-Үйлдвэрээсээ гарсан шинэхэн машиныг оруулж ирэхэд ноогдуулах татварыг багасгавал дээргүй юу-

Японы Ерөнхий сайд Шинзо Абэ "fuel-cell" буюу устөрөгчийн хөдөлгүүртэй машин худалдан авсан хүнд төрөөс хоёр сая иенийн татаас өгөх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэх шатандаа орсон байна.

Ингэснээр шинэ тутам гарч ирж буй устөрөгчийг шатаах замаар хөдөлгүүр нь ажилладаг автомашиныг долоон сая иенээр авна гэж бодоход төрөөс нь өгөх хоёр саяыг оруулаад худалдан авагч таван сая иен гаргах гэнэ.

Энэ арга хэмжээ нь ирэх оны гуравдугаар сараас албан ёсоор хэрэгжиж эхлэхээр болжээ. Японы төр Тоёота, Хонда зэрэг дэлхийд данстай машин үйлдвэрлэгчийнхээ үйл ажиллагааг дэмждэг бололтой.

Харин манай улсад байдал арай эсрээгээрээ байдаг.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 21-24-ний өдөр  Япон улсад айлчилж, хоёр орны хамтын ажиллагааг улам бүр сайжруулах, эдийн засгийн холбоосыг нягтаршуулах зорилготой айлчлал хийж яваа.

Японы Эн Эйч Кей телевизийн цахим хуудсанд тус улсаас Монгол улсад экспортолдог хуучин машины гаалийн таван хувийн татварыг тэглэх шийдвэр гаргасан тухай мэдээлсэн байна.

Манай улсын иргэд ихэвчлэн өмнө нь явж байсан арай хямд үнэтэйг нь сонгон худалдан авдаг. Цөөн хэдэн л дөнгөж үйлдвэрээсээ гарч ирсэн үнэтэй машинаараа гангардаг гээд хэлэхэд буруутахгүй. Харин дээрх санааны хувьд өндөр үнэтэй машин авч чадахгүй хүмүүс илүү хямд үнээр авах боломж нээгдэж байгаа юм. Гэвч энэ нэг талдаа асуудалтай. Учир нь нэг ёсондоо "комиссын" гэж бидний хэлж заншсанаар хуучин явахгүй болсон машинаар дүүрэх үүд хаалгыг нээж байна. 

Хуучин машин нь тухайн үйлдвэрлэсэн улсдаа стандартын дагуу зам дээр давхих нас нь дуусч дахин ашиглахаар үйлдвэрийн хогийн цэг дээр хэвтэж байх ёстой машинууд. Манайд ихэвчлэн энэ ангилалын машинууд өдгөө замын  хөдөлгөөнд хэдэн араваараа давхиж яваа гэхэд болно.

Байгаль орчинд ээлтэй гэдгээр нь хибрид буюу бидний хэлж заншсанаар "цахилгаан" машин гаалиар татваргүй нэвтэрдэг. Тийм болохоороо ч сүүлийн үед иргэд ийм төрлийн машиныг сонгох болсон. Гэхдээ тэрхүү машинууд нь мөн л тоолуур нь гүйсэн, ашиглалтын хугацаа бараг дуусах шатандаа орсон хуучин машин.

-Хуучин машин байгаль орчинд муу нөлөө үзүүлэхээс гадна хорт хавдар ч үүсгэх магадлалтай-

Энэ бүгдийг иргэд мэддэг ч өөрсдийнхөө санхүүд тааруулан сонголтоо хийдэг. Гэлээ гээд улсаа хуучин хаягдлаар дүүргэх шаардлага байна уу. Үүнийхээ оронд шинэ үйлдвэрээс гаргасан машиныг оруулж ирэхэд оногдуулдаг албан татвараа багасвал илүү үр дүнтэй ажил болно. Ийн хэлэхийн учир нь хуучин гэх тодотголтой машинууд хор уршиг дагуулж байдаг.

2004 оноос өмнө үйлдвэрлэсэн машины хуванцар эд ангиуд хүний биед хортой гэдгийг олон улсын эрдэмтэд баталсан. Энэ нь  удаан задардаг органик бохирдуулагч. Стокольмын конвенциор хортой гэдгийг нь баталж, 2004 оноос дээрх төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээ больсон гэдэг.

Машины эд ангийг ч мөн ялгаагүй хориглосон аж.  Харин манай улсад 1974-1999 онд үйлдвэрлэгдсэн тээврийн хэрэгсэл маш их бий. 10-аас дээш жил болсон машин өөрөө халах болон наранд жаахан байхад л жолооны хүрднээсээ авахуулаад олон хуванцар эд анги нь ууршиж байдаг аж. 

Хуванцар эд анги нь өөрөө агаарт ууршиж, яваандаа жолоочоо хорт хавдартай ч болгож болзошгүй байдалд хүргэдэг гэнэ.  Галд шатамхай хуванцар нь агаарт ууршиж, амьсгалаар хүний биед ордог.  Мөн өөх тос ихтэй бүтээгдэхүүнд орж, хүний биеийг янз бүрээр өвчлүүлдэг юм байна.  Дээрээс нь байгаль орчинд ч асар муу нөлөөтэй гэдгийг эрдэмтэд судалжээ.

 

Х.Даваа