Одоогоос яг зургаан жилийн өмнөх долдугаар сарын 1. Монголчуудын түүхэн дэх хар өдөр байсан. Тэр өдөртэй холбоотой өнөө хэр нууц нь тайлагдаагүй зарим зүйлийн учрыг  олохсон  гэж  олон жил сураг тавьж яваа хүмүүст Монголын төр үнэнийг хэлээсэй.

2008 оны долдугаар сарын 1-ний тэр нэг өдөр Монгол Улсын нийслэлийн төвд болсон түйвээнээр  5 хүн амь насаа  алдсан. Хэдэн  зуун хүн шархдаж, хоригдож орон даяар айдас хүйдэст автсан. Дэнжийн 1000-ын цагдан хорих төв, Ганц худаг хоригдлуудаар дүүрч, цагдаа нар нойр хоолгүй сэжигтнүүдийг байцаасаар тамир нь тасарч  байв.  Ах дүү, үр хүүхэд нь хэрэгт холбогдсон хүмүүс дэмий л санаа нь зовж, шоронгийн гадаа үймэлдэж байлаа. Тэр өдөр болсон гунигт явдлыг хүмүүс өөр өөрсдийнхөөрөө дүгнэж бодож яваа.

 Монгол Улсын УИХ-ын сонгуулийн  дараа  МАХН 45 суудал, АН 28, бусад этгээд 4 суудал эзлэхээр урьдчилсан дүн гарчээ.  АН, БНН, Иргэний эвслийн удирдах хүмүүс сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, “эрх баригчид луйвардлаа” хэмээн мэдэгдэж байв. 2008 оны 6 дугаар сарын 30-ны  шөнөөс эхлэн  улстөрчид орон  гэртээ тогтож сууж чадахгүй ёстой л “орчилдон хөрвөлдөж” энд тэнд сэм уулзалдаж,  үгээ нийлүүлж байсан гэдэг.

Маргааш нь буюу 7 сарын 1-ны үдээс өмнө Сүхбаатарын талбай дээр улс төрийн хүчнүүд олон жил улстөрд  ноёрхож байгаа МАХН энэ удаагийн сонгуульд  ч бас бусдаас илт давуу санал авсныг луйвар хэмээн шүүмжилж ,МАХН-ыг газрын хөрстэй тэгшлэе хэмээн хөөрцөглөж,  “овоо босгосон” нь тэр байжээ. “Ард түмний амьдрал ядуу байгаагийн буруутан нь  МАХН, энэ удаагийн сонгуулийг ч луйвардлаа, шударга бус сонгууль боллоо” гэж олны цөсийг хөөргөж орхисон.  Сүхбаатарын талбай дээр жагссан хүмүүс ямар зорилготойг бүү мэд,МАХН-ын байр  чиглэсэн. МАХН-ын байрны гадаа очиж дарга нартай уулзая гэж шаардлага тавьсан боловч МАХН-аас албаны хүн гарч ирээгүй. Харин цагдаа нар бөөнөөр ирж намын байрыг хамгаалж эхэлсэн бөгөөд  дотогш нэвтрэх гэсэн хүмүүсийг түлхэж хөөж “холд,зайл”гэж загнасан. Ийм байдал хүмүүст таалагдсангүй. Тайван жагсаал сүүлдээ хүчирхийлэл, үймээн болж хувирсан. Тэр үед юу болж байсныг ТВ-ээр шууд дамжуулсан. Хүмүүс цагдаа нартай зодолдож, чулуу шидэж, цагдаа нар бороохой хэрэглэж байсан. Тухайн үед цагдаа,жирийн иргэд юуг хамгаалж өмгөөлж хоорондоо тэмцэлдэж байгааг ойлгоход бэрх байлаа. Хаанаас эхэлсэн нь тодорхойгүй  улаан гал гэнэт гарч, намын байр шатаж эхэлсэн. Жагсаж үймэлдсэн  хүмүүс гал үзээд улам хөөрч, гал руу том том шилтэй архи шидэж, толгойгоо алчуураар боосон хэдэн залуу яахаас ч буцахгүй авирлаж байсан.

1274

Нэг харахад,МАХН-ын байр,Соёлын төв өргөө шатаж юу болов энэ чинь гэмээр.  Тэгж байтал зам дээр тавьсан  автомашиныг хэд хэдээр нь эвдэлж хэмхэлж хаяж байв.  Нэг мэдэхэд, нөгөө машинууд цаас шиг шатаж, “хүүе, хаая” гэхийн зуургүй утаа болж замхарсан. Хамгийн хачирхалтай нь, тэр олон машин хэнийх байсан нь бүү мэд. Үймээний үеэр “миний машиныг шатаачихлаа,би хохирлоо” гэж дугарсан хүн байгаагүй. Зориуд машинаа шатаалгана гэж баймгүй. Түүнээс гадна МАХН-ын байр руу шидээд байсан том том чулууг хэн хаанаас авчирсан бэ гэдгийг бас л эзэнгүй үлдээсэн. Үймээн зохион байгуулсан хүмүүс машинаар чулуу ачиж ирсэн гэхээс өөр юу ч тодорхой биш байсаар хэрэг дууссан. Бүр сүүлд уг хэрэг болсноос хойш 3 жилийн дараа Ерөнхий сайд байсан С.Баяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “Чулуу зөөсөн машины дугаар байдаг,калибрын сум бас бий” гэж ярьсан байдаг.  Яагаад өмнө нь ийм зүйлийг  яриагүй нь сонин. Үймээний хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн 62 хавтастай 16 мянган хуудас баримт цуглуулсан гэдэг. Тэр дотор нь ороогүй,энэ мэт “но”-той, ноцтой  юм бас нэлээд байдаг бололтой. Тэр ч байтугай үймээний үеэр амиа алдсан хүмүүсийг хэн хөнөөснийг цагдаагийнхан тогтоосонгүй. Онц байдал зарласны дараа зугтаж явсан хүмүүсийг буудсан нь тогтоогдсон. Зугтаж байсан хүмүүс “Цагдаа нар араас хөөсөн,зодсон, буутай байсан” гэх зэргээр мэдүүлсэн тухай зүгээр л яриад л өнгөрсөн. Тэгэхээр энэ хэргийн буруутныг тогтоохгүйгээр хавтсаа хаасан нь хэний ашиг сонирхол юм бол гэх асуулт хариу нэхсээр буй

Долдугаар сарын 1-тэй холбоотой анхаарал татсан нууцлаг зүйл  олон байдаг юм билээ.  Тэр өдрийн 18.40 цагийн орчимд МАХН-ын нэгдүгээр давхарт гал гарч эхлээгүй байхад тавдугаар давхраасаа шатаж байсан.  МАХН-ын байрны урд байсан шатсан машинаас хоёр шуудайтай мөнгө гарсан. Шатсан байрны хоёрдугаар давхрын зүүн урд талын  өрөөний төмөр шүүгээнээс 400 сая төгрөг бэлнээр гарсан. Гэхдээ тэр их мөнгө хэнийх вэ,ямар учиртай вэ гэдгийг бас л нууцлаад өнгөрсөн. Энэ мэтчилэн тайлагдаагүй үлдсэн нууцлаг бүхэн  хэзээ нэгэн цагт ил болох болов уу гэж чих тавьж явдаг хүмүүст хэн  хариу өгөх вэ. Цаг хугацаа нисэх мэт хурдлаад л өнгөрнө,  яарвал сайнсан.

Н.ДӨЛ