XXI зуун мэдээллийн зуун гэх үг мэдээж сайхан сонсогддог. Мэдээллийн технологийн үр шимийг монголчууд бид ч хангалттай хүртэж байна. Гэхдээ энэ технологид суурилан дэлхий дахинд хүчээ аваад байгаа мэдээллийн дайнд монголчууд хамгийн ихээр хохирч, ялагдагч болчихоод байгааг ярих нь ховор байна.

 

Уг нь мэдээллийн дайн зөв бодлого тууштай явуулж чадвал ялагдлаас гарч, хохирлоо нөхөж болдог, сул дорой нь ялж ч болдог онцлогтой.  Үндэсний болоод нийгмийн аюулгүй байдлын түвшинд нухацтай авч үзэх ёстой энэ асуудалд Монголын төр, монголчууд хэрхэн хандаж байгааг шалгасан үйл явдлууд өдөр бүр өрнөж байна.

 

Сүүлийн жилүүдэд мэдээллийн дайн цахим технологид суурилан сошиал медиа, нийгмийн сүлжээгээр дамжин өрнөдөг болсон нь энэ дайны цар хүрээ, хохирлыг үлэмж нэмж байна. Тухайн улс орон хэр түвшинд цахимжсанаас мэдээллийн кибер дайны талбар болох эрсдлийн түвшин хамаарна гэсэн үг. Цахим технологи нэвтрэлтийн хувьд монголчууд цойлж яваа ард түмний нэг. Эхлээд ганц нэг тоон үзүүлэлт дурдъя. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-гаар “Монгол Улсын 335 сум, суурин газарт өндөр хурдны интернэт сүлжээ орсноор нийт өрхийн 80 хувь нь интернэт хэрэглэж байна. Мөн үүрэн холбооны хэрэглэгчдийн тоо жил бүр өсөн нэмэгдэж, 2021 оны байдлаар нийт иргэдийн 97.6 хувь нь гар утас хэрэглэж, үүнээс ухаалаг гар утасны хэрэглээ 84.7 хувьд хүрсэн. 

 

Монгол Улсын 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 98 хувь нь үүрэн утас, үүнээс 90.4 хувь нь ухаалаг утас сүүлийн гурван сард хэрэглэсэн байна”. Энэ бол дэлхийн дундаж үзүүлэлттэй харьцуулбал маш давшингуй үзүүлэлт. Гэхдээ интернэт хэрэглээний чанарын үзүүлэлт асар муу байна. Өөрөөр хэлбэл IT технологийн хэрэглээний соёлд маш том хар нүх үүсчихээд байна гэсэн үг.

 

Дахиад нэг жишээ авъя. Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 онд явуулсан “Иргэдийн интернэтийн хэрэглээний талаарх суурь судалгаа”-нд хамрагдагсдын 78.7 хувь нь Facebook-т орохын тулд интернэт ашигладаг, ФБ хуудсанд лайк дарагчдын тоо дэлхийн дундач үзүүлэлтээс 3 дахин илүү, сэтгэгдэл бичих тоо 2.2 дахин илүү, хувь хүний нэг өдөрт интернэт ашиглах хугацаа 7 цаг гэсэн үзүүлэлтүүд гарсан байна. Монголчууд өдөрт интернэтэд зориулж буй цагийнхаа 30 хувийг ажил, сургалт зэрэгт, үлдсэн 70 хувийг бусад зорилгоор ашиглаж байгаа гэдэг нь энэхүү судалгааны дүнгээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл, монголчууд интернэт хэрэглээнийхээ 30 хувийг өөрийгөө хөгжүүлэх, амьдралаа сайжруулахад зориулаад үлдсэн хугацааг тоглоом тоглох, элдэв мэдээлэл сонирхох зэргээр үр ашиг муутайхан үрж байна гэсэн ерөнхий дүр зураг тодорч байна. Тэр тусмаа манай интернэт хэрэглэгчдийн бараг 80 хувь нь фэйсбүүкт цаг өнгөрөөж байна гэсэн үг. Фэйсбүүк бол хатуухан хэлэхэд  интернэт гэдэг олон өрөөтэй орд өргөөний хэрэгтэй хэрэггүй хог новшоо хураадаг үүдний өрөө, гэрээр бол хөлийн авдар төдий эд. Жинхэнэ эрдэнэсийн санд нь цааш гүнзгий орж байж л хүрнэ.

 

Гэтэл бид болохоор улс орны тулгамдсан асуудлыг ч фэйсбүүк хэрэглэгчдийн санал сэтгэгдлийн аясаар шийдчих гээд байх юм. Энэ бол туйлын буруу жишиг. Сошиал медиа хийгээд сүлжээний сүүдэртэй тал, түүнээс урган гарах одоогийн хийгээд хожмын үр дагаврыг тооцохгүй байна гэсэн үг.

 

Саяхан Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нь Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль батлуулаад өөрөө цахим илдэнд цавчуулсан нь үүний тод жишээ. Уг хуулийн төсөл, УИХ-аар батлахдаа оруулсан өөрчлөлтүүдийг хараад цаг үеэ олсон хэрэгтэй хууль болжээ гэж судлаачийн хувьд талархан хүлээж авсан. Харамсалтай нь олон нийт түүний ач холбогдлыг ойлгоогүй. Уг хууль дахь олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах талаар баримтлах  үндсэн зарчмуудад нийгэмд  харш сөрөг зүйл нэг ч алга. Хууль дээдлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, бусдын нэр төр, алдар хүндийг эрхэмлэх, хувийн мэдээллийг хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангахад буруу зүйл юу байна?

 

Үндэсний өв соёл, ёс заншил, түүх соёлын үнэт зүйлийг гутаан доромжлох, цахим сүлжээ ашиглан залиалан хийх, хүүхдийн бие махбод, оюун санаанд сөргөөр нөлөөх, хүчирхийлэл садар самууныг уриалах сурталчлах, үндэсний эв нэгдлийг бусниулах зэрэг агуулга бүхий зөрчилтэй контентыг хянан шийдвэрлэж яагаад болохгүй гэж?

 

Ийм зохицуулалт хийх цаг аль хэдий нь болсон. Асуудал хэрээс хэтэрсэн. Хүссэн нэгнийгээ цахим орчинд гутаан доромжилж, заналхийлж, харааж дарамталж, хүмүүн бус авир гаргах зөв гэж үү? Эрчүүд бүү хэл, эмэгтэйчүүд маань хүртэл салаавч үзүүлж, амнаас гарамгүй үгээр харааж, зэрлэг бүдүүлгээрээ гайхуулах нь эрх чөлөөний илэрхийлэл үү? Хүүхдүүд нэгнээ гадуурхан доромжилж, зодож нүдэж байгаа бичлэгээ чөлөөтэй түгээх нь зөв үү? Олны танил эмэгтэй троллууд бид нар амаа үдүүлэхгүй гэсэн мэдэгдлийг олон нийтийн сүлжээнд хээв нэг хийж байхыг хараад би л лав цочирдсон. Тролл гэж хэнийг хэлдгийг бүгд мэднэ дээ. Сүүлдээ хуулийн агуулгыг орхиод хууль санаачлагчийн хувийн амьдрал, удам судар, өндөр настай аав,  өвчин зовлонг нь шүүж, гүтгэж доромжилж эхэлсэн. Н.Учрал залуу хүн, ийм хатуу дайралтад өртөж үзээгүй учраас нэг их удалгүй буулт хийж, нугарчих шиг харагдсан. Уг нь хууль, хувийн асуудал хоёр хоорондоо даанч хамааралгүй юмсан.

 

Монголынхоо эрх ашгийг хамгаалж дуугарсан бүхнийг ийм зэрлэг аргаар нугалж хугалж, дуугүй болгодог бохир технологи хэрэгжээд удаж байна. Хувь хүнийхээ тухайд ч, эрдэмтэн судлаачийн хувьд ч энэ асуудлыг би дэндүү сайн мэддэг учраас “Худал мэдээний эсрэг аян” зарлаж, хуультай болъё гэж олон жил уриалаад үр дүнд хүрэхгүй яваа.

 

Тийм хуультай байлгах, монголчуудыг ёс суртахууны ялзралаас хамгаалахыг хүсдэггүй далдын хүчин маш бодитой оршдогийг энэ олон жилд сайтар мэдэрсэн. Монголын төлөө гэж зөв дуугарсан бүхнийг сэтгэл зүйгээр нь нугачин дардаг байдал олон жил үргэлжилж байна. Ээж минь олон жил хэвтэрт байгаад ная гарсан насандаа өөд болж, ажил явдал нь болж байх үеэр “Галааридын ээж нь гэж нэг луйварчин авгай хүүтэй адилхан залилан хийгээд явдаг” гэх мэдээллийг сошиалаар зориуд түгээж байсан нь олон жилийн өмнө түүх. 

 

“Галаарид гадаадын тагнуул гэдэг нь батлагдсан” гэж твиттерт олон арван мянган дагагчтай нэгэн жиргэж, түүнийг нь тухайн үеийн төрийн 3 өндөрлөгийн нэг өөрийнхөө твиттерээр түгээлцэж байсан түүх саяхных. Идсэн уусан, залилан луйвар хийсэн, авлига авсан адгийн шаар гэх дайралтад олонтаа өртөж, овоо хэдэн троллыг хооллож, хөөрхий хууль хяналтын байгууллагынхны цагийг мөн ч их алдуулсан даа.

 

Хамгийн сүүлд МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүний сонгуульт хугацаа дуусч, ямар нэгэн албан тушаалгүй сул иргэн болсноор энэ бүх дайралтууд  сая нэг юм зогссон. Тэр үед намайг гүтгэж дайрч байсан хүмүүсийн зарим нь энд тэнд таарахаар эгц харж чадахгүй гөлөлзөж, олонхи нь сэмхэн уучлалт гуйсан ч олон нийтийн ой санамжинд миний тухай хар мэдээлэл сүрхий гүн бат шингэж үлдсэн нь мэдрэгддэг. Энэ бүхнийг даван туулахад хэнд ч дээрэлхүүлэхийг хүсдэггүй, албан тушаалтны өмнө бөхөлздөггүй, хэний ч нүд рүү нь харж байгаад үнэнийг хатуухан хэлчихдэг, яаж ядравч бууж өгдөггүй сэтгэлийн хат  минь тус болсон. Гэхдээ л сошиал гүтгэлэг дайралтад орсон хүн, түүний гэр бүл сэтгэлзүйн ямар хүнд байдалд ордгийг сайтар мэдэрсэн. Миний хувьд архи уултай нь биш, хүн болгонд тайлбарлаад явалтай нь биш, урвайж унжийж гэр бүлийнхнээ уруу таталтай нь биш хачин байдалд орж, эцэст нь арван хэдэн жил завсарласан тамхиндаа эргэж буцалтгүй орсноор дууссан даа.

 

Энэ он жилүүд яруу найрагч О.Содномпилийн нэгэн шүлэгт өгүүлдэг “намайг тойрон эргэлдсэн дагуул гаригууд”-ын хэн нь хэн байсныг яруу тод ялгаж өгсөн учраас би талархдаг. Надад дургүй хүний хамтрагч нь болж,  бодит үнэнийг мэдэхгүйн улмаас  дэмжигч нь болж, эсвэл өөрийгөө бусдын анхааралд өртүүлэхийн тулд намайг бай болгон сошиалаар нүдэж байсан хүмүүст би гомддоггүй.

 

Яагаад гэвэл монголчууд нийтээрээ сошиалын түрэлтэд бэлэн байгаагүй, хүн болгон мэдээлэл хүртэх, түгээх, өөрийгөө илэрхийлэх энэ сайхан боломжийг  ёс зүй, хариуцлагаар хашиж өгөхгүй бол үндэсний үнэт зүйлс алдагдана, хүнээ байцгаана, түүнээс болж нийгмийн ухамсар доройтно, ёс суртахууны уналтанд нийтээрээ орно, тэр бүү хэл төрийн бодлого шийдвэр хүртэл сошиалд дөрлөгдтөлөө доройтно гэдгийг угтаж харж чадаагүй, урьдчилан сэргийлж, хамгаалалт хийж чадаагүй, тэгэх цаг ч байгаагүй. Гэвч өнгөрсөн хугацаанд сошиал медиагийн сүүдэр улам томорч, сул тал нь тодорхой болж, нийгмийн сэтгэлзүйд нөлөөлөх сөрөг нөлөө нь түгшүүрийн харанга дэлдэх хэмжээнд хүрсэн нь тодорхой байна. Сошиал орчны энэ гажгийг ёс зүйгээр зохицуулж чадахгүйгээс хойш хуулиар л зохицуулах ёстой. Хэт эрх чөлөө анархи байдлыг дэврээнэ. Ёс зүйгүй атлаа эрх мэдэлтэй, хөрөнгөтэй хэсэг нийгмийн оюун санааг сошиалаар дамжуулан өөр өөрийн хүсэл сонирхолд нийцүүлэн залуурдана. Хамгийн том аюул нь Монголд нөлөөгөө тогтоох, Монголын нийгмийг тогтворгүй байлгах гаднын сонирхол сошиалаар дамжуулан хүссэнээ хийж, монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж, талцуулж, Монголоо гэсэн сэтгэлтэй шударга эх орончдыг харлуулж, өөр өөрийн үзэл суртлаа түгээж, түүх, үнэт зүйлсийнх нь талаархи суурь ойлголтыг хүртэл будилуулж, худлыг түгээнэ.  

 

Ийм нөхцөлд монголчуудыг байлдан дагуулж, нийгмийн харилцааны гол суваг болж хувирсан сошиал сүлжээний  эерэг, сөрөг үр дагавруудад салбар салбарын эрдэмтэн судлаачид өөр өөрийн чиглэлээр дүн шинжилгээ хийх, цахим хөгжлийн үндэсний загварыг нэн даруй тодорхойлох хэрэгтэй байна. Энэ нь улстөрийн оноо авах цаг зуурын үйлдэл биш, ямар нам, улстөрийн хүчин улс орныг удирдахаас үл хамааран урт хугацаанд тогтовортой, залгамж чанартайгаар мөрдөгдөх ёстой холч бодлого байсаар байна.

 

Цахим мэдээллийн хил хязгааргүй дайнд монголчууд ялагдсан гол шалтгаан нь Мэдээлийн бичиг үсэгт тайлагдаагүй явдал гэдгийн эн тэргүүнд бодлогын хэмжээнд анхаармаар байна. Олон улсад media literacy (мэдээллийн цагаан толгой, бичиг үсэгт тайлагдах), media education (мэдээллийн боловсрол) хичээлүүд аль эрт бий болж, аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, эрэгцүүлэх, нягтлах, худал үнэнийг нь ялгах чадварыг бага наснаас нь эхлэн сургадаг. Энэ нь хийж болохгүй үйлдэл, зүйлийг хүүхдэд мэдээ орохоос нь эхлэн “Нүгэл, Баабаа, Муухай” гэхчлэн зааж ойлгуулдагтай агаар нэг зүйл.

 

Мэдээллийн боловсрол олон оронд сурган хүмүүжүүлэх ухааны нэг чухал салбар болж хувирсан. Нэгэнт багаасаа мэдээллийн мөн чанарыг ойлгож, өөрт хэрэгтэйг ялгаж салгаад сурчихсан хүн худал мэдээ, хов жив, элдэв хөнгөн мэдээнд хөл толгойгоо алдаад байдаггүй. Энэ талаар манай улстөрчид, шийдвэр гаргагчид ярихгүй байна? Хэвлэлийн хүрээлэн, Глобинтернэшнл зэрэг байгууллага, эрдэмтэн судлаачид энэ талаар эсэг дуугараад сүүлдээ урам нь хугарсан байх.

 

Саяхан манай боловсролын сайд маань нэгдүгээр ангийн хүүхдүүдэд цахим технологийн хичээл орохоор болсон талаар мэдээлэхэд олон нийт туйлын анзааргагүй хүлээж авсан. Эрдэмтэн судлаачид ч дуугарсангүй. Зөв шийдвэр, чухал шийдвэр. Гэхдээ энэ шийдвэр нь зоосны нэг талыг хүүхдүүдэд харуулаад нөгөө талыг нь ор тас орхих шийдвэр гэдгийг хэн ч сануулсангүй. Зүй нь энэхүү технологийг хэрхэн хэрэглэх, ямар ёс зүй баримтлах, болох болохгүйн  хязгаар нь юу болох талаар мэдлэг өгдөг media literacy буюу цагаан толгойн хичээлийг бага насны хүүхдүүдэд эхэлж заагаад дараа нь IT-г багаж, хэрэглүүр болгон ашиглах хичээл орох ёстой юм. "Мэдээллийн боловсрол" хичээлийг олон орны ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн тодорхой мэргэжлийнхэнд ордог, сурах бичиг энэ тэр бол зөндөө бий.   Мэдээллийн ёс зүй, болох болохгүйн хязгаарыг мэдэхгүй хүнд мэдээллийн технологи заах нь хурц хутгыг хаана юунд хэрэглэж болох болохгүйг мэдэхгүй хүнд “Май, үүнийг хүссэнээрээ хэрэглэ” гээд атгуулчихаж байгаатай агаар нэг. Мэдээллийн боловсролгүй учраас өнөөдөр нийтийн сүлжээнд ямар нэгэн асуудлыг санаатайгаар оруулж ирж, анхааралд өртүүлж,  тархи угааж байгаа робот буюу bot-той манай дийлэнх хэрэглэгчид хэрэлдэн цагаа барж сууна. Бусдын тодорхой санаа зорилготойгоор түгээж буй худал мэдээнд автаж, хэн нэгнийг харлуулан гутаах кампанит ажилд сайн дураараа тусалж, худал мэдээг шэйрлэн түгээж, нүдээр үзээгүй, чихээр сонсоогүй зүйлдээ итгэн санаан зоргоор харааж зүхэж, том том дүгнэлт хийцгээж байна. Үнэнийг хэлж ойлгуулах гэсэн, хариуцлага, ёс зүй ярьсан нэгэн рүүгээ сүрэглэн дайрч байна. Монголын олон түмэн ийм зэрлэг бүдүүлэг, харанхуй мунхаг байгаасай гэж хүсэгчид харьд ч, өөрт ч олон бий. Тэд сошиал орчинд хэрүүлийн түймэр өрдөн олон нийтийг талцуулж, зөрчилдүүлж, нийгмийн оюун санааг өөрт ашигтайгаар залж чиглүүлж байна. Иймээс манайхан сошиал орчны мэдээлэлд сохроор итгэлгүй, аливаа асуудлыг томоор харж, харьцуулж, хэрсүү хандаж сурах хэрэгтэй байна.

 

Цахим орчин бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон. Виртуал Монгол аль эрт бий болсон. Монгол хүн болгон өнөөдөр виртуал хийгээд бодит гэсэн хоёр орон зайд давхар амьдарч байна.

 

Виртуал Монголд эмх цэгц, ёс зүй, эх оронч үзэл, хүн чанарыг баттай тогтоохгүй бол нэр, дүрээ нуусан дайснууд хор цацан язганаж, гэнэн цайлган монголчууд минь түүнд нь автан хэдэн биенээ үзэн ядаж, хоорондоо муудалцаж, жалга дов, шашин шүтлэг, нам эвсэл, коммюнитигээрээ талцан бутарч, өв соёл, уламжлал, ёсоо гээцгээж байна. Виртуал хөрсөнд соёолсон буруу муу бүхэн бодит амьдралд тусгалаа олж, монголчуудыг үндэстний хувьд хэн ч биш болгож, үнэт зүйлсээс нь холдуулан хөндийрүүлж байна. Энэ аймшиг биш гэж үү? Даамжраад ирэхийн цагт цахим илдээр Цахим яамны сайдаа цавчих юу ч биш болж, түүхээ, төрөө хүртэл цавчиж мэднэ. Сэхээрэгтүн!

 

Урианхан Б.ГАЛААРИД