Өмнөд Солонгосын Publish компанитай Монголын сэтгүүлчдийн эвлэл болон Монголын сайтын холбоо хамтран ажиллахаар болжээ
2023/05/15
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоо, Монголын сайтын холбооны удирдлагууд Өмнөд Солонгос улсад айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр тус улсын Publish технологийн компанитай сэтгүүлчдийн цахим бүртгэл болон блокчэйнд суурилсан Web 3.0 байгуулах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.
Publisher компанийн удирдлага нь өнгөрсөн оны 12 сарын эхээр манай улсад хүрэлцэн ирэхдээ Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо, Монголын Сайтын Холбоотой хамтран блокчэйнд суурилсан вэб 3.0 мэдээллийн экосистем ашиглан Монголын Сэтгүүлчдийн Нийгэмлэг “Press ID” байгуулах талаар тохиролцож байжээ.
Монголын Сайтын Холбооны ерөнхийлөгч Э.Батхүү “Бид өнгөрсөн хугацаанд байгуулсан санамж бичгийн гол санааг гишүүн компаниудтай (хэвлэл мэдээллийн хэрэгсэл) ярилцан санал бодлоо солилцсон бөгөөд энэхүү ажил нь хэрэгжүүлэхэд тун хэрэгтэй санаачлага гэдэгт санал нэгдсэн.
Блокчэйнд суурилсан экосистем нь уншигчид, сурвалжлагчид, хэвлэл мэдээллийн байгууллагад тун нааштай алхамууд болоод шинэчлэлийг авчирна гэдэгт найдаж байна гэсэн юм.
PUBLISH нь Өмнөд Солонгосын Сэтгүүлчдийн холбоотой хамтран (DID) технологид суурилсан сурвалжлагчийн гишүүнчлэлийн үнэмлэхийг боловсруулж түгээсэн бөгөөд энэхүү үнэмлэхийг нь тус улсын 3000 гаруй сурвалжлагч ашигладаг байна.
PUBLISH компанийн бүтээсэн блокчэйнд суурилсан Web 3.0 экосистемд тус улсын дотоодын 69 хэвлэл мэдээллийн хэрэгсэл гишүүнчлэлээр элсэн ажилладаг аж.