Зөвшөөрөлгүйгээр ус ашигласан Хурд пропертийз ХХК-д 146 тэрбум төгрөгийн хохирол тооцож байна гэв
2024/01/04
2023 оны ус ашиглалтын тоо хэмжээ, хөрсний ус шавхаж буй барилгын компанийн зөрчил, машин угаалгын газрын усан хангамжийн тухай мэдээлэл хийлээ.
Усны газрын дарга З.Батбаяр "Хурд пропертийз ХХК гэх компани 2017 оны тавдугаар сард 28 давхар барилга баригдахаар батлагдсан байдаг. Энэ байгууллага 2023 оны зургаадугаар сарын 19-ний өдөр геодези усны байгууламжийн газартай гэрээ байгуулж 21 сая төгрөгөөр тэдний шугамыг ашиглахаар гурван сарын хугацаатай гэрээ байгуулсан байгаа юм.
Хурд пропертийз ХХК компани нь 2022-2023 онд бүтэн ус шавхан ажилласан. Энэ хугацаанд усны төлбөрөө төлөхгүй, тавьсан шаардлагад хариу өгөхгүй байна.
Геодези усны байгууламжийн газартай хийсэн гэрээнд долоон насостойгоор ус зайлуулна хэмээн дурдсан хэдий ч биднийг очиж ажиллахад 200 насостойгоор үйл ажиллагаа явуулж байсан.
Бид жилд 645 сая метр куб усыг улсын хэмжээнд ашиглаж байхад ганцхан компани хоёр жилийн дотор ямар ч ашиглалтгүй зайлуулсан усны хэмжээ 5.7 сая метр куб болж байна. Энэ нь нийт монгол улсын нийт усны хэрэглээний хоёр хувьтай дүйцэж байна.
Бид энд хүүхдүүдээ шүдээ угаахдаа хүртэл усаа хэмнэ гэж загнаад байж байхад нэг компани 20-25 давхар барилга босгохын тулд дөрвөн хоног монгол улсын нийт иргэдийн хэрэглэж болох хэмжээний усыг хэрэглэсэн байна гэж ойлгож болно.
Хэрэв Хурд пропертийз ХХК хууль дүрмийн дагуу усны газарт ирээд усны дүгнэлтээ гаргуулсан бол 5.6 тэрбум төгрөг байх байсан. Гэтэл энэ компани усны дүгнэлт гаргуулаагүй, бичиг баримтаа авчраагүй зөвшөөрөлгүйгээр ус ашигласан учир 2020 оны долоон сард БОАЖ-ын сайдын баталсан "Усны нөөцөд хохирол учруулсан" хэмээх журмын дагуу аргачлалаар усны төлбөрийг 146 тэрбум төгрөгийн хохирлыг тооцоод байна.
Иймд дээрд дурдсан компани яаралтай усны газарт ирэхийг анхааруулж байна" гэлээ.
-2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй-
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж, машин угаалгын газруудад цэвэр ус нийлүүлэхгүй байх журамд шилжүүлсэн ч машин угаалгын газрууд цэвэр ус ашигласаар байгаа асуудалд тэрбээр дараах хариултыг өгөв. "Талх үйлдвэрлэж байгаа хүнд хэн нэгэн гурилыг нь нийлүүлэх үүрэггүй. Үүнтэй адилхан машин угаалгын газартай хүмүүс шаардлагатай, хямд усаа хаанаас олж авах нь тэдний үүрэг.
2008, 2009 оны үеэс эхлээд дэлхий даяар $50-$50 сая доллар хүртэл бүх төрлийн ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжүүд гарсан.
Энэ асуудал 2015 оноос хойш яригдсан учраас машин угаалгын газрууд бэлтгэлтэй байгаа. Бассейн, сауны дэргэд машин угаалга ажиллуулаад тэндээсээ 100 хувь усыг дахин ашиглаж байгаа газрууд ч байна.
Машин угаалгын газрууд Ус сувгийн удирдах газраас жилд 125,000 м.куб ус ашиглаж байгаа. Гэтэл "MCS Сoca Сola" компани жилд багадаа 360,000 м.куб цэвэршүүлсэн усыг гаргаж байна.
Ганц үйлдвэрийн гаргаж байгаа цэвэршүүлсэн ус Улаанбаатар хотод байгаа машин угаалгын газруудын хэрэглээнээс гурав дахин их байна" гэв.
Энэ жишээтэй хүнсний үйлдвэрүүдийн ус болон барилгын компаниудын шүүрүүлсэн хөрсний усыг машин угаалгад ашиглах бүрэн боломжтой гэдгийг тэрбээр онцолж байлаа.
зочин · 2024/01/04
зөв усгүй бол амьдрал байхгүй шүү торгуулийг яаралтай гаргуул