Боловролын багц хуульд оруулсан хамгийн чухал заалт эхний хэлэлцүүлгийг давж чадалгүй уначихлаа. Энэ бол “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл” гэсэн заалт байв. Англи хэл бол дэлхий нийтийн бас шинжлэх ухааны хэл. Гэтэл манайхан мунхаг харанхуйгаараа байх дэндүү дуртай улс юм.

Англи хэлийг хүүхдүүдэд бага ангиас нь заагаад эхлэнгүүт монголчууд өв соёлоо үгүй хийж, үндэсний дархлаа суларна гэж донгосцгоосоор байгаад энэ чухал заалтыг аваад хаячихлаа. Тэр дундаа эрдэм мэдлэгийн оройд хүрсэн УИХ-ын гишүүд нь өөрсдөө үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд халтай гэж манлайлан эсэргүүцэж байгаа харагдсан.

Хуулийн төслөөс англи хэлний заалтыг хассан байнгын хорооны гишүүдийн нэрсийг нь жагсаавал Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Инноваци цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар байна.

Эд нарын намтрыг сөхвөл гадаад хэлний гайгүй сайн мэдлэгтэй улс. Л.Энх-Амгалан сайдын хувьд англи, орос хэлтэй. Олон улсын статустай “Орчлон” хувийн сургуультай. Тэгвэл Н.Учрал сайдын мөн л орос, англи хэлтэй. Түүний “Их засаг” дунд сургууль нь нэгдүгээр ангиас гадаад хэл заадаг. Э.Батшугар гишүүн багаасаа орос школоор хүмүүжиж, АНУ-д боловсрол эзэмшсэн нэгэн. Хуулийн заалтыг унагаах саналыг гаргасан Ж.Чинбүрэн гишүүн гэхэд өөрөө англи, орос хэлтэй. Мөн Г.Мөнхцэцэг, Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар англи хэлтэй. Эдгээр гишүүдийн хүүхдүүд орон сууцны үнэтэй дүйцэхүйц өндөр төлбөртэй хувийн сургуулиудад суралцаж ирсэн. Зарим нь ч одоо суралцаж байгаа. Бүгд хүүхдүүдээ багаас нь унаган англи хэлтэй болж өсөхөд нь ихэд анхаарсан нь мэдээж. Тэгсэн хэрнээ жирийн ардын хүүхдүүдийг англи хэл сурах гэхээр хориглоод байгаа нь үнэхээр хорлонтой байна.

Улсын сургууль, хувийн сургуулийн гол ялгаа нь гадаад хэл байдаг. Хувийн сургуульд нэгдүгээр ангиас нь заадаг англи хэлийг улсын сургууль дунд ангиас нь үздэг. Ажлын байран дээр гарахад англи хэлтэй хүнд асар олон боломж нээгддэг. Хэрэв дээрх гишүүд Монголын хөгжилд санаа тавьдаг л юм бол хувийн сургуулиудын лоббинд авталгүй англи хэлийг бага ангиас заахыг дэмжих хэрэгтэй байна.

Ер нь англи хэл сурлаа гээд монгол хүн биш болчих уу. Үндэсний түүх соёлоо гээж харийн хүн болчих юм уу. Яг үнэндээ англи хэлийг хориглох чинь бидэнд асар хортой. Монголыг хөгжүүлэхгүй гэсэн гадны орны явуулга гэдгийг эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ.

М.МӨНХ