Байр суурь: Нүүрсний хэргийн талаарх эхний сонсголд хэн, хэн юу өгүүлэв
2023/12/05
Нүүрсний хэрэгтэй холбоотой түр хорооны нээлттэй сонсгол өчигдөр /2023.12.05/ эхэллээ. Эхний сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 4-8-ны өдрүүдэд болно. Эхний удаагийн сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудлаа.
Нэгдүгээрт, орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно.
Хоёрдугаарт, тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээг сонсоно.
Гуравдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл,
Дөрөвдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцэнэ хэмээснээр сонсгол эхэлсэн юм.
-Эл хэргийн талаарх эхний сонсголд хэн, хэн юу өгүүлснийг энэ удаагийн БАЙР СУУРЬ буландаа онцолъё-
Шинжээч танилцуулгадаа хууль зөрчсөн нэлээд хэдэн ноцтой анхаарал татсан асуудлыг дурдлаа.
Тус компани 2022 оны жилийн эцсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажиллаж, 331 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.
Энэ компани 2014-2022 онд хувьцаа эзэмшигчдэдээ нийт 170.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлжээ.
Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2009.01.14-ний өдрийн хуралдааны тогтоолоор орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр ИТХ-ын төлөөлөгч С.Сугирыг томилсон байна. Гэвч хоёр хоногийн дараа тухайн тогтоолыг хүчингүй болгож, орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр тухайн компанийн жижиг хувьцаа эзэмшигч Д.Бат-Эрдэнийг томилсон байна. Ингээд 2009.01.16-ны өдөр Д.Бат-Эрдэнийг ТУЗ-ийн даргаар сонгосон байна. Түүнийг 2011.12.28-нд өөрийнх нь хүсэлтээр орон нутгийн өмчийн төлөөлөгч болон ТУЗ-ийн даргаас чөлөөлжээ.
Жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь хууль зөрчсөн байна.
Тус компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч болох Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой. Гэтэл 2009.05.01-ний өдрөөс 49 хувийг эзэмшигч тал шийдвэрлэж ирсэн байна.
Д.Бат-Эрдэнийн үеэл Б.Түвшинбаяр 2012-2016 онд ТУЗ-ийн даргаар ажилласан. Дахиад 2021-2023 онд ажилласан.
Д.Бат-Эрдэнийн үеэл Ч.Цэцэг-Өлзий 2013 онд Гүйцэтгэх захирлаар ажилласан.
Д.Бат-Эрдэнийн туслах Р.Сэддорж 2014-2020 онд мөн Гүйцэтгэх захирлаар ажилласан.
“Тавантолгой” ХК-ийн 51 хувийг Өмнөговь аймгийн ИТХ эзэмшдэг. “Ажнай корпораци” 19.78 хувь (Д.Бат-Эрдэнэ). 16.31 хувийг “Шандас Импекс” ГХО эзэмшдэг. 12.91 хувийг нээлттэй арилжаалдаг, иргэд олон нийт эзэмшдэг.
ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 онд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна.
Р.Сэддорж хамгийн өндөр буюу 353.9 сая төгрөг авсан.
ТУЗ-ийн гишүүн А.Жаргалсайханд 31.5 мянга, Г.Цог-Өрнөхөд 32.4 мянган ам.доллар зэрэг буцалтгүй тусламжууд олгосон.
Архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, баримт материалаа бүрэн хүлээлцээгүй. Хяналт шалгалтад үйл ажиллагааг иж бүрэн хамруулах боломжгүй байсан.
2006, 2009 оны ТУЗ-ийн тогтоол байхгүй. 2019-2022 оны ТУЗ-ийн тэмдэглэл байхгүй. 1995-2010 оны Гүйцэтгэх захирлын тушаал байхгүй. 1995-2015 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2013 оны хөрс хуулалтын ажлын гэрээ байхгүй. 1995-2004 онд нүүрс худалдах, худалдан авах гэрээ байхгүй.
Нягтлан бодох бүртгэлийн программ 2010 оноос хойш гурван удаа солигдсо зэрэг асуудалтай.
Архивын сан хөмрөгийн талаар бүртгэл иж бүрэн бус. Тооллого хийхэд дугааргүй 386 боть байсан. Нэмэлтээр жагсаалт үйлдүүлсэн. 1893 боть бүртгэлтэй байхаас 1821 нь хадгалагдаж байсан. Дутуу 72 ботийн хувьд зарим албан тушаалтнууд хуулийн байгууллагууд шалгагдаж байгаатай холбогдуулан татаж авсан байсан.
Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Түр хорооны ирц бүрдэж олонх нь хүрэлцэн ирсэн тул сонсголын үйл ажиллагааг нээж байна. Энэ удаагийн түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах сонсголыг дараах асуудлын хүрээнд арванхоёрдугаар сарын 4,7, 18-22 –нд хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт экспортын үйл ажиллагаа болон бусад бараа үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно.
УИХ-ын гишүүн Б.Цогтгэрэл: Жил дамнасан, олон нийтийн дунд хүлээлт үүсгэсэн нүүрсний сонсгол эхэлж байна. Жижиг “Тавантолгой” компани энэ сонсголд хэр хамааралтай байсан юм бол доо. Одоогийн удирдлагууд ирсэн үү. 2011-2021 оны хооронд 25-400 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Тус компани 2022 онд 2.5 тонн нүүрс олборлоод 700 тэрбумын борлуулалтын орлого, 350 тэрбумын зардалтай ажилласан байна. 2023 онд хэчнээн хэмжээний нүүрс олборлож, хэчнээн борлуулалт хийж хэдэн хувийн зардал гаргаж, хэдэн төгрөгийн ашигтай ажилласан бэ. 2022-2023 оны харьцуулсан тоог мэдмээр байна.
“Тавантолгой” ХК-ийн захирал Д.Артаг: Уурхайн олборлолт үйлвэрлэлийн ажил хэвийн явж байгаа. 2023 оны бизнес төлөвлөгөө гурван сая тонн нүүрс. Тиймээс зорьсон хэмжээндээ арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө хүрч ажиллана. Бид нүүрсний орлогыг өмнөх жилээс дутаахгүй байх үүрэгтэй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: 2009 оноос хойш Өмнөговьчууд эзэмших учиртай 51 хувиа алдчхаад байгаагаа хэр ойлгож байгаа юм бол. Д.Сугир даргаас асууя. Хүмүүсийг томилсон протоколууд ер байхгүй байна гээд байгаа. Яагаад 51-ийн хувиа дандаа 49 талд өгөөд байсан юм бэ. Нүүрсний зарах ёстой үнээсээ доогуур үнээр худалдаад байхад ИТХ юу хийж байсан юм. "Үнэ нэмэгдүүл" гэдэг удирдамж өгч байсан уу, ТУЗ-дөө.
Өмнөговь аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Л.Батчулуун: Тухай бүрт өгч байсан чиглэлийг санахгүй байна. Д.Сугир даргын яриад байгаа зүйлийг гадаад зах зээлийн үнэ гэж ойлгож байна. Үнэ нэмэх чиглэлийн тухай бүрт өгч байсан байх.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Тавантолгой ХК-ийн 16.31% эзэмшдэг "Шандас импекс" ХХК ямар учиртай юм бэ. ААН юм уу хувь хүмүүс юм уу. Жижиг Тавантолгойд томилсон БЭТ-ийн хугацаа дуусчихсан уу. Д.Артаг гэдэг хүн яаж гүйцэтгэх захирлаар томилогдсон бэ. Аль нэг намын төлөөлөл үү.
Гүйцэтгэх захирал Д.Артаг: 2023 оны зургаадугаар сарын 09-ний ТУЗ-ийн хурлаар гүйцэтгэх удирдлагаар ажиллаж эхэлсэн. Гуравдугаар сарын 01-нээс компанид ажиллаж эхэлсэн. Эдийн засагч, эрхзүйч мэргэжилтэй.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Шинжээчийн дүгнэлтэд гол асуудал нь баримт материалын бүрдэл дутуу байгаа байдал. Тухайлбал, 1995-1999, 2006, 2009 оны ТУЗ-ийн тогтоол байхгүй. 1995-2012 он хүртэлх ТУЗ-ийн хурлын тэмдэглэл байхгүй. 1995-2007, 2013, 2015 оны компанийн бизнес төлөвлөгөө байхгүй. 1995- 2014 он хүртэлх компанийн үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2010 он хүртэлх гүйцэтгэх захирлын тушаал байхгүй. 1995-2010 он хүртэлх ашиглалтын үйл ажиллагааны төлөвлөгөө байхгүй. 1995- 2015 он хүртэлх ашиглалтын үйл ажиллагааны тайлан байхгүй. 1995-2013 он хүртэлх хөрс хуулах ажлын гэрээ, 1995-2011 он хүртэлх хөрсний хэмжилтийн акт байхгүй. 1995- 2014 он хүртэлх тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байхгүй. 1995-2019 он хүртэлх тэсэлгээний ажлын акт байхгүй. 1995- 2004 он хүртэлх нүүрс худалдах, худалдан авах гэрээ байхгүй. 1995- 2004 он хүртэлх нягтлан бодох бүртгэлийн программын дата байхгүй. Өөрөөр хэлбэл энэ компани, байгууллага мөн үү. Устгачихсан юм уу.
Гэрч н.Шүрэнхишиг: 2010 онд аймгийн Архивын газарт бүх баримтуудаа үзүүлээд шаардлагатай материалуудаа өгсөн. 2011 оноос хойш компани дээрээ бааз үүсгээд компанидаа хадгалдаг болсон.
УИХ-ын гишүүн Г.Ганболд: Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун даргаас тодруулъя. Би иргэдийн хурлын процесс яаж явдгийг мэдэж байгаа. Гэхдээ та нар энгийн логикоор бод доо. 51 хувийг эзэмшиж байгаа иргэдийн хурлынхан бүх эрх ашиг нь ард түмэн. Хэзээ ч ард түмний талд 51 хувиа алдахгүй. Ард түмний төлөөллийн байгуулага 49 хувийнхаа төлөөллийн хүнийг 51-хувийн ТУЗ гишүүнээр оруулж байхдаа та юу бодож байв. Ард түмнээ бодов уу.
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун: Энэ хурлын тэмдэглэл процессоор нотлогдох байх. Өнөөдрийг хүртэл бид 51 хувийн хувьцааныхаа эрх ашгийг хамгаалсаар ирсэн. Хувьцаа эзэмшигчид, тэдний эрх ашгийн төлөө аймгийнхаа иргэдийн төлөө ИТХ ажилласаар ирсэн.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: “Тавантолгой” ХК-аас сайд, дарга эрх мэдэлтнүүд, ард түмнийхээ мөнгөнөөс хумсалсан. Би өмнө үндэсний компанийн талаар нэг ч ярьж байгаагүй. Одоо ярьж байгаа асуудалтай холбогдуулж асуулт асууя. “Таван толгой” ХК-аас Өмнөговь аймгийн иргэдээс гадна ямар хүмүүс хувьцаа эзэмшдэг вэ.
Гэрч н.Шүрэнхишиг: Би 2022 он хүртэл “Тавантолгой” ХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилласан. 2006-2021 оны ногдол ашиг 561.4 тэрбум төгрөг нийт хувьцаа эзэмшигчиддээ тараасан. Үүний 286.3 нь орон нутагт.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Зах зээлийн үнэ нэмэгдчихээд байхад ИТХ юу хийж байсан юм бэ. ИТХ-аас ТУЗ-ийн дарга нарт удирдамж өгч байсан уу. Яагаад өнөөдрийг хүртэл зөвхөн цөөнх нь үйл ажиллагаагхэрэгжүүлээд хэдэн тэрбум төгрөг төсөв оруулсныгаа гайхалтай сайхан бодож
Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Л.Батчулуун: Жил бүр ТУЗ-д чиглэл өгдөг. Юу хэлэлцэх үү, Өмнөговь аймгийнхаа төсөв хөрөнгийг яаж бэхжүүлэх үү, хөрөнгө төвлөрүүлэх үү гээд чиглэлээ тогтоол хавсралтаар өгөөд явдаг.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Дэлгэц харж байгаа энэ компани ингэсэн тэгсэн гэж дүгнэлт хийх үнэхээр боломжгүй. Өнгөрсөн хугацаанд жижиг таван толгой буюу орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн хувьцаа 14 мянга дахин өсжээ. Ингээд бодохоор хувьцааг хэрхэн өгөөжтэй болгох вэ, тодорхой тоо баримттай хэлж өгөөч гэж УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс асууя.
Үдээс өмнөх сонсголд УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ ирээгүй байсан. Улмаар үдээс хойших сонсголд ирж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ: Өнөөдрийн нүүрсний сонсголыг их ач холбогдолтой гэж үзэж байна. 2022 оны зургаадугаар сарын 2-ны өдөр миний бие болон 25 гишүүн нэгдэж УИХ-ын дарга Г.Занданшатарт нүүрсний сонсгол зохион байгуулах тогтоолын төсөл өргөн барьж байсан. Энэ хүрээнд нүүрсний сонсгол сонсох, тулгамдсан асуудал ярих эрхзүйн орчин бүрдэж байна.
Эхний ээлжинд миний нутгийн намайг гурвантаа сонгосон Өмнөговьчууд. Тэнд 15 уурхай байдаг. Энэ бүх уурхайнууд Монголын эдийн засгийг авч явдаг. Гадаад экспортын 93 хувийг уул уурхай бүрдүүлдэг. 90 хувийг нь Өмнөговийн уурхайнууд бүрдүүлдэг. Өнөөдөр энэ асуудлыг хөндөж байгаа нь сайн хэрэг. Бодиттой ажил.
Саяхан улсын төсөв баталсан. Өмнөговь аймагт хамгийн бага буюу 33 тэрбум төгрөгийн төсөв баталсан. Өмнөговьчууд хэзээ ч "бага төсөв баталлаа" гэж гоншгонож байгаагүй. Өмнө нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн хувьцаа Монголын хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан. "Тавантолгой транс" гэж компани байгуулаад хамгийн анхны экспортыг хийсэн. Эхлээд 5 ам.доллар байсан. 8, 10, 15 ам.доллар болсон. Тэгээд өдий зэрэгтэй болж байна.
Энэ индэрийг ашиглаад өмнөговьчууддаа баяр хүргэе.
Монголын эдийн засгийг тэлэх асуудлыг Өмнөговийн уурхай хийж чадсанаар би бахархдаг. Манай аймгийг хоёр бус таван гишүүн УИХ-д төлөөлж суух ёстой. Өмнөговь аймгийн өмчит компани хөрөнгийн бирж дээр үнэгүй байсан. Би 1990-2004 онд Монголын Хөрөнгийн Бирж үнэт цаасны салбарт ажилласан. 1995 онд хөрөнгийн бирж дээр 476 компани анх гарахад 50-д нь би өөрийн гэсэн хөрөнгө оруулалт хийсэн. Тиймээс би Өмнөговийн компанийн хувьцааг яаж өсгөх талаар анхаарлаа хандуулж байсан хүний нэг. Энэ компанийн зах зээлийн үнэлгээ нь 700 гаруй тэрбум, нэгж хувьцаа нь 13,500 төгрөг болсон.
Нүүрсний сонсголын хянан шалгах түр хорооны гишүүдийн ажлыг хүндэлж байна. Гэхдээ зарим мэдээлэл худал, гүтгэлгийн шинж чанартай байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Өнөөдөр энэ сонсголыг монголын ард түмэн үзэж байна. Нэгнээ муулж Монгол хөгжих юм уу. Нам гэсэн маск доор хэцүү байдалд орж байна.
Шинжээчийн дүгнэлтэд хандаж хэлэхэд, олборлолтын асуудал байна. Би компани удирдаж, мөнгө төгрөг өсгөж явсны хувьд зардлыг багасгах ёстой гэсэн байр суурь баримталсан. Ингэж байж улс орны эдийн засаг ашигтай байдаг. Хамгийн хямд үнээр хөрс хуулалтууд хийж байсан. Том машинтай том компаниуд ордоггүй байсан. БЭТ томилогдсоноос хойш Улаанбаатарын том компаниуд орж, үнийг өсгөсөн. Үүнийг шалгасан.
Өмнөговьчууд надтай холбогдсон. Намайг гишүүний хувьд өмнөговийнхонтой уулзуулахгүй байгаа ч би ярьж хөөрдөг. 1937 оны хэлмэгдүүлэлтийг яагаад санагдуулав гэж ярьж байна. УИХ яагаад хүн айлгах, байцаан шийтгэх хэв маягтай болчхов оо. Яагаад нэгнийгээ айдсаар барих гээд байгаа юм. Шалгаж болно гэхдээ дараагийн алхмаа зөв бодож байж шалгах хэрэгтэй. Намайг "Ёлын домог", "Энгүүн Мойл" гэх олон компанитай хамааралтай гэж бичсэн байна. Энэ бол ор үндэсгүй гүтгэлэг шүү. Олон нийтийн дунд ор үндэсгүй гүтгэлэг хийж байгааг шинжээчид анхаараарай.
Өмнөговийнхон надад итгэдэг, зөвлөгөө авдаг. Энд дандаа миний дүү нар байна. Би зааж сургаад, зөвлөгөө өгөөд явуулдаг. Энэ хүмүүс өнөөдөр айдастай байна. Би энэ насандаа худлаа хэлж, хулгай хийгээгүй. Айлгах, нухах, гүтгэх гэсэн асуудал байж болохгүй.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Борлуулалтын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дотор та нарын өөрсдийн чинь компани байна шүү дээ. Д.Бат-Эрдэнэ гишүүнээс менежментийн хэрэгжилтийг асууя гэж бодож байсан. Өөрөө хариулчихлаа. Хажууд чинь инээлдээд суугаад байгаа ТУЗ-ийн болон засаг дарга нар. Бид та нарыг муу үзэх гээд байгаа юм биш. Хуулийн зөрчил байна л гэж асуугаад байгаа юм. Ард иргэд, нутаг орны чинь хүмүүс бүгд харж байгаа. Ард түмэн тэнэг биш шүү дээ. Та нарын яаж хариулж байгааг чинь хараад инээгээд сууж байгаа. Хуулийн дагуу асууж байгаа юмыг хууль бусаар хариулаад байгааг чинь харж байгаа.
УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа сууж байх шиг байна. Тоон дотор үсэг цохиж явна гэдэг шиг. Эрх ашгийн зөрчилтэй гэгдэж байгаадаа тайлбар хэлээч.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Д.Баярмаа гэдэг хүнтэй миний хань өөр нэг компани байгуулсан юм шиг байна. Онлайн худалдааны компани байгуулж байсан. Үнэн. Ямар ч нүүрстэй холбоогүй. 2018 онд би УИХ-ын гишүүн биш байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа амьдралаа бодъё гээд найзуудтайгаа хамтарч эхлүүлсэн. Хоёр жилийн өмнөөс УБЕГ-т компанийн хувь эзэмшигчээс гаръя гэдэг бичиг өгсөн ч одоо хүртэл хэрэгжүүлэхгүй байгаа.
Харин Түр хорооны дарга УБЕГ-аас ирүүлсэн дараах мэдээллийг танилцуулсан юм. "Онлайн худалдаа, автомашин тээвэрлэх, худалдаанч зуучлал, гадаад худалдаа" гэсэн үйл ажиллагааны чиглэлтэй "Ворлд плас файв" ХХК-д Б.Тунгалаг хувь эзэмшдэг.
иргэн · 2023/12/06
Ажнай Д Б жүжиглэхээ болио ард түмний өмчийн хулгайч ард түмний шүүхээр орох ёстой
Зочин · 2023/12/05
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh