Нүүрсний сонсголын хоёрдугаар хэсэг өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжиллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг уг сонсголд өнгөрсөн мягмаг гаригаас эхлээд дөрвөн өдрийн турш гэрчээр оролцохоор дуудагдсан байв. Тэрбээр өөрөө ч сонсголд оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Гэвч Б.Ганхуяг сонсголд үгээ хэлж чадсангүй. Энэ тухай түүний өмгөөлөгч Д.Нямдоржтой ярилцлаа.


-Нүүрсний сонсголд таны үйлчлүүлэгч оролцох хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн. Ер нь энэ хүн сонсголд оролцсоноор ямар үр дагавартай байв?

-“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг оролцсоноор иргэнийхээ хувьд ч, өндөр албан тушаал хашиж байсныхаа хувьд ч Монголын ард түмэнд нүүрсний сонсгол буюу нүүрсний хулгай гээд байгаатай холбоотой асуудлыг гэрчийн мэдүүлгээр тайлбарлах хүсэлтийг Хууль зүй дотоод хэргийн сайд, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаярт өмгөөлөгчөөрөө болон шүүх хуралдааны явцад хэлж байсныг та бүхэн харсан байх.

Өөрөөр хэлбэл, нүүрсний сонсголд хөндөгдөж буй оффтейк гэрээ хэлэлцээрийнхээ талаар болон бусад асуудлаар гэрчийн мэдүүлгийг Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд өгье гэсэн байр суурьтай байсан. Ийм гэрчийн мэдүүлэг энэ сонсголд ач холбогдолтой эсэхийг тухайн хүн өөрөө мэдэж байгаа. Монголын ард түмэн ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал байсан хүний үгийг сонсохыг хүсч байсан нь мэдээж. УИХ-ын нэр бүхий гишүүд Т.Доржханд, С.Ганбаатар, АН-ын зүгээс ч Б.Ганхуягийг сонсголд оролцуулах нь маш зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж байсан. Чухал гэрч гэдэг нь ойлгогдож байгаа байх.

-Гэвч сонсголд оролцуулсангүй. Юу болов?

-2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө нүүрсний сонсголыг зохион байгуулж байгаа Түр хорооноос тус хорооны дарга, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын гарын үсэгтэй есөн хуудас мэдэгдэх хуудас өмгөөлөгч надад гардуулсан. Хуулийн дагуу өөрийнхөө үйлчлүүлэгчид хүлээлгэж өгсөн. Тус мэдэгдээх хуудаст бол Б.Ганхуягийг 19, 20, 21, 22-ны сонсголд дуудаж байна гэсэн агуулгатай байсан

УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд гэрчээр дуудсан тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад тохиолдолд заавал ирэх үүрэгтэй гэсэн байдаг. Тиймээс үйлчлүүлэгчийнхээ хүсэлтийн дагуу дөрвөн газарт хүсэлт хүргүүлсэн. Нэгт, Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт хаяглан, гэрчээр дуудсан мэдэгдэх хуудсыг хүлээж авлаа. Сонсголд Б.Ганхуяг нь оролцох хүсэлтэй байна. Түүнээс гадна ШШГЕГ-ын дарга, бригадын генерал О.Амарсанаад хүсэлтийг явуулсан. Мэдэгдэх хуудсыг хүлээж авсан. Сонсголд оролцох бүх нөхцөл байдлыг хууль дээдлэх зарчмын хүрээнд хангаж өгөөч ээ гэж хүссэн. Мөн ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн даргад мөн хаяглаж энэ хүсэлтээ өгсөн. Нийслэлийн прокурорын ерөнхий прокурор Ц.Ариунболд руу ч энэ хүсэлтээ илгээсэн байдаг.

-Шүүхээс Б.Ганхуягийг гэрчээр оролцуулах тухайд татгалзах зүйлгүй гэсэн гэв үү?

-2023 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааны явцад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн “Энэ бол прокурорын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өөрийнх нь эрх хэмжээнхий асуудал болохоос шүүхийн эрх мэдлийн асуудал биш” гэсэн байр суурь илэрхийлсэн. Үүнтэй холбогдуулан бид дээрх хүсэлтүүдийг тухайн байгууллагуудад шуурхай хүргүүлсэн.

-Б.Ганхуягийг оролцуулаагүйг харахад боломжгүй гэсэн тайлбарууд ирсэн үү?

-Гэрчээр зайлшгүй оролцох шаардлагыг хүндэтгэх шалтгаантай гэж үзвэл онлайнаар буюу цахим сүлжээгээр оролцох шүүхийн практикт бий. Хэчнээн оролцуулах боломжгүй байлаа ч онлайнаар оролцуулах боломж ШШГЕГ-т бүрэн байгаа. Харин Прокурорын эрх мэдлийн хүрээнээс энэ асуудал хальсан. Учир нь эрүүгийн хэрэг шүүхэд шилжчихсэн. Хууль сахиулах байгууллагууд, тэр дундаа ШШГЕГ, Цагдан хорих 461 дүгээр ангиуд Хууль зүй дотоод хэргийн яамны харьяанд байдаг. Харьяалах сайдад нь хүсэлт тавьчихлаа. Онлайнаар гэрчийн мэдүүлэг авах боломж хууль зүйн талаас нь бүрэн байна. Гэвч энэ нөхцөл байдлыг хууль зүйн талаас нь ч хангасангүй, гэрчээр оролцуулсангүй.

Уг нь УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу төр захиргааны байгууллага түр хорооны мэдэгдэх хуудсыг биелүүлэхэд заавал туслалцаа үзүүлэх үүрэгтэй гэж зохицуулсан байгаа. Ийм хууль зүйн боломж байсан уу гэвэл байсан. Одоо ч байгаа. Гэтэл түүнийг хэн ч ашиглахыг хүсэхгүй байна. Боломжгүй байна гэдэг хариулт л өгөөд байгаа болохоос тэр иргэний эрхийг хүндэтгэж тэр боломжийг эрэлхийлэхгүй байгаад гайхаж байна.

-Хууль зүйн талаас нь боломжтой байж гэж та хэллээ. Тэгэхээр улстөрчдийн сонирхол, нөлөөлөл байна гэж хардаж болох уу?

-Би хууль талаас нь тайлбарлана. Хууль зүйн бүхий боломж байхад яагаад оролцуулахгүй байна, яагаад оролцуулах нөхцөлийг бүрдүүлэхгүй байна гэдэг бол эрх бүхий албан тушаалтнуудын гаргаж байгаа эс үйлдэхүй гэж харж байна.

Б.ЭНХЗАЯА