"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Г нарын гурван хүний цагдан хорих хугацааг нэг сар сунгах саналыг шүүхэд хүргүүлжээ
2023/01/03
Нийслэлийн Прокурорын газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Г нарын гурван хүнд авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг сунгах саналыг шүүхэд хүргүүлжээ.
Тодруулбал, нийслэлийн Прокурорын газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Г нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Н болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн Э, Д, Э нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзсэн.
Иймд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан Г, Э, Э нарыг цагдан хорих хугацааг нэг сараар сунгах саналыг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хүргүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх прокурорын саналыг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хэлэлцэнэ.