Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа
1 цагийн өмнө

Ам.доллар суларч, оронд нь хөрөнгө оруулагчид алтыг сонгож байна. Орос, Украины дайн, Ойрхи Дорнодын мөргөлдөөн зэргээс болоод олон улсад санхүүгийн тогтворгүй байдал үүссэн. Мөн Хятад, Орос, Энэтхэг зэрэг орнууд ам.долларын нөлөөг бууруулахын тулд алтны нөөцөө эрс нэмэгдүүлэх болсон. Сүүлийн үед хөрөнгийн зах зээл уналтад орж, эдийн засгийн удаашрал бий болсон. Чухам, эдгээр нь алтны үнэ өсөж, эрэлт нэмэгдэх гол хүчин зүйл нь болжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өсөж, эрэлт нэмэгдээд байгаа юм. Харин Монгол Улс энэ үеийг ашиглалгүй, алтны ордуудаа дарж хэвтсээр ирсэн юм.
Ер нь бол, Монгол Улсын хувьд алтны хангалттай нөөцтэй. Өдгөө дэлхийн зах зээл дээр адтны үнэ байнгын өсөлттэй байна. Гэтэл бид газрын хөрсөн доорх валютын нөөцөө ашиглаж чадалгүй эдийн засгаа улам хумиад байгаа юм. Харин өнгөрсөн баасан гаригт Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тэрээр “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт алтны олборлолтыг нэмэгдүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах, уул уурхайн салбарын экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэх зорилт туссан. Геополитик, дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж байгаа энэ үед нөөц нь тогтоогдсон алтны ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь экспортын орлого, гадаад валютын улсын нөөц, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ач холбогдолтой” гэж танилцууллаа. Шуудхан хэлэхэд, Засгийн газраас өргөн барьж байгаа “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоол цаг хугацааны хувьд оройтож байгаа юм. Энэ юунаас болсон нь ойлгомжтой. Төслийг өргөн барингуут уул уурхайн төслүүдийг эсэргүүцдэг бүлэглэлүүд шаагилдаад л эхэлж байна. Гэхдээ, тэдний эсэргүүцэхдээ барьж авдаг асуудлыг шийдэх гарцыг уг тогтоолын төсөлд оруулсан байна. Тодруулбал, ордуудын талбайтай давхацсан хэсгийг Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагаас хасаж, хасах талбайн эргэлтийн цэгийн солбицол, хэмжээг хавсралтаар батлахын зэрэгцээ шинэчилсэн хилийн заагийг газар дээр нь тогтоож, бүртгэлийг шинэчлэх, орд тус бүрийн нөөц, тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, төрийн оролцоо болон Монгол Улсад ногдох өгөөжийг хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх, байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлт, уурхайн хаалт, санхүүгийн баталгааг хангах, олон нийт болон орон нутгийн иргэдийн оролцоог бүрдүүлэх арга хэмжээг Засгийн газарт даалгахаар тусгажээ. Нөгөөтэйгүүр, алтны үнэ дэлхийд өссөнийг ашиглаж орд газруудаа эргэлтэд оруулахыг УИХ-ын 2024 оны сонгуулиас хойшх Засгийн газрууд мөрийн хөтөлбөртөө оруулсан. Харин хэрэгжүүлэх оролдлогууд дээрх мэтийн шалтгаанаар унасаар ирсэн. Өмнөх хоёр Засгийн газар “Алт-3” хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхээр УИХ-ын тогтоолын төслийг бэлтгэж байжээ. Улсын хэмжээнд хайгуул хийж, ашиглахад бэлтгэгдсэн гурван тонноос дээш нөөцтэй алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг судалж, УИХ, Засгийн газарт танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулах, төрийн мэдлийн алтны нөөц бүхий төслүүдийн ашиглалтыг нэн даруй эхлүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлээр ашиглах саналыг боловсруулах, Монголбанкинд алт тушааж байгаа томоохон нөөц бүхий алтны ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн татвар ногдуулах босгыг нэмэгдүүлэх, Орон нутагт хуулийн дагуу ажиллаж байгаа алт олборлогч аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллах талаар Засаг дарга болон нутгийн иргэд, төрийн бус байгууллагууд хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч ажиллахаар төлөвлөсөн. Гэвч, дээр хэлсэнчлэн популизмд даруулаад хөдөлгөж чадалгүй өнөөг хүрсэн. Харин энэхүү “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихдаа Тэргүүн Шадар сайдын хэлж буйгаар, Монгол Улсад 494.3 тонн алтны нөөц бүртгэгдсэн. Алтны 597 тусгай зөвшөөрөл олгогдсон. Үүний 83 хувь нь шороон, 17 хувь нь үндсэн ордод хамаардаг. Түүний зэрэгцээ улсын тусгай хамгаалалттай газар нутагт 95.5 тонн алтны нөөц байршиж байгаа тул байгаль орчин, түүх, соёлын өвийн хамгаалалтыг эдийн засгийн үр өгөөжтэй тэнцвэртэй уялдуулсан шийдэл шаардлага үүсжээ. Монголбанканд тушаасан алтны хэмжээ 2024 онд 16 тонн, 2025 онд 10 тонн болж буурчээ. Энэ оны эхний таван сарын алтны экспорт 2.5 тонн болж өмнөх оны өдий үеэс 27 хувиар буурчээ. Учир нь, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Гацууртын болон Эрээн-Баавгайтын алтны үндсэн ордын зарим талбай Ноён уулын дархан цаазат газрын хилийн заагтай давхацсан. Үүний улмаас төслүүдийн үйл ажиллагаа зогсонги байдалд оржээ. Гацууртын орд 42.3 тонн, Эрээн-Баавгайтын орд 10.5 тонн үйлдвэрлэлийн нөөцтэй. Хоёр төслийг хамтад нь хэрэгжүүлснээр нийт 52.8 тонн алтны үйлдвэрлэлийн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм байна. Гацууртын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд дөрвөн тонн хүртэл алт тушааж, 500-600 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх боломжтой юм байна. Хөрөнгө оруулагчаас “Төслийг төрийн 34 хувь, хувийн хэвшлийн 66 хувийн оролцоотой хэрэгжүүлэх, 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа төлбөр төлөх, ашиглалтын тусгай зөвшөөрөл сэргээгдсэнээс хойш найман сарын дотор олборлолтыг эхлүүлье” гэсэн саналыг Засгийн газарт ирүүлжээ. Урьдчилсан тооцоогоор төслийн хугацаанд Үндэсний баялгийн санд 3.56 тэрбум ам.доллар төвлөрүүлэх боломжтой гэж үзсэн байна. Түүнчлэн Эрээн-Баавгайтын төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нэг тонн орчим алт тушааж, 120-150 сая ам.долларын борлуулалтын орлого бүрдүүлэх, Хөгжлийн банкны 19 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдлийг барагдуулах эх үүсвэр бий болгох зэрэг боломжтой. Урьдчилсан тооцоогоор Үндэсний баялгийн санд 883 сая ам.доллар төвлөрүүлэх тооцоолол гарчээ. Ер нь бол эдгээр төслийг хэрэгжүүлснээр жил бүр Монголбанканд нийт таван тонн орчим алт тушаах, экспортын болон татварын орлого, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх, орон нутгийн эдийн засаг, ажлын байр, Үндэсний баялгийн сангийн орлогод эерэг нөлөө үзүүлэх боломж бүрдэх юм байна. Монгол Улс ганц алт гэхгүйгээр уул уурхайн бүх түүхий эдийнхээ ашиглалт, экспортод онцгой анхаарах цаг болсон. Аль нэг ордтой холбоотой, уул уурхайн шийдвэр гарахаар улстөржүүлэн зогсоодог байдаг газар авсан. Албан тушаалтнууд улс төр, популизмаас айгаад зориглож шийдвэр гаргаж чадахаа больсон. Үүнээс болоод сүүлийн жилүүдэд уул уурхайн хайгуул ч зогсонги байдалд орж, бодлогын хоцрогдолд оржээ. Тэр дундаа алтны хайгуул, олборлолт, экспорт “тэг” зогссон нь Тэргүүн Шадар сайын танилцуулгаас хангалттай харагдаж байна. Тиймээс, шийдвэр гаргагчид янз бүрийн улс төр, популизмаас эмээлгүй улсын эрх ашгийн төлөөх шийдвэрийг зоригтой гаргаж байх ёстой юм. Түүний хүрээнд өмнө нь нэгэнт судлагдчихсан, тусгай зөвшөөрөл бүхий алтны үйлдвэрлэлүүдийг эргэлтэд оруулах нь нэн чухал юм. Улс төр, популизм хоёроос эмээгээд алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 122 (7864)






