Аварга тосон нуурт орж буй өвчтөн эргийн болон ёроолын шаврыг биедээ түрхэхгүй байх хэрэгтэй. Учир нь ямар ч эмчилгээний нөлөөгүй хэмээн Усны газрын дарга З.Батбаяр цахим хуудастаа бичжээ.

Тэрбээр, Хэрлэнбаян Улаан уул болон Хэрлэн Тооно уулсын дунд гайхамшигт Хэрлэн голын зүүн, хойд талд байрлах алдарт Хэрлэнгийн хөдөө арлын цэнхэр сувд "Аварга тосон" нуур хэт олон хүний хөлд дарагдан бохирдож, нүхэн жорлонд дарлагдан зовж байна.

Энэ гайхамшигт нууранд зөвхөн хүнд өвчтэй хүмүүс л ордог байсан уламжлалаа дагаж, хоногт дээд тал нь 200 хүн ордог болчихвол бохирдол багасна. Мөн нуурт орж буй өвчтөн эргийн болон ёроолын шаврыг биедээ түрхэхгүй байж (учир нь ямар ч эмчилгээний нөлөөгүй,) зөвхөн анагаах чадвартай усанд сууж сурах (уламжлал маань тийм), эрүүл хүмүүс хүүхдүүд орохгүй байж сурах хэрэгтэй байна.

Нуурын орчинд бохирдлоос хамгаалах, бууруулах зорилгоор олон ажлууд хийгдсэн байгаа. Одоо энэ гайхамшигт нуурыг үр хойчдоо үлдээх эсэх нь Танаас, надаас, та биднээс шалтгаална.

Аварга тосон нуурын дүү нь болох Бүрд нуур /Аварга тосон нуураас 500 хүрэхгүй метр зайд зүүн хойд талд байдаг/


Бүрд нуур нь газар доогуур хөрсний усны нэвчилтээр Аварга тосон нуурыг тэжээдэг дүү нуур нь юм.

Энэ цэнгэг устай сайхан нуурыг хамгаалах зорилгоор хашаа барьж, хүн малын хөлийг хорьсоны үр дүн гарч нуур сэргэж эхлээд байна. Мөн Аварга гол дээр хөв байгуулж, энэ нуурын усыг нэмэгдүүлэх ажил хийгдэж дууссан байгаа.

Хэрлэнгийн хөдөө арлын дараагийн гайхамшиг нь шаврын тойром ба Аварга тосон нуураас 9 км-т байх Аураг рашаан юм. Тус рашаан болон нуур нь аль аль нь анагаах чадалтай, гагцхүү багаар зааврын дагуу хүртэх учиртай.

Ийнхүү ах дүү нар мэт Хэрлэнгийн хөдөө аралдаа оршиж, мянга мянган жил биднийг ивээж ирсэн таван эрдэнэ болох Аварга тосон нуур, Бүрд нуур, Шаврын тойром, Аварга гол, Аураг рашаанаа хайрлан хамгаалж, үр хойчдоо үлдээе. 

100 жилийн дараа ч монголчууд маань Аураг рашаан хүртэж, Аварга тосон нуураа хайрлаж явах болтугай гэжээ.