“Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл" бага хуралд оролцохдоо хэлсэн үг"

“Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” бага хурлыг зохион байгуулагчид, бага хуралд оролцож буй эрхэм  зочдын энэ өдрийн амгаланг айлтгая. 

1992 онд батлагдсан Ардчилсан үндсэн хууль иргэдийн шүтэх бишрэх эрх чөлөөг хангаснаас хойшхи 30 гаруй жилд монголчууд олон шашинт үндэстэн болж хувираад байна. Нөгөө талаар аливаа шашинд хүндэтгэлтэй ханддаг Монголын төрт ёсны эртний уламжлал эргэн сэргэсэн гэж дүгнэж ч бас болно. 

Миний удирддаг “Тэнгэр үзэлтнүүдийн “Мөнх тэнгэр” нэгдсэн хороо” ТББ нь шашны үйл ажиллагаа явуулдаггүй, харин монголчуудын язгуурын шашин болох бөө мөргөл, түүний тулгуур үзэл болох Тэнгэр үзлийг судалдаг байгууллага юм. Бид энэ чиглэлийн суурь судалгааны ажлаа нэгтгэн “Монголчуудын Тэнгэр үзэл, Тэнгэр шүтлэг” нэг сэдэвт бүтээл 2021 онд хэвлүүлсэн бөгөөд тэрхүү бүтээлдээ олон шашинт Монгол Улсын өнөөгийн байдал, шашин хоорондын харилцааны асуудлыг хэрхэн авч үзсэнээ хэдхэн үгээр танилцуулъя.

 

Иргэдийнхээ шүтэх, эс шүтэх эрх чөлөөг дээдэлсэн Монгол улсын хувьд олон шашин зэрэгцэн оршихоос өөр ямар ч сонголт байхгүй. Тийм болохоор аливаа шашинд хүлээцтэй ханддаг, бусдын шүтэх бишрэх эрх чөлөөг хүндэтгэдэг байсан эртний  монгол уламжлалаа сэргээн үнэт зүйл болгосноор үндэсний эв нэгдлийг хангаж, Монголын ирээдүйн хөгжилд эерэгээр нөлөөлж чадна.

 

Харамсалтай нь бусад шашны оршихуйг хүлээн зөвшөөрөх, зэрэгцэн эв найртай орших чадвар, хүлцэл тэвчил (tolerance) аль ч шашныханд хангалттай биш байна. Зөвхөн өөрийн шашны сургаал номлолыг туйлын үнэн гэж үзээд бусдын үзэл баримтлалыг эрс үгүйсгэх, дорд үзэх, ойлгохыг ч хүсэхгүй байх хандлага түгээмэл ажиглагдаж байна. Яг энэхүү байр сууринаас өөр өөрийн шүтлэгтнүүдэд мэдээлэл өгч, тэднийг шашны суурьтай талцалд татан оруулах байдал бас бодитой оршиж байна. Энэ нь өнөөдөр Монголд оршин буй шашнууд Монгол Улс, монголчуудын сайн сайхан ирээдүйн төлөө тусгай хариуцлага оногдож буйг ухамсарлах, ач холбогдол өгөх талдаа учир дутагдалтай байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл сургаал номлол нь өөр өөр ч Монголын сайн сайхны төлөө гэсэн нэгдмэл ашиг сонирхлын дор шашны төлөөллүүд харилцан ойлголцож, хамтран ажиллах зайлшгүй хэрэгцээ шаардлага өнөөдөр тулгамдсан асуудал болоод байна. “Монголын шашинтнуудын эв санааны нэгдэл” бага хурал нь нийгэм, цаг үеийн энэхүү шаардлагыг ханган хэрэгжүүлэхэд түлхэц өгөхүйц цагаа олсон чухал арга хэмжээ хэмээн үзэж, ийм санаачлага гарган хэрэгжүүлж буй хүмүүс, байгууллага, шашны төлөөллүүдэд гүн талархал илэрхийлж байна.

 

Монголын тэнгэр шүтлэгтнүүд Орчлон (Universe) – Хүн – Дэлхий гэсэн гурвалсан амин холбоог дээдэлж ирсэн уламжлалаа хадгалж,  орчин цагийн экологизм, ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай утга агуулга нийцэх сургаал номлол баримталж ирсний хувьд олон шашны хамтын ажиллагаа, энх тайванч үйл ажиллагааг талархан дэмжих болно гэдгийг илэрхийлэхэд таатай байна. 

Монгол оронд олон шашин эв найртайгаар зэрэгцэн оршиж, монголчуудын ирээдүйн сайн сайхны төлөө улам ихийг хамтдаа бүтээх болтугай!

 

2023.06.20. 

Миний хэлсэн үг, байр суурь энэ. Үүний төлөө "Мүүнчин" гэж харлуулах санаа байгаа бол хол очиж хуц гэе дээ (бүдүүлэг үг хэрэглэсэндээ уншигч танаас хүлцэл өчье.). Гэхдээ "хол очиж хуц" гэдэг үгийн утгыг амьдаралд бодитоор харуулах тохиолдол бас байх юм. Монголын нэгдмэл эрх ашгийг эрхэмлэе, дотоод эв эеэ дээдлэе гэж хэлж бичихээр л  Hunnu Mongol гэж нэг нөхөр гарч ирээд шүгдэнчин, бөөчин, мүүнчин гэж хашгичаад, клабхауст тусдаа өрөө гаргаж байгаад солиороод эхлэх юм. АНУ-д, ер нь гадаадад  амьдарч байгаа монголчууд маань цаг завгүй л зүтгэцгээдэг бололтой юм билээ. Гэтэл энэ хүн сошиалд хамаг цагаа зориулж, шашны сэдэвт хэрүүл дэгдээхийн тулд Америк, Монголын хооронд тусгайлан нисч,   далайн цаанаас энд байгаа монголчуудаа харлуулж, хооронд нь хэрэлдүүлж, хор цацаж байгаа нь хувь хүний үйлдэл гэхээсээ илүү аль нэгэн  харь гүрний зараал бороолын ажил гэх сэжиг төрүүлдэг.

 

сонин mn

 

 

Тэгэхээр "Хол очиж хуц" гэх ч бас осолтой үг болчихжээ. 

Монголчууд минь сошиал орчинд соргог, хэрсүү, ухаалаг байхгүй бол Нууц товчооноо бичсэнчлэн "Оорцог хүний идэш болох" цаг ойрхон байна  шүү.

 Миний хувьд монголын олон шашинт нөхцөл байдал, Тэнгэр үзэл, Тэнгэрийн шашны талаархи судлаачийн байр сууриа 2021 онд суурь судалгааны бүтээлээрээ гаргаад тавьчихсан. Түүнээсээ хэдэн нүүрийг энд бас орууллаа.

 

Монголын Тэнгэр үзэлтний “Мөнх Тэнгэр” нэгдсэн хорооны тэргүүн, доктор Б.Галаарид

 

сонин mn

 

сонин mn

 

 

 

сонин mn

 

сонин mn