Судлаач Ч.Сумъяа: Л.Оюун-Эрдэнийн Хятадад хийх айлчлал нь дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байна
6 цагийн өмнө
Хятад судлаач, эдийн засагч Ч.Сумъяатай Ерөнхий сайдын Хятад улсад хийх айлчлалын хүрээнд ярилцлаа.
-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний Хятад улсад хийх айлчлалын үеэр юу анхаарал татаж байна вэ?
-Хэдийгээр Хятадын удирдагчидтай хийх хэлэлцүүлэг нь эртнээс хүсэн хүлээсэн хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа зэрэг асуудлыг голчлох ч дотоод улс төр нь ард орхигдохгүй. Тус улсын Харбин хотноо Азийн өвлийн наадам энэ сарын 14-нийг хүртэл зохион байгуулагдана. Олон улсын спортын арга хэмжээг зохион байгуулах уламжлалын дагуу, Хятад улс нь хөрш орнуудын нэр хүндтэй улстөрчид, удирдагчдыг уг наадмын нээлтийн, эсвэл хаалтын ёслолд оролцохыг урьдаг. Энэхүү утгаараа ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хаалтын ёслолд оролцоно. Энэ үеэр ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ БНХАУ-ын дарга Си Жиньпин, ерөнхий сайд Ли Чян болон Хятадын бусад удирдагчидтай уулзана. Энэ нь түүний 2022 оны хоёрдугаар сар, 2023 оны зургадугаар сар, 2024 оны арваннэгдүгээр сард хийсэн айлчлалын дараах дөрөв дэх удаагийн айлчлал юм. Харин Харбин хотод анх удаагаа зочлох гэж байна.
-Айлчлалын гол сэдэв нь юу байх бол гэж та харж байна вэ?
-Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар сэтгүүлчдэд өгсөн мэдээллээр Ерөнхий сайдын Хятадын удирдагчидтай хийх уулзалтын гол сэдэв нь хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, аялал жуулчлал, агаарын бохирдол гэх мэт байх болно гэж мэдэгдсэн. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгчид болох Гуо Жиакун, Лин Жиан нар Л.ОюунЭрдэнийн айлчлалын өмнө хэлэлцэх асуудлын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан ч хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх амлалттай байгаагаа мэдэгдсэн байна. Тэгэхээр “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т г арын үсэг зурахыг Монголын Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн. Энэхүү хэлэлцээр нь 16 жилийн турш гацсан төмөр замын холболтын төслийн хувьд чухал үе шат болно.
-Хил дамнасан төмөр замын төслийн тухайд оны өмнө Ерөнхий сайд Хятад улсад айлчилж, гарын үсэг зурсан байдаг. Дараа нь УИХ-аар дээрх төсөлтэй холбоотой тогтоол батлагдсан санагдаж байна…?
-Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн Хятад улсад хийсэн өмнөх айлчлалын үеэр хоёр тал хамтарсан барилгын ажлын тухай дагалдах хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ үеэр Ерөнхий сайд хил дамнасан төмөр замыг барих ажлыг хариуцах “Чайна Энержи”-ын удирдах зөвлөлийн гишүүн Лю Гуоюэтэй уулзсан. Энэ уулзалтаар хоёр тал Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн талаар санал нэгдсэн байдаг. Урьдчилсан зураг төслийн дагуу Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр зам нь нийт 8081 метр урттай, үүнээс 5441 метр нь гүүрэн байгууламжтай байна. Тус төмөр зам нь UIC 60 ган рийлсээр баригдах ба нэг өргөн цариг 1520 мм, нэг стандарт цариг 1435 мм гол замтай байх юм. Олон нийтэд мэдээлснээр төмөр замын төслийг нийт 976 тэрбум төгрөгөөр төрийн өмчит “Эрдэнэс Таван Толгой” ХК санхүүжүүлэхээр болсон. “Чайна Энержи” болон түүний охин компаниуд энэ оны дөрөвдүгээр сард хил дамнасан төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм билээ.
-Төмөр зам ашиглалтад орсноор нүүрсний экспортод яаж нөлөөлөх тооцоо байна вэ?
-Монгол Улсын Засгийн газрын гишүүд Гашуунсухайт-Ганцмодны хил дамнасан төмөр замын төслийн хэрэгжилт нь бусад хил дамнасан төмөр замуудын дутууг нөхөх боломжтойг мэдэгдэж байна лээ. Уг төсөл бүрэн хэрэгжиж ашиглалтад орсноор жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай болно. Энэ нь Монгол Улсын нүүрсний экспортын 55-60 хувийг тээвэрлэх боломжтой гэсэн үг. Засгийн газар уг хил дамнасан төмөр зам ашиглалтад орж, бусад арга хэмжээнүүдийн үр дүнд Монгол Улсын нүүрсний экспорт жилд 120 сая тонн гаруй болж, нэг хүнд ногдох ДНБ 10.000 ам.долларт хүрч өсөх боломжтой гэж үзэж байгаа. Харьцуулбал, Монгол Улс 2024 онд 83.7 сая тонн нүүрс буюу хамгийн ихээр экспортолсон. 2023 онд нэг хүнд ногдох ДНБ нь 5838 ам.доллар байсан. 2024 онд Монгол Улсын Хятад руу экспортолсон нүүрс бараг 83 сая тоннд хүрч огцом өссөн нь 2023 оны 70 сая, 2022 оны ердөө 31 сая тоннтой харьцуулахад мэдэгдэхүйц өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монгол Улс өнгөрсөн жилүүдэд Тавантолгойн уурхайгаас Хятад хүртэл 240 км төмөр зам барьсан. Гэсэн хэдий ч уг төмөр зам хилийн орчим тасалдаж, цааших хил дамнасан зам тээврийг ачааны машинаар үргэлжлүүлэх шаардлагатай болдог. Монгол Улсын Засгийн газар ГашуунсухайтГанцмодны хил дамнасан т өмөр замын төсөл хэрэгжсэнээр Хятад улстай хийх нүүрсний борлуулалт улам өснө.
-Төмөр замаа холбоод нүүрсээ их хэмжээгээр нь борлуулж байвал Монгол Улсад л ашигтай гэдгийг эдийн засагчид хэлдэг. Нөгөөтэйгүүр Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал дотоод улс төрийн халуун нөхцөлд хийгдэж байна. Энэ утгаараа Хятадын тал айлчлалыг ямар байдлаар хүлээн авах бол?
-Хятад улс руу нүүрс экспортлохдоо нүүрс хулгайлсан, хээл хахууль авсан гэх мэдээллээс болж 2022 оны арванхоёрдугаар сард манай улсад өргөн хүрээний хариуцлага нэхсэн эсэргүүцлийн жагсаал болж байсныг санаж байгаа байх. Монгол Улсын Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэхийн тулд 2023 онд Авлигатай тэмцэх шинэ стратегийг хэрэгжүүлж эхэлсэн хэдий ч нүүрсний экспорт нь өнөөг хүртэл маргаан дагуулсан халуун сэдэв хэвээр байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэхүү Хятадад хийх айлчлал нь Монгол Улсын хувьд дотоод улс төрийн эгзэгтэй үетэй давхцаж байгаа нь үнэн. Нэмээд хэлэхэд, утааны асуудал байна. Утаанаас үүдэлтэй эндэгдэл, үүнтэй холбоотой нийгэм, хүний эрхийн асуудлуудыг үндэслэн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу болон парламентын бусад гишүүд Ерөнхий сайдыг огцруулах, албан тушаалаас нь чөлөөлөх тухай асуудлаар хуулийн процедур эхлүүлж гарын үсэг цуглуулж эхэлсэн. Нийгэм, хүний эрхийн асуудлууд, тухайлбал агаарын бохирдол, замын түгжрэл, авлига, төрийн байгууллагын бүтээмж чадвар сул байгаа зэрэг нь Монгол Улсад олон нийтийн дургүйцлийг төрүүлж, үүний улмаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний нэр хүнд унахад хүргэсэн. Дотоод дахь эдгээр улс төрийн нөхцөл байдал, динамик нь түүний Хятад дахь дипломат ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ. Өөрөөр хэлбэл, айлчлалаас гарах үр дүнгийн дараа л энэхүү асуудал ийм байж, тийм байж гэж хэлэх боломжтой гэсэн үг.
Э.Мөнх
Зочин · 5 цагийн өмнө
ANUSN80955877