Тээврийн прокурорын газраас 7 автомашин мөргөж, хүүхэд дайрсан иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөж, явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Тэгвэл Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилан хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 11-нд хийхээр товлосон байна.