УИХ-ын даргын ОХУ-д хийсэн айлчлалын үеэр шатахууны асуудал яригджээ. Үүнтэй холбогдуулан манай улсад шатахууны нийлүүлэлт буурах эсэх болон нөөцийн талаар албаны хүмүүсээс асуулаа.

АМГТГ-ын Газрын тос, бүтээгдэхүүний газрын дарга Б.Түвшинжаргал "Одоогоор шатахууны нийлүүлэлт хэвийн байгаа.

2023 оны зургаадугаар сарын 20-ны байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензин 34,624 тонн буюу 28 хоногийн нөөцтэй, дизель түлш 79,317 тонн, 32 хоногийн, АИ-95 27 хоногийн, АИ-80 бензин 18 хоногийн нөөцтэй байна.

Улаанбаатар хотын хэмжээнд АИ-92 бензин 20,996 тонн, 22 хоногийн, дизель түлш 47,586 тонн, 40 хоногийн, АИ-95 33 хоногийн нөөцтэй байна.

Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр засварт орсон ч ОХУ-ын бусад компаниудаас авчихдаг болохоор шатахууны хомсдол үүсэхгүй. 

Иргэд бензиний хомсдол үүсэх гэж байна гээд ердийн хэрэглээнээсээ илүүг аваад нөөцөлж, зохиомол хомсдол үүсгэдэг. Тийм байж болохгүй, шатахууны нийлүүлэлт хэвийн байна" гэв.

УУХҮЯ-ны Газрын тосны газрын бодлогын дарга Б.Анхбаяр "Монгол Улсын шатахууны дотоодын хэрэглээний 96%-ийг ОХУ-аас худалдаж авдаг. Үүний 70 орчим хувийг "Роснефть" компаниас нийлүүлдэг.

Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт наймдугаар сарын дунд үед засвар хийгдэх байх, тодорхойгүй байна. Хэрэв үйлдвэр засварт орвол импортлогч ААН-үүд ОХУ, БНХАУ-аас шатахуун авахаа өөрсдөө зохицуулна. Яамнаас энэ үед шатахууны хомсдол үүсгэхгүй байх бодлого барина.

Санкт Петербург хотод болсон олон улсын эдийн засгийн чуулганд УУХҮЯ оролцсон, энэ үеэр ямар нэгэн компаниас шатахуун авах асуудлаар гэрээ, хэлэлцээ хийгдээгүй"-г хэллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 20-нд ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинтой албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комисс байгуулах тухай баримт бичигт гарын үсэг зуржээ.  Ингэснээр парламент хоорондын хамтарсан комиссын анхдугаар хуралдааныг Улаанбаатар хотод 2023 оны наймдугаар сард зохион байгуулахаар тохирсон байна. 

Хамтарсан комиссын хуралдаанаар хоёр орны худалдааны хэт тэнцвэргүй байдал, хэрэгжилт нь удаашралтай байгаа дэд бүтцийн томоохон төслүүдтэй холбоотой асуудлуудын бодит шийдлийг ярилцах бөгөөд үүнд шатахууны асуудал орж байгааг эх сурвалж тодотгов.