Л.Гантөмөр сайдын нүдэнд өртдөггүй зургаан настнуудыг сурвалжилсан минь
2013/04/21
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг хэрвээ байдаг бол хүн бүр суух байсан гэж. Цүнхээ дааж ядан яваа зургаан настнуудтай нэг өдрийг өнгөрөхөөр Чингэлтэй дүүргийн ... дүгээр сургуулийг зорилоо.
Хүүхэд шуугисан их өргөө өмнө минь угтав. Багшыгаа “Эгч ээ” гэж дуудах зургаан настнуудын нэг өдрийн хичээлд хамтдаа сууж, тэдний гурван цагийн дүр зургийг өнгө будаггүй, Л.Гантөмөр сайдад хүргэхийг зорьсон минь энэ. Цаг зэвүүн болсон энэ үед сургуулийг, багш нарын нэртэй нь нууцлахыг тус сургуулийнхан хүссэн юм. Тус сургуульд нэгдүгээр ангийн таван бүлэг байдаг бөгөөд тус бүр 35 сурагчтай.
ЭГЧ ЭЭ БИШ ЭЭ БАГШ АА
Дэгдээхэй шиг дэрвэж буусан тохойн чинээхэн сурагчдын эхний хичээл тоо бодох. Багш нь “За хүүхдүүдээ тооны дэвтрээ гаргаарай. Бид наймын тооны бүтэц үзсэн тэр хичээлээ давтна. Гурав дээр хэдийг нэмээд найм, тав дээр хэдийг нэмээд найм болох билээ. Цуваад хариулаарай хүүхдүүд ээ” хэмээн асууна. Халиунаа охин “Найм дээр тэгийг нэмээд найм” хэмээн хээвнэг хариулна. Багш “Зөв байна” хэмээн толгойг нь илэх аж. Охин ч баярлаж байна гэж жигтэйхэн. Энэ мэтээр хичээл цааш үргэлжлэв. Харин хичээлийн дундуур “Багш аа бал, дэвтрээ мартчихаж. Тэр тэгээд энэ ингээд байна” гэх яриа тасарсангүй. Ээж, аавдаа эрхэлж байгаа шигээ “Багш аа, багш аа” гэж байнга дуудах аж. “Чимээгүй байгаарай” гэж хэлэх багшийн үгийг даанч нэг авч хэлэлцсэнгүй.
Сурагчийн ширээнд суугаад жилийн нүүр үзсэн тэд 1-20-ын доторх тоог нэмж хасаж, сурчээ. Арван хуруугаа гаргаж байгаад хэлээ оролцуулаад тоолж гарна даа. Ингэж 35 минут тооны ухаанд шимдэн суралцсан багачууд маань зургийн хичээлдээ орлоо. “Хүүхдүүдээ будгаа гаргаарай өнөөдөр пингивин будна” хэмээгээд хошуу, хөлийг нь улаанаар гэдсийг шар, харин нурууг хараар будах даалгавар өглөө.Өнөөх л будгаа мартчихаж, энэний ээж будгийг нь хаячихсан гэнээ гэх яриа танхимд цуурайтна. Бүр арын ширээний хэд пингивин биш нэгнийгээ будахаар шийдлээ. “Чиний сахлыг улаанаар будна аа” гээд дэргэдэх охин руугаа багс аваад дайрав. Өнөөх нь “Улаан сахал байхгүй за” хэмээн ноцолдоно. Харин цаад ширээний хэд усан будаг, багсаа нэгэндээ гайхуулаад ухаан алга. “Минийх гоё. Ээж авч өгсөн юм” гэж ирээд л магтах аж.
Багш урдуур суугаа хүүхдүүдтэй ажиллаад наашаа ирж амжсангүй. Хүүхдүүд бал, үзэг, харандаа, дэвтэр гээд ширээн дээрх эд зүйлсээ үргэлж унагаана. Тонгойж авах бүртээ толгойгоо, гараа, нүүрээ ширээндээ шүргэж, цохино. Зарим нэгнийх нь нүдэнд нулимс ч цийлэлзээд өнгөрөх үе байлаа. За тэгээд завсар, зай л гарвал нэгнийгээ шоглоно. Багш урдаас “Бага шуугиараа хүүхдүүд ээ, танай ээж аавууд нэг цаг хичээл дээр суухдаа л ядарлаа толгой өвдлөө гээд явдаг. Наад хүн чинь бас ядарч байгаа шүү” хэмээн арын ширээнд суугаа намайг хүүхдүүдэд сануулав. Тэдэнд тоож байгаа юм алга.
ТЭД ҮНЭГ ШИГ МАРТАМХАЙ
Хүүхдүүд балчир учраас их мартамхай юм аа гэж багшид хандлаа. Багш “Манайхан арай гайгүй болоод байгаа нь энэ. Би мартсан юмыг нь цуглуулахад энэ сав дүүрдэг байсан юм. Одоо дундуур болоод байна” гэж цаасан уут заалаа. Үүнтэй адил гэртээ дэвтэр, бал, номоо мартах нь энүүхэнд гэнэ. Биеийн тамирын хичээл орвол дараа нь хэнийх нь мэдэгдэхгүй бөөн хувцас ч үлддэг талаар хуучлав. Ялангуяа оймс, майкаа өмсөлгүй орхичихдог аж. Дээр нь гар утас барих нь их бөгөөд байнга л гээдэг тухай багш нь ярив. Үнэндээ зургаан настнууд юмыг хурдан ойлгоно, түүний хирээр хурдан мартдаг гэнэ. Тиймээс нэг зүйлийг маш олон дахин давтаж байж ойлгуулдаг гэлээ.
Хичээл дуусаад нөгөө ангид ортол нэг охин гар утас алга багш аа гээд эрэлд мордуулав. “Өчигдөр чи орхиод явсан өнөөдөр бас яагаав” гээд эрж хайлаа. Гэтэл охин “Яанаа багшаа би эгчдээ өгснөө мартсан байна” гэх нь тэр. Хичээл дээрхийг нь багш нь цуглуулдаг юм байж. Гэртээ мартсан зүйлийг нь эцэг эх нь анхаардаггүй яасан хайнга юм гэж намайг хошуу нэмтэл багш “Манайхан чинь гэр хорооллийн хүүхдүүд голдуу. Тэдний эцэг эхээс төр төсвийн ажил хийдэг нь цөөн. Голдуу ажилгүй тэгсэн мөртлөө залуучууд хүүхдээ эмээ өвөөдөө орхисон байдаг юм. Ажил хийдэг зарим нь зах дээр зогсоод байх шиг байдаг хүүхэддээ анхаарал тавих нь үнэхээр тааруу” хэмээн гомдоллов. Цүнхэндээ түүртэж, өргөж ядан байгаа жаал хүүгийн цүнхийг өргөж үзтэл худалч хүнд би арай гэж өргөхөөр юм.
БАГШАА ЭНЭ МИНИЙ ХУВЦАСЫГ УРААД БАЙНА
Хичээлийн үеэр голын эгнээний ард суух Номингийн ширээ эвдэрч, өвдгийг нь хүчтэй цохив. Би түүнд туслан ширээг эвлүүлэх гэсэн ч боолт нь элэгдсэн тул “сэхэл” авахаасаа өнгөрчээ. Жаахан дээшлүүлж, түр аргацаасан болоод орхив. Сандал ширээ бүхэлдээ элэгдэл, эвдрэлд оржээ. Багш нар давхар мужааны ажил хийгээд хэдийнэ сурчихсан гэнэ. Байнга л эрэг боолт чангалж, алх, хадаас барьж явна гэвч дийлэхээ болиод байгаа юм аа хэмээн хэлсэн юм.
Анхны зургаан настны орчинг боломжийн түвшинд хангасан аж. Гэвч өнөөдөр дордож, эвдрэлд орсон нь энэ. Номин охиных шиг сандал ширээ нь гэнэт нурж унах нь энүүхэнд гэдгийг хүүхдүүд ч ам уралдуулан ярина. “Аргаггүй дээ таван жил өнгөрч, сургууль мөнгө байхгүй гээд солихгүй байгаа юм. Эцэг эх хүүхдийнхээ ширээ сандлыг ирж янзална, зарим нь биднийг загнана. Үнэхээр цаанаас нь хангаж өгөх ёстой юм чинь яалтай билээ” хэмээн багш зовлонгоо тоочлоо. Гэтэл нэг охин давцан нь салаад тэр нь бас салбараад цуурсан сандал чирэн ирж “Багш аа энэ миний хувцасыг ураад байна” гэж уйлан дуугарав. Санаа нь зовсон багш “Цааш нь тавь миний хүү маргааш янзлья” гэсээр чирж явав.
ҮДИЙН ЦАЙНЫ БООРЦОГНЫ НЭГИЙГ ДҮҮДЭЭ ӨГНӨ ӨӨ
Хотын төв болоод захын ялгаа сургуулийн орчинд хэр зэрэг ялгаатай тухай багштай ярилцав. Тэнгэр, газар шиг л гэнэ. Наад зах нь эцэг эх нь хүүхэддээ хандах хандлагаас эхэлдэг аж. Томчуудын амжиргааны түвшин ухамсрын ялгаа гэдэг хүүхдэд асар ихээр нөлөөлнө. Эцэг эх нь эмээ өвөөдөө хүүхдээ даатган үлдээх нь олон. Тэр ч бүү хэл, “Би айлын аниатай хамт амьдардаг манайхан хөдөө явсан” гэх хүүхэд ч байдаг байна. Дээхэн үед багш нар хүүхдийнхээ гэр орноор нь явж танилцдаг байлаа. Одоо хүний эрх энэ тэр гээд бөөн юм болно хэмээн багш санаа алдав.
Зөвхөн үдийн цайгаа уух гэж хичээлдээ ирдэг хүүхэд ч тэдний дунд бий гэнэ. Хоёр боорцогныхоо нэгийг нь цүнхэндээ хийгээд гэртээ очиж, дүүдээ өгдөг тухай багш ярилаа. Тэгээд хуруун чинээхэн жаахан юм байж өөрөө ч өлөн зэлмэн явах тохиолдол бий. Нэгийг нь дүүдээ хадгалах сэтгэлийн хат яаж гарч байдгийг хэмээн багш хоолой нь зангиран ярьсан юм. Тэр хүүхдийн дүр төрх нүдэнд харагдах шиг болж өр эмтэрлээ.
Гэтэл багш үргэлжлүүлэн хэцүү хэцүү хүүхдээ авах гээд аав нь бас ээж нь хүртэл согтуу ирэх үе бий. Дээр нэг залуу хүүхдээ авах гэж ирээд гадаа шатан дээр унтаад өгсөн. Сэртэл нь хүлээгээд хүүг нь өгөх гэтэл “Би согтуу аавтай явахгүй” гэж багшаасаа зуурч уйлжээ. Яалтай билээ аав нь юм болохоор хоёр зэрэг гуйж байж арай гэж явуулсан хэмээн нүдэнд нь нулимс цийлэгнэв.
НАМАЙГ АВАХАА МАРТСАН ЮМ БОЛОВ УУ
Хичээлийн цаг дуусч, багш 35 хүүхдээ жагсаагаад гадаа гаргалаа. Дулаахан учир гаднаас ээж аавд нь хүлээлгэн өгөх санаатай. Энэ өдөр хичээл 13.30 цагт орж 16.00 цагт тарж буй юм. Тэд томоотой зогсоно гэж ёстой нэг байхгүй юм. Цүнхээ газар шидээд сургуулийн хашааны талбайд тоглож гарав. Багш бид хоёр цүнхийг овоолон хямагадаж эцэг эхэд хүлээлгэн өгөнгөө гэрийн даалгаврыг нь санууллаа. Ихэвчлэн эмээ, өюөө нар хүүхдээ авах аж.
Нэг цаг гаруй гадаа зогслоо. Тэдний ангийн есөн хүүхдийн гэрээс хүн ирсэнгүй. Гэтэл нэг хүү багшаа би айлын аниатай явах боллоо гээд гүйгээд ирэв. Харвал өөрсөөс нь ялихгүй өндөр охин харагдана. “Энэ чинь хэн билээ” гэтэл багш “Наадах чинь 3-р ангийн охин дүүгээ авах гэж байгаа юм. Манай хажуу ангийн хүүхдийн эгч” гэж надад тайлбарлав. “Үгүй ээ яаж та гурав явах юм. Чи өөрийнхөө гэрийнхнийг хүлээ” гээд ангийн хүүхдээ өгсөнгүй. Багш энэ юу ч биш зарим аав ээж манай хүүхдийг автобусанд суулгаад явуулчих гэж утасдах үе олон гэлээ. Гэсэн ч явуулдаггүй тухайгаа бас хэлсэн. Хамгийн сүүлийн хүүхдийг 20.00 цагийн үед хүлээлгэн өгдөг гэнэ. Багш ч энэ байдалдаа хэдийнэ дасан зохицсон байна. Иймээс үлдсэн есөн хүүхдээ дагуулан анги руугаа орлоо.
ХҮҮХЭД ГЭДЭГ ТОЛЬ Л ГЭСЭН ҮГ ЮМ
Ангидаа орж ирээд хүүхэлдэйн кино тавьж өгөв. Өнөөдүүл нь ч бүр сурчихаж. Сандлаа авчраад урд нь суучихав. Тэр хугацааг ашиглан багш дэвтэр засаж эхлэв. Тэр хооронд тэд нэгнийгээ нааш цааш суу гэхчилэн бас л дуу шуугиан болно. Багш “Эд нар яг миний хэлдэг үгээр нэгэндээ шаардлага тавина одоо тэр ярьж байгааг нь хараа” гэв. Мөн гэрийнхээ бүх л харилцааг багшдаа илчилдэг гэнэ. Бид хүүхдийн дэвтрийг нь шалгахад гэрийн бүх байдал илэрдэг. Зарим нь хоол ундаа асгана, нүүрс шороо үнэртнэ гэлээ. Миний хичээлд нь суусан ангид таван настай дөрвөн хүүхэд, долоон настай нэг хүүхэд байдаг аж. Ангийн хамгийн танхай нь таван настангууд. Зургаан настангууд одоо хүмүүжсэн ч таван настангууд танхай дураараа хэвээр гэнэ. Долоон настай хүүхэд зургаан настнаас тэс өөр хамаагүй намбатай харин таван настан бүр нялх нь мэдэгдэнэ гэж багш ярилаа.
ЗУРГААН НАСТАН ЗУТАРЧ БАЙНА
Энэ өдөр хамгийн сүүлийн хүүхдийг 19.00 цагт хүлээлгэн өглөө. Үүний дараа багш бид хоёр зургаан настны талаар дахин яриа өрнүүллээ. Зургаан настан 35 миниутаар өдөр бүр 3-5 цаг хичээллэдэг. Долоо хоногийн эхний гурван өдөр 4-5, сүүлийн өдрүүдэд гурван цаг хичээллэдэг байна. Хүүхдүүд гэрийн даалгавраа хийдэггүй залхуурах нь их. Анх орж ирснээ бодвол харин ч хүн болж, хүндрэл багасаад байгаа аж. Хичээлийн эхний хэдэн сар үнэхээр хэцүү гэнэ. Хөл гар нь эвлэхгүй, цүнхнээсээ дэвтэр номоо гаргаж чадахгүй. Гутлаа үдэж, хувцсаа өмсөж тайлж чадахгүй гээд зовлон их байжээ. Бие засна гэдэг бүр ч хүндрэлтэй. Өмдөндөө шээх хүндрэх нь олонтаа. Өмднийхөө товч цахилгааныг тайлах татах зэрэгт байнга багш туслана. Үүдний намхан шатаар гарах гэж зарим нь мөлхөж харагддаг байсан бол одоо ч манайхан том болсон гэж багш ярилаа.
Багшийн ярианаас сэдэв авч, сургуулийн ариун цэврийн өрөөг цэвэрлэдэг үйчлэгчтэй уулзлаа. Тэрбээр бөөн л зовлон тоочсоор намайг угтав. Намар зургаан настнуудыг орсны дараа тэрбээр тэдний өмд бандаажийг угааж, хатаах ажил хийдэг гэнэ. Тэрбээр “Манайх нэг том өрөөнд хаалтны наана цаана эрэгтэй, эмэгтэй жорлонтой. Түүнд таван ангийн 170-аад хүүхэд бие засна. Бүгдийнх нь өмдийг тайлна татна зарим нь жорлондоо хүрч амжихгүй. Хүүхэд нь олдоод жорлон цөөднө гээд асуудал их” хэмээн ярилаа. Иймээс үгүй дээ л туслах багш хэрэгтэй байдаг тухай багш, цэвэрлэгч хоёр санаа нэгтэй ярив.
Манай боловсролын систем хүүхдэд хүнд байгаа нь нууц биш. Мөн манайхны онцлог хүүхэддээ их нялхамсуу. Манай ангид гэхэд мөөмөө барих шагналаар хичээлээ хийдэг хүүхэд олон. Мөн тэдний сурах орчин тун муудсан стандартын ширээ сандал нь эвдэрч дуусаад зарим нь том ширээнд сууж эхэлсэн. Эхэндээ тоглоомын өрөөтэй байсан одоо тэр өрөө өөр зүйлд зориулагдсан гэхчлэн багш ярив. Энэ давчуу ангид олон хүүхдийг завсарлагаанаар хаана нь тоглуулах билээ дээ гэх бодол хөврөв. Мөн сорилын шалгалт гээчийг дээд газраас үе үе авдаг гэнэ. Тэр нь багшийн зааж байгаа хичээлийн хөтөлбөрөөс өөр илүү хүнд сэдэв ирж хүүхдүүдийг унаган багшийг зовоодог тухай тэд ярьж байсан. Онол ярьж ширээний ард суудаг эрхэмүүд ээ 15-25 жил бага ангийн багшаар ажилласан тэдний үгийг үйлдэл дээр нь үзэж ойлгооч. Дээд доод газрын уялдаа холбоо муу байна даа гэж намайг хэлэхэд багш нар “Тэр дээд боловсролын яам тамгын газар бүү хэл манай сургуулийн дээд удирдлагууд ч биднийг ойлгохгүй хэмээн гоморхосон юм. Ажлаа хийдэг нь нэг ондоо ангайж онол ярьж суудаг нь бас өөр. Дунд нь хүүхэд хохирч, багш нар зовж сууна” хэмээн халаглан ярьж байлаа.
Хичээлийн хөтөлбөр цаанаасаа шахуу биш бол багш хүүхдэд даалгавар өгч зовоохгүй нь мэдээж хэрэг. Төвдөө ойрхон гэр хорооллын нэгэн сургуулийн дүр төрх нэг иймэрхүү. Бүр хотоос зайдуу захын сургууль яаж холиож байгаа бол гэсэн бодол толгойд минь эргэлдэж, эмзэглэх сэтгэл ч төрснөө нуух юун.
А.БАЙГАЛМАА
dfftaxpgf · 2013/04/22
1*2jsz , [url=http://oojohpscaxdj.com/]oojohpscaxdj[/url], [link=http://acxtvrqteqif.com/]acxtvrqteqif[/link], http://jqqpjwybbgqf.com/
amaraa · 2013/04/22
amidr** deer yamar baidgiig medehgui humuusiin hiisen bantan