Шүүхийн сахилгын хороо 2023 оны тавдугаар сарын 25-нд Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг, тус шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан, Д.Эрдэнэбалсүрэн нарт холбогдох сахилгын хэргийг хэлэлцсэн. Тэднийг хуульч Г.Батбаярын өргөдлийн дагуу “шүүсэн” байна.

Учир нь Г.Батбаяр 2022 оны арванхоёрдугаар сарын 6-нд “...С.Баярцогтын хэргийг шийдвэрлэхдээ хүчингүй хууль хэрэглэсэн” гэх агуулга бүхий өргөдлийг АТГ-т гаргасан. Харин АТГ үүнийг Шүүхийн сахилгын хороо руу шилжүүлсэн байдаг. Тэр нь 2022 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр юм байна. Түүнээс хойш Шүүхийн сахилгын хороо энэ асуудалд сахилгынхэрэг үүсгэж, хагас жил орчим шалгажээ. Ингээд “...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112.1.2-т заасны дагуу сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоё” гэсэн шийдвэрийг гаргасан байна. 

Хуульд зааснаар Дээд шүүхийн шүүгч нарыг “шүүх” ажиллагаа дуусаагүй байх магадлалтай. Шүүхийн тухай хуульд сахилгын хэргийг шийдвэрлэхдээ “...Шүүхийн сахилгын хороо өргөдөл гомдлыг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор сахилгын хэрэг үүсгэх эсэх тухай захирамж гаргана. Сахилгын хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд 30 хоног сунгана” гэсэн заалтууд бий. Энэ хэрэгжсэн эсэх нь бүрхэг байна. Учир нь Г.Батбаярын өргөдөл Шүүхийн сахилгын хороонд 2022 оны арванхоёрдугаар сарын 14-нд очсон. Хурал нь 2023 оны тавдугаар сарын 25-нд болсон. Үүгээр хугацааны асуудал гарч ирж байгаа юм. Энэ хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл Шүүхийн сахилгын хорооны албан ёсны мэдээллийн сайтад одоогоор ороогүй байна. Тэр мэдээлэл тавигдвал хэрхсэн нь тодорхой болно.

Үүнээс гадна Шүүхийн тухай хуулиар дээрх хуралдааны дараа хянан үзэх хуралдаан, тэгээд Дээд шүүхийн хяналтын шатны сахилгын хэргийн хуралдаан зарлагдах боломжтой. Гэхдээ шат бүрт гарах тогтоолд эсэргүүцэл, гомдол гаргах субьект нь Сахилгын хорооны тухайн асуудлыг илтгэгч шүүгч, эсвэл сахилгын зөрчилд холбогдсон шүүгч байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, өргөдөл гаргагч нь заргалдах боломж байгаа эсэх нь тодорхой бус байгаа юм. Сахилгын хорооны гишүүн, эсвэл холбогдсон шүүгч нар энэхүү “..Хэрэгсэхгүй болгох” тогтоолд гомдол маргаан гаргахгүй нь тодорхой юм. Тэгэхээр Шүүхийн тухай хуулийн 112.9-д зааснаар дээрх тогтоол эцсийн шийдвэр болж үлдэх бололтой.

Ингээд Сахилгын хорооны тогтоол эцсийн цэг болж буй бол”...Дээд шүүх С.Баярцогтын хэргийг хуулийн дагуу, зөв шийдвэрлэсэн” гэсэнтэй ижил утгатай юм. Тиймээс Дээд шүүхийн шүүгч нар “тусгай санал”-аар хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаа үргэлжилнэ гэсэн үг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин