Цэргийн зарлангаа дөнгөж гардсан, цэл залуухан 19-хөн насандаа эрдэнэт хүний амийг аварч өөрөө харамсалтайгаар эндсэн талийгаач Н.Буянжаргал хүүгийн баатарлаг үйлсийг монголчууд хайрлан, бахархахын зэрэгцээ халаглан гашуудаж байна. Талийгаач өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сэлэнгэ аймаг, Шаамар сумын “Битүүгийн тохой” гэдэг газарт, Ерөө голын усанд бага насны хоёр хүүхэд живж байхад нь аварчээ.

Харамсалтай нь тэрбээр хүний эрдэнэт амийг аварч чадсан ч өөрөө усанд эндсэнд ар гэр нь болоод монголчууд тэр даяараа элэг нь эмтэрч, зүрх нь шархалж байна. Нэр шигээ буянлаг үйлс хийсэн бусдад тусархуу, зөөлөн, зөв сэтгэлтэй хүүг бид мартах учиргүй билээ.

Талийгаач хүүгийн ээж, ах, эгч, төрөл төрөгсдөд нь мянга мянган уншигчдынхаа өмнөөс, нийт монголчуудынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Бусдын амь насыг иргэн хүн авран хамгаалах, тэр дундаа өөрөө хүүхэд шахуу залуугаас ийм зүрх, зориг, нинжин сэтгэл гарах нь ховордсон билээ.

Тиймээс энэ хүүгийн баатарлаг үйлдлийг нь Монгол даяар алдаршуулах, бусдад үлгэр, дуурайл, басхүү сургамж, болгоомжлолыг бид түгээн дэлгэрүүлэхийг хүслээ. Талийгаач Увс аймгийн Цагаанхайрхан сумын хүү байжээ. Тэрбээр сумынхаа есөн жилийн сургалттай сургуулийг онц дүнтэй төгссөн, сургуулийнхаа шилдэг сурагчдийн нэг байсан аж.

Энэ талаар талийгаачийн бага ангийн багш Нямсүрэнтэй шавийнх нь талаар бахархан дурсаж ярилцлаа.


-Таны шавь үнэхээр баатарлаг үйлс хийжээ. Харамсалтай нь өөрийнхөө амь насаар бусдын эрдэнэт амийг аварчээ. Та шавийнхаа талаар бидэнд ярихгүй юу. Бага ангийн багш гэдэг бол хар нялхаас нь л мэднэ дээ…?

-Би сүлжээгүй газар явж байгаад дөнгөж саяхан (өчигдөр) суурин газар ирээд байж байна. Тиймээс энэ хэргийн талаар мэдсэнгүй. Танаас сонсоод үнэхээр шоконд орлоо. Юуны өмнө ээжид нь гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь уламжлаад өгөхийг хүсье ээ. Би шавийгаа мэдэлгүй яах вэ. Миний шавь багын л хүнд тусархуу, зөөлөн сэтгэлтэй, төлөв даруухан хүү байлаа. Үнэхээр харамсалтай байна (уйлав)…

-Таны шавь нэр шигээ үнэхээр буянтай үйл хийсэн. Энэхүү үйлсийг нь монголчууд бид бахархан ярьж байна. Үнэхээр бусдын амь насыг аврах шиг том буян хаана байх билээ…?

-Би шавийгаа нэгдүгээр ангиас нь авч тавдугаар анги гардаж төгсгөсөн бага ангийн багш нь. Тиймээс ямар хүү байсныг сайн мэднэ ээ. Багадаа их хөөрхөн томоотой хүү байлаа. Эрэгтэй хүүхдүүдийн ихэнх нь сахилгагүй байдаг л даа. Гэхдээ миний шавь их томоотой. Багшийнхаа үгэнд сайн ордог, ангийнхаа хүүхдүүдтэй нийтэч, их зөөлөн харилцаатай хүү байсан. Би энэ занг нь анх таниад нэр шигээ ямар буянтай хүү вэ гэж боддог байсан. Ангийнх нь хүүхэд балгүй болчихвол өөрийнхөө балыг ч хамаагүй өгчихдөг. Найз нартаа байгаагаа өгдөг, тусалдаг, хамт хөгжилдөх дуртай хүү байсан, би мэдэлгүй яах вэ. Ийм хэрэг болсонд одоо ч итгэж чадахгүй байна. Сайхан шавь маань саяхан л сургуулийнхаа коридоороор гүйж явсан нь санагдана. Есдүгээр ангиа төгсчихөөд багш аа, би коллежид сурна гээд явсан даа.

-Ер нь хичээл сурлагадаа ямар хүүхэд байсан бэ. Аль хичээлдээ илүү дуртай байв?

-Хичээлдээ боломжийн сайн хүүхэд байсан. Багын л нийгмийн ухааны хичээлдээ сайн, дуртай хүү байлаа. Цээж их сайтай, хэл ярианы баялаг сайн хүүхэд байсан шүү. Хамгийн гол нь их төлөвшил сайтай, зөөлхөн сэтгэлтэй, нүдэнд цаанаа л нэг эерэг, дулаан энергитэй тийм шавь минь байлаа. Ээжтэйгээ амьдардаг. Ах, эгч нар олуулаа. Зан ааш нь бусдад тусархуу. Бүр онцгой тусархуу хүүхэд байсан. Ангийнх нь сахилгагүй найзыг нь загнахаар хажууд нь уйлаад суудаг, тийм зөөлөн, уяхан сэтгэлтэй. Ямар ч элдэв буруу ааш байгаагүй. Сэтгэл нь ёстой цагаахан цаас шиг л хүү байсан даа, хөөрхий. Ийм ч харамсалтай хэрэг болох гэж. 1-5 дугаар ангийн хүүхэд гэдэг бол зан төлөв нь тогтворжоогүй нас шүү дээ. Гэхдээ л тийм бусдад тусархуу хүү байсан. Хүн болох багаасаа гэдэг шиг том болоод бусдад их тусархуу хүн болох нь дээ, миний шавь гэж боддог байсан. Усанд живж байгаа хүүхэд битгий хэл муур, нохой байсан ч араас нь гүйгээд орох сэтгэлтэй хүүд ээ, миний шавь. Ийм л уяхан, бусдын төлөө гэсэн хүүхэд ховор шүү. Дахин хэлэхэд, ээжид нь ар гэрт нь, бага ангийн багшийнх нь хувьд гүн эмгэнэл илэрхийлж байна.

-Таны шавь танд хүсэл мөрөөдлөө ярьж байв уу. Юуг мөрөөддөг байсан бол. Ямар хүн болно гэж ярьдаг байв?

-Бага ангийн хүүхэд учраас яг таг тийм хүн болно багш аа, тийм мэргэжилтэй болно гэж ярихгүй л дээ. Гэхдээ л багын шүлэг, яруу найрагт сонирхолтой, тусч, зөөлөн зантай хүү байлаа, миний шавь. Шүлэг их сайхан, эвлэгхэн уншчихдаг, үг, ярианы баялаг, цээж сайтай хүү байсан болохоор том болоод утга, уран зохиол, нийгмийн чиглэлээр л явах хүү байна даа гэж би багш хүнийхээ хувьд дүгнэдэг байсан даа.

-Улаанбаатар хот руу хэзээ шилжиж ирсэн юм бол оо, та тэр талаар мэдэх үү?

-Удаагүй байх аа. Гурав бил үү дөрвөн жилийн өмнө л нүүлээ гэж байсан. Уг нь манай нутгийн яг энэ Цагаанхайрхан сумын унаган айл, уугуул хүмүүс шүү дээ.

-Бусад хөдөөний хүүхдүүдийн адил багадаа ээж, аавдаа туслаад малын захад өссөн үү, эсвэл сумын төвийн хүүхэд байв уу?

-Сумын төвийн хүүхэд байсан. Ээж нь сумын төвд олон жил барилгын салбарт ажилласан даа. Зах зээл гараад ч барилгын салбараасаа холдоогүй. Хувиараа засал чимэглэл, барилгын ажил хийж байсан хүмүүс. Ээж нь их хөдөлмөрч, зүтгэлтэй, хүү шигээ хүнд тусархуу хүн байдаг. Одоо 60 гаруй настай хүн байгаа даа.

Э.МӨНХТҮВШИН