Байр суурь: 2300 гаруй ажлын байр шинээр бий болгох таван жил гацсан үйлдвэрийн талаар хэн, хэн юу өгүүлэв
2024/01/10
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2024/01/09-ний хуралдаанаар 2022 оны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 08, 2023 оны нэгдүгээр тогтоолуудын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонслоо.
Дархан арьс ширний боловсруулах үйлдвэр барих ажил зогсонги байдалд оржээ. Уг үйлдвэр нь 25 га газрыг хамарч баригдахаар төлөвлөгдсөн байна. Төслийн нийт өртөг нь 516 тэрбум төгрөг юм. Үүнээс 119 тэрбум нь үйлдвэр барихад шаардагдах бол 397 тэрбум нь барилгын ажлын нийт өртөг ажээ.
Уг үйлдвэр ашиглалтад орсон нөхцөлд 2300 орчим ажлын байр шинээр бий болж, жилдээ 4 сая богийн арьс, 400 мянган бодын арьс боловсруулна гэж тооцсон байна.
Гэвч дэд бүтцийн ажил нь ч дуусаагүй тав дахь жилтэйгээ золгож байгаа нь энэ. Дэд бүтцийн ажлыг эхлүүлэхдээ хувийн хэвшилд Хөгжлийн банкнаас зээл олгон эхлүүлжээ. Нийт зургаан төрлийн дэд бүтцийн ажил эхлүүлсэн ч дуусах болоогүй гэв.
Энэ талаар Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг: Дархан Арьс Ширний Үйлдвэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, хувийн хэвшлийн хийсэн бүтээн байгуулалтыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж дүгнэлт гаргах чиглэлийг байнгын хорооноос гаргасан. Ийнхүү гурван яамны сайдын тушаалаар хамтарсан ажлын хэсэг 2023 оны гуравдугаар сарын 10-нд байгуулагдсан.
Ажлын хэсэг дүгнэлтээр зургаан дэд бүтцийг үнэлсэн. Үүнд:
- Цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил нь 13 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй. Гүйцэтгэгчээс 8.1 тэрбум төгрөгийг оруулсан гэсэн санал гарсан. Харин ажлын хэсгийн дүгнэлтээр 3.1 тэрбум төгрөгийн ажил хийгдсэн юм. Ажлын явц нь 24.3 хувьтай байна.
- Гадна дулаан, цэвэр усан хангамжийн шугам сүлжээний ажлын төсөвт өртөг нь 14.3 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээс 8.7 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Ажлыг хэсгээс 5.4 тэрбум төгрөгийг оруулсан бөгөөд 46.6 хувийн гүйцэтгэлтэй гэсэн дүгнэлт гаргасан.
- Гадна холбоо дохиолол болон технологийн уур үүсгэгч хоёр дээр ажлын хэсэг дүгнэлт гаргаагүй.
- Цэвэрлэх байгууламжийн ажлын төсөв өртөг нь 41.2 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээс 16.3 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Ажлын хэсгийн дүгнэлтээр 5.1 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж, 12.7 хувийн ажлын явцтай байна.
- Үйлдвэрүүдийн гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын хос шугам сүлжээний ажлын төсөвт өртөг нь 16.3 тэрбум төгрөг. Гүйцэтгэгчээс 11.4 тэрбум төгрөгийн санал ирүүлсэн. Эрчим хүчний үндэсний төвийн дүгнэлтээр 7.6 тэрбум төгрөг буюу 46.6 хувийн гүйцэтгэлтэй гэж гарсан.
Энэ дүгнэлтээс хойш Хүнс, Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам болон Хөгжлийн Банкнаас нэгдсэн байр суурьтайгаар саналаа илэрхийлж хувийн хэвшлийг удаа дараа хүлээсэн.
Хувийн хэвшлээс ТУЗ-өө хуралдуулах, албан бичиг өгөх байдалтайгаар хугацаа хожих маягтай явсаар 2023 оны аравдугаар сарын 31-ний өдрийн уулзалтын саналын дагуу энэ сарын 5-ны эцсийн саналаа ирүүлсэн.
Тус саналаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн А/27 тоот тушаалаар баталгаажсан Дарханы Арьс Ширний Цогцолбор төслийн таван багц дэд бүтцийн ажлын үнэлгээг дахин үнэлэх саналаа тусгасан. Ингэхдээ аудитын үнэлгээний дүнг суурь үнэлгээ болгон тооцож, зах зээлийн үнийн индексээр дахин тооцож үнэлгээг шинэчлэх буюу нэмэгдүүлэх саналаа илэрхийлсэн.
Хувийн хэвшлүүд ажлын хэсгийн үнэлгээтэй санал нийлэхгүй байгаа. Өөрсдийн үнэлгээний олон улсын стандарт, үнэлгээний тухай хууль, аудитын тухай хуультай уялдуулан дахин үнэлж, Хөгжлийн Банканд шилжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм.
Дарханы Арьс Ширний Үйлдвэрийн 180 га газрыг Хөгжлийн Банканд шилжүүлэхдээ нэг га-г нэг тэрбум төгрөгөөр тооцон тодорхой хэсгийг шилжүүлнэ гэсэн. Ингэхдээ ямар эрх зүйн үндэслэлээр газрыг үнэлснээ нотлоогүй. Хувийн хэвшлийн зүгээс ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, газраа нэмж үнэлнэ, одоогийн үнэ хашаа нэмнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн. Төслийн талбайд хийгдсэн дэд бүтцийн барилга байгууламжийн ажил дөрөв дэх жил рүү орж байна.
Арьс шир боловсруулах үйлдвэрийн төсөлд зориулж хийгдсэн ТЭЗҮ, БОННҮ, үйлдвэрийн барилгууд, дэд бүтэц, цэвэрлэх байгууламжийн зураг төслийн ажил үнэгүйдэх эрсдэлтэй байна.
Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Төр ажил хийчихье гээд зүтгээд байхад нөгөө тал луйварчингийн дүрээр хандаад байвал байнгын хорооны тогтоолоо цуцалчихъя л даа. Яагаад төрөөс өгсөн газрыг тэрбумаар үнэлээд буцаагаад газрын наймаа шиг юм хийх гээд байдаг юм. Яам шинээр ажлын хэсэг байгуулах саналаа оруулаад ир, шийдээд өгье. Тэгэхгүй бол 300 мянган малчин хохирч байна. Энэ төслийг Монголын нийт малчид хараад сууж байгаа. Итгэл даахгүй бол чадах хувийн хэвшлийг оруулж болно шүү дээ. Эцсийн эцэст төр хэдэн мянган малчдаа бодох ёстой гэв.
Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг: Дархан арьс ширний цогцолбор барих төслийг хувийн хэвшлээ дэмжиж, ажил эхлүүлсэн байдаг. Өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг хэд хэдэн удаагийн уулзалт хийж, ойлголцох гэж оролдлогууд хийсэн. Эхлээд тавьсан саналыг хүлээн авлаа, болно гэдэг байсан ч буцаад ирэхдээ тэс өөр бичиг баримт аваад хүрээд ирдэг. Нэг жилийн хугацаанд ойлголцох гэж их ажилласан. Эрүүгийн асуудлаар шалгагдаж байгааг хурдлуулах эрчимжүүлэх шаардлага байгаа. Турк, БНХАУ, Итали зэрэг орнуудаас дэд бүтцээ шийдвэрлэчихвэл хөрөнгө оруулалт хийе гэдэг санал тавьсан гэлээ.
Сануулахад, Монгол Улс нь 2023 оны байдлаар 5,3 сая арьс боловсруулсан байна. Үүний 2 сая орчим нь дулааны аргаар боловсруулагджээ. Жилдээ 9 сая орчим арьс шир хаягддаг аж. Иймээс Засгийн газар арьс шир боловсруулах дөрвөн том төсөл хэрэгжүүлэх зорилт тавьсан ч нэг нь ч ашиглалтад ороогүй байгаа аж.
Дарханы арьс шир боловсруулах цогцолборын ажил дэд бүтцийн ажлаасаа эхлэн бүтэлгүйтсэн бол Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулах төсөл мөн л ажил хэрэг болоогүй. Эмээлтийн аж үйлдвэрийн парк байгуулахад 734.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Уг аж үйлдвэрийн парк ашиглалтад орвол 10 мянган ажлын байр бий болж, жилдээ 7 сая ширхэг арьс шир боловсруулах юм байна.
иргэн · 2024/01/10
Уучлаарай дахиад л ХААХҮЯ ажилдаа эзэн болж дорвитой ажилласангүй. Ийм байдлаар ажил эзэнгүйдэж хэн нэгэн хувийн компани нэ чухал төслийг зогсоож, гацааж, мөнгө нэхэж байна л гэж ойлголоо. Ажлаа хийгээчээ.
Монгол · 2024/01/10
ТЭР ДЭД БҮТЭЦИЙН АЖЛЫГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА, ХЭТ ҮНЭЛЖ БАЙГАА ХУВИЙН КОМПАНИА ЗАРЛААЧ ЭЭ
Зочин · 2024/01/10
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh