-Эдийн засгаа аврах уу, тусгаар тогтнолоо аврах уу-

“Монголын уул уурхайн салбар 2013 онд оргил үедээ хүрнэ” гэж судлаачид дүгнэж байсан нь саяхан. Гэвч өнөөдөр уул уурхайгаас хараат манай эдийн засаг гацаанд орж эхэллээ.

“Standard and Poor’s” агентлаг манай зээлжих зэрэглэлийг багасгаж, үүнтэй зэрэгцээд гадаадын хөрөнгө оруулалт 40 гаруй хувиар буурав. Манай экспортын 96.2 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлдэг. Түүний дийлэнх хэсэг нь нүүрсний экспорт. Тэгэхээр манай эдийн засгийн уналт нүүрсний зах зээлээс шууд хамааралтай гэсэн үг юм. Харин нүүрсний салбар хямарсан шалтгаан нь Хятадын бодлого, цаашилбал, “Чалко”-той байгуулсан гэрээтэй холбоотой болж таарч байна.

Монголд нүүрсний олборлолт хийж байгаа компаниудын дийлэнх нь сул зогсолт  хийх болсон. “Энержи Ресурс” л гэхэд ирэх сарын 1-31 хүртэл олборлолт хийхгүй гэдгээ мэдэгдлээ. Харин Овооттолгойд хэдэн сарын турш нүүрс олборлоогүй “Саусгоби сэндс” их хэмжээний алдагдал хүлээснээ зарласан юм.

Өнгөрсөн намар л гэхэд жижиг “Тавантолгой”, “МАК” тэргүүтэй компанийн нүүрсний тээвэрлэлт зогссон. Тэдний нүүрсийг уурхайн аман дээрээс худалдаж авдаг тээвэр ложистикийн “Винсвэй” компани үнээ буулгахыг шаардсан гэх мэдээлэл хэвлэлээр гарч байв. Хятадын талаас нүүрс, төмрийн хүдэр худалдаж аваагүйгээс болж Эрээнд таван сая тонн төмрийн хүдэр гацаанд орчихоод байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Хятадын Засгийн нүүрсний бодлого Монголын эдийн засгийг хямраасан юм. Энэ бүхэн нь тус улсын төрийн мэдлийн компани болох “Чалко”-той байгуулсан гэрээг манай талаас өөрчлөх хүсэлт тавих үетэй давхцаж орхив. Хятад нүүрсний импортоо бууруулж байгаа ч огт авахаа больсон гэсэн үг биш. Гэтэл яагаад манай нүүрсийг авахаа больж, компаниудын нүүрсний агуулах дүүрчихэв. Энэ бол “Чалко”-гоос болсон. Яагаад “Чалко” гэж. Тэгвэл ганцхан жилийн өмнөх түүх сөхье.

ДАНСАНДАА МӨНГӨГҮЙ БОЛЖ ӨРТЭЙ ХОЦОРСОН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”

Алдагдал хүлээж байгаа компаниудын тэргүүн эгнээнд “Эрдэнэс Тавантолгой” компани орно. Тавантолгойн Зүүн цанхийн нүүрсийг “Чалко”-д нийлүүлэх гэрээ байгуулсан тус компани өнөөдөр үйл ажиллагаагаа явуулах ч мөнгөгүй болжээ. Нөгөө талдаа ашигтай гэрээ байгуулсныхаа төлөөсөнд урьдчилгаа болгож авсан 350 сая ам.доллар нь аль хэдийнэ үрэн таран болоод дууссан байна. Яагаад гэвэл өмнөх Засгийн газар иргэдэд бэлэн мөнгө болгон тараасан учраас тэр юм. Ийнхүү хөрсөн доороо асар их баялагтай хэрнээ Тавантолгойгоос ашиг олох нь бүү хэл, алдагдалд орж, өрөндөө баригдаж хоцорсны шалтгааныг гэрээ байгуулсан хүмүүсээс эрэх учиртай.

Өмнөх засгийн үед Монголын талыг ахалж тухайн үед байсан Ерөнхий сайд С.Батболд, Уул уурхай, эрдэс баялгийн сайд Д.Зоригт, “Эрдэнэс Тавантолгой”-н захирал Б.Энэбиш нар гэрээг үзэглэсэн юм. Харин “Чалко”-гоос зээлж авсан 250 сая ам.долларыг Хүний хөгжил сан руу шилжүүлж, иргэдэд 21 мянган төгрөг болгон тараасан. Хожим нь УИХ-ын сонгуулийн өмнөхөн дахин 100 сая ам.долларын зээл авч, хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настай иргэдэд өгснөөр энэ мөнгө дуусчээ. Үйл ажиллагааны зардлаа олохын тулд дотооддоо “Голомт” банкнаас 16 хувийн хүүтэй 131 сая ам.доллар, Хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар зээлж авчээ. Ингээд тэр мөнгөөрөө энэ оны нэгдүгээр сар хүртэл олборлолт хийгээд зогссон байна. Энэ тухай “Эрдэнэс Тавантолгой”-н шинэ захирал Я.Батсуурь мэдээлж байв. Тэгэхээр амлалтаа биелүүлж, дараагийн сонгуульд ялалт байгуулах гэсэн эрх баригчдын гарт “Чалко”-гийнхон мөнгө атгуулж байгаад гэрээ байгуулчихсан гэхэд буруудахгүй юм.

Ямартай ч манай талаас гэрээгээ шинэчлэх санал гаргаж энэ талаар ид хэлэлцэж байгаа. Гэхдээ “Чалко”-гийн ерөнхийлөгч Ли Донгуан “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа “Монголын тал гэрээний аливаа нэгэн заалтаас ухрахыг завдвал гэрээний дагуу нөхөн төлбөр шаардаж, хуулийн байгууллагад хандана” гэжээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр бол мөнөөх нөхөн төлбөр гэдэг нь 50 орчим сая ам.доллар аж. Өөрөөр хэлбэл, тэд хэлсэн амнаасаа буцах нь гэж биднийг буруутгаж байна. Гэтэл “Чалко”-той байгуулсан гэрээнд нэг талыг барьсан олон заалт орсонд асуудал байгаа юм. Тэр дунд чухам юу багтав.

ЗАХ ЗЭЭЛИЙН ХАНШААС 20 ХУВИАР ДООГУУР ҮНЭЛСЭН ТАВАНТОЛГОЙН НҮҮРС

Анх байгуулсан гэрээ ёсоор бол “Эрдэнэс Тавантолгой” компани Зүүн Цанхийн уурхайгаас “Чалко”-д нүүрс нийлүүлэхээр болсон. Ингэхдээ дөрөвдүгээр давхарыг нүүрсийг нь тонн тутамдаа 70 ам.доллараар үнэлсэн юм.

Тухайн үед олон улсын зах зээл дээр нүүрсний үнэ маш өндөр байсан. Нэг тонн нүүрс нь ойролцоогоор 120 орчим ам.доллар байсан гэдэг. “Энержи Ресурс” л гэхэд боловсруулаагүй тонн нүүрсээ 90 ам.доллараар худалдаж байв. Харин манайх гэрээ байгуулсны дараа гадны хэвлэлүүдэд “Монголчууд Тавантолгойн нүүрсээ зах зээлийн ханшаас 20 орчим хувиар доогуур үнэллээ” хэмээн бичиж байсан юм. Гэрээнд заасан ёсоор бол нүүрсний үнийг Хятадын зах зээл дэх ханштай уяж хэлбэлзүүлэхээр тогтсон. Гэтэл өнгөрсөн оны дунд үеэс тус улсын Засгийн газар гэнэтхэн бодлогоо өөрчилж, импортоо бууруулснаас нүүрсний үнэ унаж эхэлжээ.

Ингээд эцэст нь Зүүн Цанхийн нүүрсийг тонн тутамд нь 53.6 ам.доллараар худалдах болж. Гэтэл уурхайгаас олборлож, тээвэрлэх зардал нь 58 ам.доллар. Анх 70 ам.доллараар үнийг нь тогтоох үед ч зардал нь мөн л ийм байсан. Тэгэхээр ердөө 10 орчим ам.долларын ашгийг тонн нүүрс тутмаас олно гэж тооцож анхны гэрээгээ байгуулсан болж таарч байна. Нүүрсний зах зээлийн оргил үе дээр нь шүү. Гэрээ ёсоор “Чалко”-д таван жилийн хугацаанд 15 сая тонн нүүрс нийлүүлэх ёстой. Харин тэр нүүрснийх нь 70 хувийг “Чалко” авч, үлдсэнийг нь өөр зах зээл рүү худалдаж байж. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьд өнгөрсөн хугацаанд олборлолт хийсэн нүүрсээ хямд үнээр худалдах замаар 13 хувийн хүүтэй зээлээ төлсөөр явав. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр бол одоогоор “Чалко”-д төлөх ёстой үлдэгдэл мөнгө нь хүүтэйгээ нийлээд 186 сая ам.доллар байгаа юм.

Ингээд ашиггүй гэрээ байгуулсныг мэдсэн шинэ Засгийн газар гэрээг өөрчлөх санал хүргүүллээ. Гэвч “Чалко” үүнийг эсэргүүцэж, хэлэлцээр одоо болтол үргэлжилсээр байна. Тэдний зүгээс “Хэрэв гэрээг цуцалбал нөхөн төлбөр авна” гэж байгаа. Харин тэр нь 50 сая ам.доллар гэнэ. Түүнчлэн аль болох гэрээгээ цуцлахгүй байхыг эрмэлзэж манай талд хэд хэдэн санал тавьсан байдаг. Тэр дунд нь “Эрдэнэс Тавантолгой”-н тээвэрлэлтийн зардлыг өгөх, дахин зээл олгох гэх мэт санал багтжээ. Энэ тухай “Чалко”-гийн ерөнхийлөгч “Ройтерс”-т өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. Гэхдээ Монголын тал үүнийг хүлээж авахгүй байсаар өдийг хүрчээ. Монголоос Бээжинд суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар энэ талаар “Wall Street Journal”-д өгсөн ярилцлагадаа “Чалко” олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл тулгаж, манай Засгийн газарт мөнгө санхүүжилт хэрэгтэй байгаа энэ үеийг ашиглаж байна” гэсэн юм.

 

“ЧАЛКО”-ТОЙ БАЙГУУЛСАН ГЭРЭЭНЭЭС ТАТГАЛЗАХ БОЛОМЖ БИЙ ЮУ

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” компани дансандаа мөнгөгүй болж байгаагаас үйл ажиллагааны зардлаа ч дийлэхээ больж, төв оффисуудаа нэгтгэж, ажилчдынхаа амралтыг өгч, цалинг нь бууруулжээ. Шатахууны хэрэглээ гэх мэт илүү дутуу зардлаа ч танасан байна. Гэвч барахгүй л байна. Харин “Ройтерс” тэргүүтэй гадны хэвлэлүүдэд “Тавантолгой” төсөл ангалын ирмэг дээр очжээ” хэмээн бичиж эхлэв. Өмнөх засгийн үед “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г олон улсын хөрөнгийн бирж дээр гаргах тухай их ярьсан. Гэвч ямар азаар ажил хэрэг болоогүй юм бэ гэж баярлахаас биш. Хэрэв гаргачихсан байсан бол өдийд ханш нь огцом унах байлаа.

“Чалко” бол Хятадын төрийн мэдлийн компани. Тийм учраас “Эрдэнэс Тавантолгой”-той байгуулсан гэрээг нь Хятадын Засгийн газар анхааралдаа авсан гэж дүгнэж болохоор. Үүнийг нотлох мэт тус улсаас Монголд суугаа Элчин сайд Ван Шао Лун “Нүүрсний үнэ өөрчлөгдсөн нь зах зээлийн хүчин зүйлээс шалтгаалсан.

“Эрдэнэс Тавантолгой”-н санхүү хэцүү байгаа нь “Чалко”-гоос хамаараагүй. Тэгэхээр үүний бурууг Хятадын талд хүлээлгэвэл бодит байдалд нийцэхгүй” хэмээн мэдэгдэж, “Чалко”-гийн байр суурийг хамгаалсан юм. Тэгэхээр хүмүүсийн хардлага оргүй хоосон гэж хэлж бас болохгүй юм. Нөгөө талаасаа бол тэртэй тэргүй зах зээл нь хумигдаж байгаа Хятадыг бид яагаад аргадах ёстой вэ гэдэг асуулт гарч ирж байна. Хятадад нүүрсний үнэ унаж байхад цөмийн станцуудаа хааж байгаа япончууд харьцангуй өндөр үнэ санал болгож байгаа юм.

Агуулахууд нь нүүрсээр дүүрч, олборлолтоо зогсоосон “Эрдэнэс Тавантолгой”-н хувь заяаг нэн даруй шийдвэрлэх шаардлага байгаа. Зуны халуунд удаан хадгалсан нүүрснийх нь чанар муудахаас эхлээд олон аюул бий. Тиймээс олборлосон хэдийгээ яаралтай худалдах хэрэгтэй байгаа юм. Гэвч “Чалко”-той байгуулсан гэрээг өөрчлөх хэлэлцээр ямар шатандаа яваа нь одоо болтол тодорхойгүй хэвээр байна.

Харин “Чалко”-гийн зүгээс санал болгож байгаа зүйл нь дахин зээл өгөх бололтой. Сангийн сайд Ч.Улаан саяхан сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Чалко”-той байгуулсан гэрээг 100 хувь үгүйсгэж, Хятад руу нүүрсээ гаргахгүй гэх нөхцөл тавьж огт болохгүй. Одоо бол зөвхөн үнийн тухайд л тохиролцох асуудал байна. Тэгж чадвал нүүрсээ бүгдийг нь ч өгөх сонирхол байна. Яагаад гэвэл тэрнээс цаашаа хол тээвэрлэбэл бид илүү зардал төлнө” хэмээн хэлсэн.

Гэхдээ төрийн мэдэлд байдаг хамгийн том нүүрсний ордынхоо хамгийн ашиг ихтэй талбайн нүүрсийг бүгдийг нь ганцхан компанид нийлүүлнэ гэж хэлэх нь хэр оновчтой бол. Тэдний талд ашигтай гэрээ байгуулсныхаа хариуд “Эрдэнэс Тавантолгой” дампуурлын ирмэгт очоод байгааг юу гэж тайлбарлах вэ.

Уг нь бүх нүүрсээ ганцхан компанид хямд үнээр өгөхийн оронд олон хөрөнгө оруулагчидтай хамтарч, тэднийг хооронд нь өрсөлдүүлэн  харьцангуй уян хатан байдлаар үнийг нь тогтоох боломж байсансан. “Танайхтай хамтаръя” гээд бэлхнээ гуйгаад ирж байгаа Япон, Өмнөд Солонгосын компаниуд байхад зөвхөн “Чалко” руу гүйнэ гэдэг үндэсний аюулгүй байдалтай холбогдох асуудал юм. “Чалко”-гийн эрх ашиг тусгаар тогтнолын үнэ цэнтэй. Энэ тухай нийтлэлийг дараагийн дугаарт хүргэе.

Т.Элиса