30 тэрбумыг залгиад ч босдоггүй шинэ төрөх
2013/04/30
Хорвоод хүн болох гэж ирсэн нялх үрс эмнэлгийн буруугаас эндэв. Эмнэлэг нь ирээдүйн иргэнээ эсэн мэнд хүлээж авах нь битгий хэл элдэв өвчний нян үржүүлгийн газар болж хувирсан нь өнөөх л бодлогогүй төр, болчимгүй түшмэдийн алдаанаас эхтэй гэхчилэн хэвлэлд бичиж, эрх мэдэлтнүүд гэнэтхэн мэдсэн аятай сүржигнэнэ.
Сүүлийн хэдэн жил бид иймэрхүү л явж ирсэн. Саяхан болтол нийслэлийн хоёр ч төрөх хаалгаа барьж, хувийн эмнэлгүүд царайчлан сард өчнөөн сая төгрөгөөр байр савыг нь түрээслэн эхчүүдээ амаржуулж, нялх үрсээ тосч авч байв. Одоо байдал овоо дээрдсэн. Нэг төрөхөд нь засвар хийж, нөгөөгийнх нь дэргэд шинэ барилга бариад өгсөн. Гэвч төрөхүүдэд ачаалал хуучнаараа их л байгаа. Төрөхөөр ирж байгаа, төрсөн эхчүүд багталцахгүй, ямар сайндаа амаржингуут нь бараг хөөгөөд эмнэлгээс гаргачихдаг болсон. Хэдий болтол энэ байдал үргэлжлэх вэ гэж хэн нэг даргаас асуувал тун удахгүй, шинэ төрөх баригдахаар хэмээн ам тагладаг. Харамсалтай нь сүр дуулиантай эхэлсэн шинэ төрөхийн барилга хатуухан хэлэхэд давхарлаж өрсөн хэдэн том хавтан төдий л байна. Ойрын мөдөд тэнд ажил оволзож барилга босох янз алга. Томчуудын том том яриад байсан амлалт сэрийж арзайсан хэдэн хавтангаар л өндөрлөх вий дээ хэмээн харсан хүн бүхний сэтгэлд жавар хургаах болов. Эхэндээ шинэ төрөх барихад 19 тэрбум шаардлагатай гэж байсан. Тэр ч бүү хэл энэ мөнгийг 2010 оны төсөвт суулгаагүй ч тун удахгүй төсвийн тодотголоор оруулж санхүүжилтийг нь шийдсэн. Мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын бизнесмэний бэлэглэх гэж байсан нисдэг тэрэгний оронд шинэ төрөх барихад туслаач хэмээн бадар барьсан гэхчилэн уг нь хаа хаанаа энэ эмнэлгийг босгочих санаатай зүтгээд л байна л гэсэн. Бүр 30 тэрбумыг төсвөөс гаргаад барьж эхэлсэн гэх ч өнөө хэр нийслэлчүүдийг шинэ төрөхтэй болгож чадаагүй л байна. Хаанаа очиж юу нь гацаад барилгын ажил таг зогссоныг хэн ч мэдэхгүй. Сураг дуулахад санхүүжилт нь бүрэн шийдэгдээгүй дээр нь барилгын зураг төсөл гологдож барих хэцүү, буулгах хэцүү болчихоод байгаа. Мөн ус, дулааныг нь хаанаас авахыг шийдэж өгөөгүй, нэг үгээр бариад эхэлсэн хойноо энэ тухай гэнэт мэдсэн маягийн онигоо шиг зүйл ч баахан ярьсан. Уг нь энэ барилгын зураг төслийг 170 гаруй сая төгрөг төсвөөс гаргаад хийлгэсэн гэдэг юм. Гэхдээ бүр монголчуудаар ч биш гадны компаниар өндөр үнэ төлж гүйцэтгүүлсэн гэдэг. Шинэ төрөхийн захиалагч нь Эрүүл мэндийн яам. Захиалагчийн зүгээс 2007 оны арваннэгдүгээр сард буюу энэ яам Б.Батсэрээдэнэ гэж жинхэнэ эмч сайдтай байх үед шинэ төрөхийн барилгын зураг төсөл зохиох тендер зарласан гэнэ. Зарласан гэх тендерийнх нь талаар мэдээлэл Монголын архитекторуудад очоогүй ч юм уу, ямартай ч уг тендерт цорын ганц компани санал ирүүлээд ялчихсан гэдэг юм. Уг нь Тендерийн хуулиар өрсөлдөгчгүй ганц компани байгаа нөхцөлд тендерийг цуцалж, дахин зарлах эрх зүйн үндэслэлийг хангалттай сайн тусгасан. Харамсалтай нь тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн санаачлагаар саналаа ирүүлсэн ганц компанийг ялагчаар тодруулж, 200 гаруй сая төгрөгийн өртөгтэй энэ ажлыг Улаан-Үдийн нэгэн хувийн компанид өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт барих 300 ортой төрөх эмнэлгийн зураг хийх эрх Буриадын “Дархан строй” нэртэй зургийн компанид очжээ. Гэтэл уг компани Монгол Улсад барилгын зураг хийх тусгай зөвшөөрөл ч байхгүй, энд үйл ажиллагаа явуулж байсан туршлага ч үгүй. Тэгсэн хэрнээ монголчуудаас түрүүлээд ийм өндөр өртөгтэй ажлын тухай мэдээллийг авч улмаар цорын ганц оролцогч бас ялагчаар тодорсон. Өмнө нь эмнэлгийн зураг хийж үзсэн эсэх нь ч эргэлзээтэй компани төрөх, эсвэл зочид буудал гэдгээ ч ойлгоогүй өнгөөр энд мөрддөг норм нормативыг ч үл хайхран хийсэн зураг нь гологдож өнөөдөр Монголын төр 170 сая төгрөг, дээр нь нялх үрсийнхээ амь нас эрүүл мэндээр дэнчин тавиад хоцроход хүрээд буй аж. Энэ зураг мэргэжлийнхэнд гологдож буй гурван ч үндэслэл бий. Нэгдүгээрт, тус компанийн гаргасан төслөөр бол 12 давхар 27 мянган ам метр талбайтай, таван том блоктой нүсэр барилга байх аж. Гэтэл эмнэлэг төлөвлөлтийн норм, стандартаар эмнэлгийн барилгыг есөөс илүү давхар байхаар тооцоолж болдоггүй. Түүнээс гадна доторх өрөө тасалгаа, эмч нарын эмчилгээ үйлчилгээ явуулах орчин, тэр ч бүү хэл хоолны газар, гудам хонгил түүгээр дамжих хөдөлгөөний урсгалыг ч илүү нарийн тооцоолж төлөвлөх ёстой байж. Харамсалтай нь “Дархан строй”-н хийсэн зурагт энэ бүхэн алдагдсан. Орчин үеийн нэрээр ордон ч биш оромж ч биш юм болсон гэнэ. Үүнээс гадна энэ эмнэлгийг барихаар төлөвлөсөн хурдын замдаа шахаад босгочихсон юм билээ. Ном дүрмээрээ бол энэ барилга төв замаар дор хаяж 50 метрийн зайд байх ёстой. Гэтэл одоо 20 гаруйхан метрийн зайтай байгаа нь замынхаа маршрутад өөрчлөлт оруулах уу, төрөхийн барилгаа нураах уу гэсэн ойлгомжгүй байдалд оруулаад буй гэх юм билээ. Түүнээс гадна энэ барилгыг хэтэрхий нүсэр гэж шүүмжлэх хүн эрүүл мэндийн салбарынханд ч, барилгынханд ч аль алинд нь байна билээ. Манай нөхцөлд 300 ортой төрөх эмнэлэг төлөвлөнө гэдэг ямар ч судалгаагүйгээр сэтгэлийн хөөрлөөр хандсаны том илрэл гэнэ. Хойд хөршийн арван сая давсан хүнтэй нийслэлд нь л гэхэд амаржих газрууд нь 100-гаас илүү ортой байдаггүй юм гэсэн. Гэтэл хоёр сая гаруй хүнийх нь сая илүү нь нийслэлд аж төрдөг Улаанбаатарт 300 ортой төрөх, дээр нь эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөх амбулаторитой иж бүрэн цогцолбор гэдэг арай л томдсон гэдэг ойлгомжтой. Байшин томрох тусам түүнд зориулан төрөөс урсгах мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Төрийн мөнгө гэдэг татвар төлөгчдийн халааснаас гарч буй хөрөнгө. Тийм болохоор түшмэдүүдэд хэмнэх сонирхол байхгүй ч байж болох юм. Өөр нэг сэтгэл эмзэглүүлсэн асуудал нь төрөх эмнэлэг бариулахаар хотоос өгсөн газар. Мөнгөтэй нь нийслэлийн төвд хүссэн газраа авч, тэнгэр баганадсан барилга босгож бэл бэнчингээ гайхуулдаг болсон өнөө цагт эх, хүүхдүүдэд зориулсан эмнэлэгт хотын зах руу л газар олдсон байна. Хан-Уул дүүргийн X хороо буюу шинэ баригдаж буй Спортын ордны урд руу гэнэ. Энд бохир усны төвлөрсөн шугам сүлжээ байхгүй. Нисэх орчмын цэвэрлэх байгууламжид Спортын ордныхоос өөр барилгын бохир усыг нэмж ариутгах боломж хүчин чадлын хувьд ч байхгүй гэнэ. Энд ажиллах, эмнэлгийн үйлчилгээ авахаар зорьж очих хүмүүс, тэдний ар гэрийнхэнд учрах хүндрэл энэ тэрийг тооцдоггүй юм гэхэд барилга барихаас гадна гарч ирэх энэ мэт зардлыг ч тооцоогүй, зураг төсөлд нь ч ороогүй учраас шинэ төрөх барина гэдэг амар сайхандаа жаргаж чадахгүй үлгэр болж нийслэлд бас нэг барилгын сэг бий болж буй юм биш үү.
М.ОДМАА
1сартан · 2013/05/02
яанаа мөнгөийг нь идсчихсэн юм бишүү
Зочин · 2013/05/01
yah gej ded butetsgui zeluud gazar barilga barisan yum be?
Зочин · 2013/05/01
deer bichsen humuus Niislel Urguu companiin Ganzigiin t**aar unen bichsen bn. Bidnii tatwaryin munguur ih togloj bgaa hun dee. Huuli hyan**tyinhan yash ch chaddahgui gej uuruu helj bh yum.Manai Yarmagt turuhyin emneleg barih ni bayarlaj blaa. Ene hunii garaar son bol huleesnii nemergu bolloo. Neeree ter ATG huulyinhan ***lgaad ter ih mungyig yasnyig ni ***lgah heregtei tegeed ch end turuh emneleg,huuhddyin g.m eruul mendyin barilga ih heregtei bn shuu
Зочин · 2013/05/01
Нийслэл Өргөөгийн Ганзоригоос төрөхийн эмнэлэгийн мөнгө, Төв архивын барилга болон бусад луйвардсан барилгын мөнгийг гаргуулах хэрэгтэй шүү. Шүүх хян****т АТГ...
zaya · 2013/05/01
Нийслэл Өргөө компанийн захир**** Ганзориг гэж луйварчин эмнэлэг барих тендерийг хахуулаар аван юу ч хийсэнгүй өчнөөн тэрбумийг идчихэж байна шүү дээ. Үр хүүхдээ төрүүлэх эмнэлэг ******ор бгаа. Ийм хүмүүсийг хууль хян****тынхан ш****гамаар бна. Ялангуяа АТГ- энэ хүнийг ш****гах хэрэгтэй. Хохирсон хүмүүс их бгаа даа