Б.Удвал: НӨАТ-ын хэмжээ манай улсад өндөр байна. Хоёр хувийн буцаан олголт, сугалааг болиулах хэрэгтэй
4 цагийн өмнө
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас татварын багц хуульд бизнес эрхлэгчдийн өгсөн санал дүгнэлтийг танилцуулах хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Тус танхимын зүгээс 250 гаруй аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодоос татварын багц хуулийн шинэчлэлийн талаар санал авч Сангийн яам, Татварын Ерөнхий Газар гэх мэт холбогдох байгууллагууд руу хүсэлт явуулсан байна. Үүнтэй холбогдуулан нийгэмд үүсээд мэдээллийг залруулахаар мэдээлэл өгч буй нь энэ юм.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-ын ерөнхийлөгч Л.Төр-Од: Манай танхимын гишүүд нэг сая гаруй хүн амыг ажлын байраар хангаж, үйл ажиллагаа явуулдаг. Татварын багц хуулийн шинэчлэл нь манай гишүүдийн эрх ашигтай шууд холбоотой юм.
Аж ахуйн нэгжүүдээс 12 төрлийн албан татварын асуудлаар 700 гаруй санал гарсан. Үүнийг багцлаад 178 гаруй санал болгож, УИХ-ын ажлын хэсэг, Сангийн яам, Татварын Ерөнхий Газарт хүргүүлсэн байгаа. Үүнд:
- НӨАТ дарамт болгож байгаа учраас 10 хувь байгааг 5 хувь болгон бууруулж, татварын бааз суурийг өргөжүүлэх,
- Татварын ногдол орлогын суурийг мөнгөн суурьт шилжүүлэх,
- Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шаталсан хувь хэмжээг байхгүй болгох эсвэл босгыг өндөрсгөх,
- Үндсэн хөрөнгийн худалдан авалтад төлсөн татварыг шууд хасдаг болох,
- Татварын хялбаршуулсан горимд хамрагдах нийт борлуулалтын орлогын босгыг 400 сая болгож нэмэгдүүлэх,
- Ажил эрхлэлтийг дэмжсэн хөшүүргийг бий болгох,
- Олон улсын татвартай холбоотой туршлагыг нэвтрүүлэх,
- Ажил гүйцэтгэх болон хөлсөөр ажиллах гэрээнээс нийгмийн даатгалын шимтгэл суутгах нь буруу,
- Татвар өгөх, шимтгэл төлөх хуулийн хугацааг сар бүрийн 5-нд болгох гэх мэт санал ирүүлсэн.
Аливаа улс орнууд бага орлоготой иргэдийн ажил эрхлэлтийг дэмжих үүднээс хөдөлмөрийн доод хөлсийг тогтоодог. Манай улс уламжлалт гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний хэмжээг тогтоодог. Хөгжингүй улсад хөдөлмөрийн хөлсний хэмжээг долоон өдрөөр тогтоодог. Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоон өдрийн байдлаар тооцож тогтоовол илүү оновчтой. Барилгын салбарт ажиллах хүчин хомстож байгаа нь улирлын шинж чанартай холбоотой юм.
Манай улсын татвар ногдуулалт нь татвар төлөгч болон татварын албан гэсэн үндсэн хоёр зарчимд тулгуурладаг. Эс бөгөөс аж ахуйн нэгж байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтныхаа цалин хөлснөөс суутгаж буй байдлыг буруу гэж үзэж байна.
Татварын маргааныг хянан шийдвэрлэх асуудлаар дагнасан шүүх байгуулах ёстой. Аж ахуйн нэгжүүд НӨАТ-тай холбоотой маргаан дээр таслан шийдвэрлэх комиссоор ордог нь шударга бус байдлыг бий болгодог. Дагнасан шүүх байгуулахгүй юм гэхэд арбитрын төвөөр шийдвэрлүүлэх боломжтой" гэв.
МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, "Наран трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Удвал НӨАТ-ын талаар өөрийн байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр "НӨАТ-ыг ард түмэн төлдөг, бизнес эрхлэгчид биш. Худалдан авалт бүрд НӨАТ төлөөд улсад төвлөрүүлж өгдөг харилцаа явж байдаг.
Одоогийн байдлаар хэрэглэгчээс НӨАТ авч улсад төвлөрүүлдэггүй маш олон байгууллага бий. НӨАТ-ын шинэчилсэн хуулиар албан татвар суутган төлөгчийг 50 сая төгрөгөөр суутгадаг байсныг 400 сая болгох гэж байгаа нь маш буруу. Үүний цаана НӨАТ-ыг цуглуулж авдаггүй, хэдэн төгрөгийн борлуулалт хийж байгаа нь мэдэгдэхгүй маш олон байгууллага үүсэж хуулийн цоорхой гарна.
Улсад татвар төлж буй хүмүүс цөөрсөөр байгаа. Жишээлбэл манай компани ил тод худалдаа хийж, НӨАТ-ын 10 хувийг хэрэглэгчээс нэмж аваад улсад цуглуулаад өгдөг. Гэтэл ил тод худалдан авалт хийж, НӨАТ-ын баримт хэвлэдэг газраас хүмүүс бараа авахаа больж байна. Яагаад гэвэл хэн 10 хувь илүү төлж бараа авахыг хүсэх юм бэ. Тиймээс НӨАТ төлдөггүй захаас бараа худалдан аваад байгаа юм.
НӨАТ-ын хэмжээ манай улсад өндөр байна. Сингапурт энэ төрлийн татвар долоон хувьтай байдаг. НӨАТ 10 хувь байгаа нь бизнес эрхлэгчдийг хумих бодлого. НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт болон сугалааг болиулах хэрэгтэй. Сугалааны цаана шударга бус байдал явж байна" хэмээн ярилаа.
Зочин · 3 цагийн өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh