Намрын чуулганаар Засгийн газраас яаралтай горимоор өргөн барьсан Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэн баталсан.  

Хуулийн өөрчлөлтөөр:

Нэгдүгээрт, Бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн онц ноцтой гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хугацааг 25 жил хүртэл нэмэгдүүлж, ялын бодлогыг чангаруулав. 

Хоёрдугаарт,  Гэмт хэрэгтнийг магадлангаар суллахгүй болж, цаашид олон улсад байдаг жишгийн дагуу ялаа эдэлж дууссаных нь дараа тавих хяналтыг сайжруулж, тусгай тоног төхөөрөмж ашиглан хянах зохицуулалтыг тусгасан юм.  Түүнчлэн архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, осол хийсэн бол Эрүүгийн арга хэмжээ авахаар болсон юм.  

Гуравдугаарт, Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулж байгаа байгууллага, албан тушаалтан задалсан бол мөн Эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.  Түүнчлэн Эрүүгийн хуульд орсон бас нэг чухал заалт нь  авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн тохиолдолд магадлангаар суллахгүй байх зохицуулалтыг тусгаж өгсөн юм.  Энэ нь  улс төрд нөлөө бүхий өндөр албан тушаалтай хүмүүс авлигын хэргээр ял шийтгүүлсэн бол хугацаанаасаа өмнө суллагдах боломжийг нь хаасан зохицуулалт болов. 

Эрүүгийн хуулийн эдгээр өөрчлөлт нь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав. Улмаар 2022  оны аравдугаар сард НҮБ-аас дур зоргоор баривчлахын эсрэг  олон улсын шинжээчид Монгол Улсад ирж, хүний эрхийн зөрчилд судалгаа, шинжилгээ хийсэн юм. 

Тэд манай улсыг сэжигтнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цаг цагдан хорьж байгаа нь  хүний эрхийн томоохон зөрчил хэмээн үзсэн.  Үүнээс  хойш нэг жилийн дараа буюу өнгөрсөн есдүгээр сард НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 54 дүгээр чуулган Женев хотноо болж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлыг дээрх зөрчил дутагдлаа арилгаагүй хэмээн дахин  хангалтгүй хэмээн үнэлсэн юм.

Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр НҮБ-ын зөвлөмжийг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслүүдийг боловсруулж, УИХ-д өргөн барьж батлуулав.