Хэн УИХ-ын дэд дарга болох вэ
2013/04/28
УИХ-ын гишүүн С.Баярцогтыг дэд даргынх нь албанаас чөлөөлсөн. Түүний гаргасан ёс зүйн алдааг зарим гишүүн хүлээж авахдаа УИХ-ын дэд дарга битгий хэл гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах хэрэгтэй хэмээн шүүмжилсэн.
Гэсэн хэдий ч С.Баярцогтын хэлснээр даргынхаа албан тушаалыг өгсөн нь парламентын түүхэнд байгаагүйгээр өөртөө хариуцлага хүлээлгэсэн явдал аж. С.Баярцогтыг дэд даргынхаа албыг өгсний дараа дараагийн дэд дарга хэн болох вэ гэх яриа гарсан. Мэдээж Ардчилсан намаас дараагийн дэд дарга томилогдох учиртай. Харин Ардчилсан намын аль фракциас хэн энэ суудлыг авах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. С.Баярцогтын хувьд “Алтангадас” фракцийнх. Гэхдээ дэд даргын суудлыг МоАХ фракцийнхан авах нь гэсэн яриа бий. Харин хувь хүний тухайд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Р.Бурмаа нарын нэр дуулдах болов. Өмнөх парламентад Ардчилсан намыг төлөөлж УИХ-ын гишүүн Г.Батхүү дэд даргын үүргийг гүйцэтгэж байсан. Энэ удаа ч түүнд энэ албыг хариуцлах магадлал бий аж. Учир нь Ардын намаас М.Энхболд, “Шударга ёс” эвслээс Л.Цог нар дэд даргаар ажиллаж байгаа. Тиймээс Ардчилсан нам мөн туршлагатай, чадвартай улстөрчөө дэд дарга болгох нь дамжиггүй.
УИХ дахь эмэгтэй гишүүдийн төлөөлөл парламентад хүчтэй дуу хоолой болж буй. Эмэгтэй гишүүдийн дийлэнх нь Ардчилсан намынхан. Энэ үүднээсээ тэд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг УИХ-ын дэд дарга болгох талаар ярилцсан гэнэ. Энэ талаарх саналаа ч намынхаа удирдлагуудад өгсөн аж. Р.Бурмаа гишүүний хувьд Сонгогчдын Боловсрол төвийн тэргүүн, Сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж байснаас гадна парламентад ороод УИХ-ын болон Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг гардан боловсруулсан нэгэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг ч боловсруулсан. Өөрөөр хэлбэл тэрбээр Ардчилсан намын урдаа барьдаг Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулагч гэхэд буруудахгүй. Ямартай ч түүнийг эмэгтэй гишүүд ихээхэн дэмжиж буй гэнэ лээ. Харин Ардчилсан намаас дэд даргад дэвшүүлж болох дараагийн хүн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал. Гэхдээ тэр Ардчилсан намынхан олонхи болж, шинэчлэлийн Засгийн газрыг байгуулснаас хойш намдаа ихээхэн шүүмжлэлтэй ханддаг болсон. Нэг үгээр хэлбэл түүнийг Ардчилсан нам дахь цөөнх хэмээн хэлж болно. Тэрбээр Ардчилсан намынхан засгийг ингэж бус Ардын намтай хамтарч байгуулах байсан юм гэж хэлсэн удаатай. Энэ мэтчилэн олон шүүмжлэлийг намын удирдлагууддаа хандан хэлсэн. Гэвч түүний ингэж аашилж буйг намынх нь удирдлагууд түүнд албан тушаал өгөөгүйтэй холбон тайлбарладаг. Р.Амаржаргал гишүүний үйлдэл ч албан тушаал аваагүйдээ хорссон юм шиг байдаг гэх. Энэ утгаар нь түүнийг УИХ-ын дэд дарга болгох бололтой. Албан тушаалд аваачиж байна гэсэн үг. Энэ бүгд Ардчилсан нам дотор яригдаж буй таамаг. Албан ёсоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн хэнийг дэд дарга болгохоо хэлэлцэж, УИХ-д өргөн барих ёстой юм. УИХ-ын дэд дарга бол даргын зөвлөлд намаа төлөөлөн орж, УИХ-ын даргыг эзгүйд чуулганы нэгдсэн хуралдааныг даргалан явуулах үүрэгтэй албан тушаал. Харин үүнд Ардчилсан намынхан хэнийгээ тавих бол.
Ц.Энхцэцэг