Сонгууль-2024 болоход 30 хоног үлдлээ. За сонгууль ч яахав ээ, болдог журмаараа  болоод дуусна. Харин ард нь манай улсын эдийн засаг унах эрсдэлтэй үлдэхээр байна. 

Дэлхийн банкнаас Монгол улсын эдийн засагт эрсдэл байгааг анхаарууллаа. Тус банкнаас гаргасан сүүлийн хагас жилийн тайланд дурдсанаар, Монгол Улсын уул уурхайн салбар өргөжиж, хувийн хэрэглээ тогтворжиж байна. Мөн цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй хөдөө аж ахуйн салбар төсвийн тэлэлтийн тусламжтайгаар сайжирчээ. Тиймээс, 2024 он гэхэд Монгол Улсын эдийн засаг 4.8 хувиар өсөх төлөвтэй байна гэж Дэлхийн банк дүгнэжээ.  Өнгөрсөн онд эдийн засгийн үзүүлэлт 7.1 хувиар өссөн нь нүүрс олборлолт болон холбогдох тээврийн үйлчилгээтэй холбоотой. Тус улсын хамгийн том зэсийн уурхай болох Оюутолгойн олборлолт хэр зэргийн өсөлттэй байхаас шалтгаалан 2025-2026 онд эдийн засаг дунджаар 6.4 хувиар өсөх төлөвтэй байна гэж таамаглаж буй аж.

Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн хэтийн төлөв эрсдэлтэй хэвээр байна. Хятадын эдийн засгийн өсөлт тооцоолсноос удаан байгаа нь Монголын экспортын эрэлтийг бууруулж болзошгүй. Мөн геополитикийн хурцадмал байдал даамжирвал, импортын нефтийн үнэ өсөх магадлалтай байна. Төсвийн тэлэлт, өрхийн орлогын өсөлтөөс болж 2024 онд инфляцын дарамт нэмэгдэж болзошгүй байна" гэж онцлов.

Мөн Эдийн засаг А.Батпүрэв:  “Сонгуулийн дараа улс орон чинь үлдэнэ шүү” гэдгийг мартчихаад элдэв хөтөлбөр зарлаж шоуддаг. Өнөө жилийн хувьд мөнгөн дүнгийн хэмжээ асар их өсч, хэдэн арван их наядаар яригдаж байна. Өмнөх үе үеийн Засгийн газар сонгуульд зориулж янз бүрийн хөтөлбөр зарлаж, амлалт өгөхдөө эрхбиш төсөвт суулгаж байгаад хэрэгжүүлдэг байсан. Одоо бол төсвөөс гадуур явуулж байна. Яг одоо 2024 оны төсөв байна уу гэвэл бүгд задарчихсан. Том зургаараа төсөв дотор улсын болон орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сан, Тогтвортой байдлын сан гэж бий. Гэвч Ирээдүйн өв сан болон төсвийн тогтворжуулалтын санд орох ёстой ногдол ашиг, төсвийн ашгийг Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн шинэ сангуудад татаж авна гээд хууль гаргачихсан. Одоо түүнийгээ зарцуулаад эхэллээ.

Зургадугаар сард сонгууль явагдсаны дараа шинэ парламент бүрэлдээд хамгийн түрүүнд хийх ажил бол төсвийн тодотгол байх ёстой. Яагаад гэвэл орлогыг нэмэгдүүлээд зардлыг нь багасгаж чадах уу гэвэл тийм орон зай хомс. Улсын төсвийн орлогын гуравны нэг нь уул уурхайн салбар буюу нүүрс, зэсээс шууд хамааралтай" хэмээн ярьжээ.

Энэхүү ерөнхий зургаас харахад сонгуулийн дараа манай улсын эдийн засаг уналтад орон эрсдэл өндөр байгааг илтгэж байна. Түүнчлэн монгол улсын гадаад өрөө төлөх ёстойг мартаж болохгүй. Монгол Улсын гадаад өр 2023 оны эцсийн байдлаар 34.5 тэрбум ам.доллар байгаагийн 7.9 тэрбум нь Засгийн газрынх ажээ. Эдийн засаг нарын санааг чилээж буй өр нь Засгийн газрын авсан бондуудын өр гэв. Үүнээс гадна  улс хооронд авсан зээлүүд бий. Олон улсын байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээлүүд олон байгаа юм. Хэрсүү байж сонгуулиа өгөхгүй бол бүхий л салбарт үр нөлөө нь сайн, муугаар гарна гэдгийг дашрамд дуулгая.