Хаалтын гэрээний “загалмайлсан эцгүүд”
2014/06/17
Одоогоос гурван жил орчмын өмнөөс зарим томоохон улс төрч, компаниуд хэвлэл, мэдээллийн зарим хэрэгсэлтэй "хаалтын гэрээ" гэгчийг хийж, өөрсдийнхөө талаар сөрөг мэдээлэл гаргуулахгүй байлгасныхаа төлөө төлбөр төлдөг тухай баримтууд ил болж эхэлсэн билээ.
Улмаар энэ асуудал он дамнах тусам даамжирч, бүр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр яригдах хүртлээ нийгмийн шинжтэй болжээ.
Тодруулбал УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоё гэсэн санал гаргаж байв.
Гэхдээ хэвлэл, мэдээллийн салбарын зарим удирдлагуудын өгүүлж буйгаар яг тухайлсан "Хаалтын гэрээ" гэсэн нэртэй зүйл байхгүй. Хамтарч ажиллах гэрээ байгуулчихаад аливаа сөрөг мэдээлэл гаргахаар болвол тодруулга авч байхыг хүсэх тохиолдол байдаг нь нууц биш аж.
Энэ нь байж болох харилцаа ч бүр компани, компанийхаа удирдлагуудын нэрийг гэрээнийхээ нэг заалтанд жагсаачихаад сөрөг мэдээлэл гаргаж болохгүй гэдэг нэр бүхий аж ахуйн нэгжүүд ч бий гэнэ.
Тэдгээрийн нэг, ийм заалт гэрээндээ тусгасан "пионер" нь Ж.Оджаргал, Ж.Од, Л.Элдэв-Очир, Д.Энхцэцэг нарын голлох хувьцаа эзэмшигчидтэй "М-Си-Эс" групп юм.
Үнэхээр ч хэвийн үйл ажиллагаа явуулдаг компанид "хаалтын гэрээ" гэгчийг хийх шаардлага үгүй.
Харин улсын стратегийн ордын тодорхой хэсгийг хувийн өмч болгосон, дархан цаазат газарт цанын бааз, гольфийн талбайг хамгийн гол нь өөрсдийнхөө амьдрах тансаг хаусны хамт барьчихдаг группт бол хэл амнаас төвөгшөөх шалтгаан байдаг байж болно.
Бид цаашид Ж.Оджаргал, Ж.Од нарын удирддаг "М-Си-Эс" групп аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлтэй байгуулсан хамтран ажиллах гэрээндээ хэрхэн "хаалтын" заавраа тулгадаг тухай бодит баримт, жишээ дэлгэн өгүүлэх болно.
М.Түвшинбат
Зочин · 2014/07/15