Ногоон автобусны хэргээс "хуурай" гарсан Ж.Сүхбаатар ҮХЦ-ийн гишүүн болох уу?!
2 цагийн өмнө

УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Улсын ерөнхий прокурорын орлогч асан, одоогийн УИХ-ын тамгын газрын дэд дарга Г.Эрдэнэбат нарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, томилох саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн /2026.06.24/ хуралдаанаар хэлэлцэж, 85.7 хувийн саналаар дэмжив.
Тэгвэл дээрх ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшээд буй Ж.Сүхбаатар нь олны "Ногоон автобус"-ны хэрэг хэмээн нэрийдсэн үйл явдалд орооцолдож байлаа. Тэрээр эл үйл явдлынхаа талаар өчигдөр дараах байр суурийг өглөө.
Ж.Сүхбаатар: Би гурван шатны шүүхээр ороод гэмгүй буруугүйд тооцогдсон. Гурван он дамжлаа, монгол улсын систем дээр том төслүүдийг хэрэгжүүлэхэд хяналт хариуцлагын тогтолцоо гүйцэтгэлийн шатанд хангалтгүй. Үүнээс бол хэн нэгэн албан тушаалтан үүрч даах болчихож байгаа юм. Үүнийг үүрэх л тавилантай байлаа. Би огцроогүй, ажлаа өөрөө өгч, чөлөөлөгдсөн. Шүүмжлэлийн мөндөр бороог өөр дээрээ хүлээн авч хүлээн зөвшөөрсөн.
Харин түүний талаар, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Ж.Сүхбаатар нэр дэвшигч та улс төрийн дуулианд орж байсан хүний нэг. Улс төрчдийн шахаасаар дахиад элдэв янзын цэц дээр гарах вий, могойн хорлолд дахин өртөх вий. Ард түмэн, хуулийнхаа талд байгаарай л гэж хүсье дээ.
Ногоон автобусны дуулиан дэгдэх үед "Угтаа ногоон автобус нь гол автор нь Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга асан Ж.Сүхбаатар. Хотын дарга Х.Нямбаатар “Ногоон нь Ж.Сүхбаатарынх, улаан нь Д.Сумъяабазарынх, саарал нь минийх” хэмээн тодотгож өгсөн удаатай. Тэгвэл ногоон автобусны хэргээр яллагдагчаар татагдсан Ж.Сүхбаатарыг МАН цээжээрээ “хамгаалж”, хэргийг нь сонсголоор хийдүүлэх кампанит ажлыг өрнүүлж эхэлсэн бололтой" хэмээн хэвлэлүүд бичиж байв.
Бүүр ноцтой нь, Ж.Сүхбаатар өөрөө хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Хотын дарга бид хоёр аль аль нь доголдолтой гэж мэдээгүй. Манай ажлын хэсэг хүлээгээд авчихсан. Гэтэл намайг доголтой гэснийг мэдсээр байж хүлээгээд авчихсан гээд байгаа юм. Энэ бол огт үндэслэлгүй. Өнөөдрийн процессын хуульд учир дутагдалтай зүйл байна. 21 дүгээр зуунд хэлмэгдүүлэлт байсаар байна. Би УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй. Надаар “туг” тахих гэж байна” гэх тайлбар өгч байсан удаатай.






