Монгол-Францын ураны төслийн талаарх мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр танилцууллаа. 

Энэ үеэр ураны төслөөс монголчууд хэзээ үр ашиг хүртэх, газрын доорх баялгаас жилд хэдэн төгрөгийн ашиг олохтой холбоотой сэтгүүлчийн асуултад тэрбээр дараах хариултыг өгөв. 



ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлэхдээ "Монгол Улсын Үндсэн хуулийн 2019 оны нэмэлт өөрчлөлт 2024 онд батлагдсан Үндэсний баялгийн сангийн хуулиар амилсан. Өнгөрсөн хугацаанд 480 орчим тэрбум төгрөгийн хуримтлалыг уул уурхайн таван компани л бүрдүүлсэн байна.

Тэр мөнгийг иргэдэд хувааж үзэхэд E-Mongolia-д харагдаж байгаачлан 135,000 төгрөг.

Цаашид Монгол Улс газрын доорх баялагтаа эзэн болно гэсэн мөртлөө арга зам нь тодорхойгүй байсан бол арга зам ойлгомжтой боллоо.

Хэрэв төрийн эзэмшлийн 34 хувийг тусгай АМНАТ, бүтээгдэхүүн хуваахаар орлуулбал түүнийг Хуримтлалын санд авъя гэж өөрчлөлт хийж байгаа. Ингэснээр иргэдийн Хуримтлалын санд төвлөрсөн мөнгө өсөх бололцоо бүрдэнэ.

Тусгай АМНАТ-аар 34 хувийг орлуулаад Хуримтлалын санд хийх Үндэсний баялгийн сангийн тухай хууль хамт батлагдвал өгөөж ашиг хоёр их наяд хүрэх тооцоолол бий.
Иргэдийн хуримтлалын санд байгаа мөнгийг арвижуулах ёстой.

Газрын хэвлийг ашиглаж байгаа энэ компаниас надад хэдэн төгрөг орсныг бусад уул уурхайн баялагтай орны иргэд өөрсдөө харж чаддаг.

Энэ бол хөрөнгө оруулалтын эрүүл орчин. Ингэж байж цааш баялгийн сангийн хуримтлал нэмэгдэх юм байна. Ингэж байж олон хүнийг ипотект хамруулах юм байна.

Жишээ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй адил төр 34 хувийг эзэмшье гэж бодвол нийт төслийн хугацаанд олох ам.доллар 5.4-өөр бодогдож байгаа. Гэхдээ ногдол ашиг авах хугацаа хэдий хүртэл хойшлохыг хэн ч мэдэхгүй. 

Одоогийн төслүүд маркетингийн зардлаа хүртэл өндөр тавиад зардлаараа ашиг олдог. Иймд маркетинг, ноу-хауг зардалд тооцохгүй гэж оруулсан" гэлээ. 

Үргэлжлүүлэн "2028 онд ураны үйлдвэр ажиллаад эхэлсний дараа бид борлуулалтаас нь АМНАТ авна. Тэр компани ашигтай, ашиггүй ажиллахаас үл хамаарна.

Өөрөөр хэлбэл 10 хувийн давуу эрхийн хувьцааг эзэмшиж байгаагийн хувиар ашигтай, ашиггүйгээс үл хамааран тэргүүн ээлжид 10 хувийн ногдол ашиг бодож өгнө.

Бид алдаа оноогоо дахин гаргахгүйн тулд асуудалд хандаж байгаа. Дээрээс нь 10 хувь дээр санхүүгийн хариуцлага огт хүлээхгүй. Яагаад гэвэл энэ бол давуу эрхийн хувьцаа гэдгийг тусгаж өгсөн.

Том төсөл явуулахад түүний цаана маш олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа байх. 20 жил уул уурхайн олон бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн гэж үзээд НӨАТ төлөхгүй л яваа шүү.

Зарим эрх ашиг нь хөндөгдөж байгаа бүлгүүдэд таалагдахгүй байж болно. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг тэлэх ёстой, урагшаа харах ёстой.

Томоохон төслүүдээ урагшлуулж, баялгийн сангаа арвижуулж байж хуримтлал өгөөжөө нэмэгдүүлснээр баялагтаа эзэн болно" гэж хэлэв.