачлагч Ч.Улаанаас “Эдийн засгийн хэргээр аавын хаалга татсан цагаан захтнууд өршөөгдөх үү” гэж асуухад “Мэдээж өршөөл үзүүлэх учраас хамрагдах боломж байгаа байх. Нарийн нягт асуудлуудыг нь Хууль зүйн яам боловсруулж байгаа” гэж байсан. Ч.Улаан сайдын байр суурийг харвал цагаан захтнуудын хэрэг өршөөлд хамрагдах бүрэн боломжтой гэдэг нь харагдана. Эх сурвалжийн хэлж байгаагаар Ч.Улааны хувьд МАХН-ын дарга Н.Энхбаяр авлигын хэрэгт татагдаж байх үедээ хураасан мөнгө, хөрөнгө зоорио нэг тийш болгосон. Тиймээс үүнийг өөрийн талд болгох хүртэл хугацаа хийгээд хууль хэрэгтэй учраас ийн улайрч байгаа хэмээсэн. 
      Харин хөндлөнгөөс Ч.Улаан, Х.Тэмүүжинтэй тохиролцоо хийсэн. Ингэхдээ Х.Тэмүүжинг огцруулах эсэх тухай хэлэлцэх үеэр Ч.Улаан “Манай бүлэг, фракц чиний талд баттай зогсоно. Чиний талаас өөр олон асуудал гарахаар байна. Тэгэхээр ямар ч үед чамайг хамгаална. Ийм эгзэгтэй үед чи массыг хамарсан зүйл хийх хэрэгтэй. Тэр нь өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл өргөн баривал өнөөдөр ч тэр, алс хэтдээ ч чамд хэрэгтэй. Энэ УИХ-д наадхи Өршөөлийн хуулийг чинь таалах хүн олон бий” хэмээн сэнхрүүлсэн бололтой юм. Өршөөлийн хуулийг таалах гишүүн олон байгаа гэдгийг ч Ч.Улаан сайд сайн мэдэж байгаа зэргээс харахад улстөр бизнесийн бүлэглэлийн оруулж ирж байгаа хуулийн төсөл гэдэг нь батлагдана. Энэ үед Х.Тэмүүжин суудлаа хэрхэн хамгаалж үлдэх тухай бодож байснаас цаад утга санааг ч ойлгоогүй. Хууль л санаачилж байвал сайн гэх харалган бодлоор Ч.Улаантай хамтарчээ гэх. Нөгөө талаар АН-тай холбоотой нөлөө бүхий эрхмүүд Х.Тэмүүжинг өмнөө барьж, Ч.Улааны захиалгатай хавсарснаар ийнхүү хуулийн төсөл өргөн барих шалтгаан болсон гэжээ. Аль нь ч байж болох талтай.  
      Эдийн засгийн гэх тодотголтой Өршөөлийн хуулийг нягтлахаар ерөөсөө авлигачдад зориулсан гэдэг нь аль ч талаасаа илт. Түүнээс биш жирийн иргэн зээл аваад төлж чадаагүй, эрүүгийн хариуцлага хүлээсэн бол түүний ялыг хөнгөлөх юм уу, суллаж явуулахгүй нь мэдээжийн хэрэг. Өнөөх л их хэмжээний мөнгө идэж уусан цагаан захтнуудад зориулсан хууль гэдэг нь хэнд ч ойлгомжтой харагдаж байна. Түүнээс биш энэ хууль эдийн засгийг эрчимжүүлэхэд ямар хэрэгтэй юм бэ. Офшшор бүсэд их хэмжээний хадгаламжтай улстөрчид мөнгөө гаргаж ирээд улсын төсөвт татвар нэрийн дор тушаах уу. Ёстой солиор биз. Тэр мөнгө дотоодын зах зээлд эргэлдэх үү. Тийм зүйл хаа ч байдаггүй юм.   
      Юутай ч ардчиллын түүхэнд батлагдсан өршөөлийн хуулиуд бидэнд сайн зүйл авчирсангүй. Аливаа ойн баяраар өршөөлийн хууль гаргаж, гэмт хэрэгтнүүдийг сулладаг. Тэд нар нь гарсан даруй онц хүнд гэмт хэрэг үйлдээд буцаад хорих ялаар шийтгүүлдэг, илүү хохирол амсаж үлддэг бичигдээгүй хуультай. Зөвхөн эдийн засгийн талаас нь аваад үзвэл дээр дурдсанчлан 2008 онд Монгол Улс Татварын өршөөлийн тухай хуулийг баталсан. Энэхүү хууль одоо ч хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Гэхдээ 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших хэрэгт хууль үйлчлэхгүй гэсэн агуулгатай хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. 

      Энэ хуулийг батлахад бас нэг ойлгомжгүй нэртэй хуулийг баталсан нь тухайн үед цөөн хэдэн компанид боломж олгосон байдаг. Тодотговол Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай хуулийн төслийн хамт Эдийн засгийн өршөөл үзүүлэх тухай хууль гэж ямар ч ойлгомжгүй хууль орж ирж байгаатай яг адилхан гэсэн үг. Тухайн үед хууль санаачлагчид тайлбарлахдаа “Татварын зарим хууль ба нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх хуулийг зургаан сарын хугацаатай хэрэгжүүлснээр далд байсан мөнгийг илрүүлж, эдийн засагт томоохон хөрөнгө оруулалт хийнэ” гэж байсан. Тэгвэл өнөөдрийн хууль санаачлагчид ч “Монголын далд эдийн засагт хичнээн тэрбум ам.доллар эргэлдэж байгааг хэлэх боломжгүй. Тэгвэл Эдийн засгийн өршөөлийг хуулийг баталж чадвал дор хаяж 4-5 тэрбум ам.долларыг далд эдийн засгаас олох боломж бүрдэх юм. Мөн гадаадын оффшор бүсэд нуугдсан их хэмжээний хөрөнгө Монголд орж ирнэ” гэж байгаа юм. Бас болоогүй ээ, далд байгаа мөнгийг хууль санаачлагчид нь мэдэж байдаг нь ч юу билээ дээ. 

       Хуулийн язгуур санаа нь нуусан мөнгийг ил гаргаж татвар авна гэсэн санааг л харуулахыг зорьсон нь байр сууриас илт байна. Өөрөөр хэлбэл 2008 онд батласан Татварын өршөөл үзүүлэх тухай хууль шиг тайлбарлаж байгаа ч цаана нь өөр агуулга нуугдаж байгааг хэн ч мэднэ дээ. Эдийн засгийг эрчимжүүлэх нэрийн дор нуугдан орж ирж байгаа Өршөөлийн хууль нь улсын эдийн засагт мөнгө оруулах үүрэгтэй хэмээн тайлбарлах нэгэн байгаа хэдий ч үүний цаана цөөн олиграхиудын эрх ашиг нуугдаж байгаа. Дээр дурдсанчлан 2008 оны Татварын өршөөлийн хуулийн дор цөөн хэдэн компаниуд байсан. Үүнийг дурдаж нэрлээд яахав. Яг л үүн шиг зүйл хийж байна. 
 
С.Баяр