Нийслэл хотын замын түгжрэлийг бууруулах нэрийдлээр олон ч ажил хийж байгаа талаар хэн хүнгүй мэдэж байгаа.

  Харин тэр бүхнээс нь үр дүнгээ өгч буй зүйл байгаа ч, дорвитой үр дүнд хүрч чадаагүй ажлууд ч байсаар.  Түгжрэл бууруулахаар авто машинуудыг улсын дугаараар нь ялгаж замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн нь багагүй асуудлыг шийдэж өгч чадаж байсан ч хуурамч дугаар, өдрөөс өдөрт нэмэгдэх автомашинуудаас болоод нэг л явцгүй ажил болоод хувирчихсан. Улмаар  нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашинуудыг ачиж журамладаг болсон нь нэг талаасаа иргэдэд чирэгдэл ихтэй ажил болсон ч  түгжрэлийг бага ч гэсэн бууруулсан гэдгийг албаныхан хэлээд буй. Гэтэл сүүлийн үед төв замаар явахад автомашинуудаас төлбөр хураамж авна, машин түгжигч ажиглаж эхлэнэ гэх мэт янз бүрийн саналууд гарч ирлээ.

Мэдээж энэ бүгд нь өнөөх түгжрэлийг бууруулна гэх ганцхан шалгаанаас үүдэлтэй. Гэвч эл хоёр санал дээр иргэд дургуйцлээ илэрхийлж, дэмжихгүй гэдгээ анхнаасаа мэдэгдэж орхив.

Учир нь эдгээр санал, санаачлагууд нь зүгээр л  мөнгө идэх, иргэдэд хүндрэл учруулах зүйл гэж зарим хүмүүс үзэж буйтай холбоотой юм.

Төлбөртэй замын тухайд хотын дарга байр сууриа илэрхийлэхдээ “Хотын төвийн замыг төлбөртэй болгосноор нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, хүн бүрт хүрч үйлчилдэг болоход эерэг нөлөө үзүүлнэ. Хотын өнцөг булан бүрт нийтийн тээвэр цагаар очдог сүлжээг төлөвлөж байна. Үүнийг хийхийн тулд хотын зарим ачааллыг бууруулах ёстой. Мөн нийтийн тээвэр маш алдагдалтай байдаг. Үүнийг хотын төвөөр явж байгаа жолоочдоос гаргуулна” гэх мэтийн зүйл ярив.

Харин дугуй түгжигчийн талаар Нийслэлийн замын цагдаагийн газрын холбогдох албаныхан хэлэхдээ “Дугуй түгжигч ашигласнаар иргэдэд учраад буй зарим хүндрэлийг бууруулна. Иргэд машинаа ачуулчихаад хаана хандахаа мэдэхгүй, цаг заваа алдаж бухимддаг байсан бол дугуй түгжигч ашигласнаар тодорхой заасан дансруу хураамж болох 20 мянган төгрөгийг хийгээд л  дугуйныхаа түгжээг тайлуулж авах боломжтой болж байгаа” гэв.

Дээрх саналууд нь мэдээж иргэдийг бодсон, түгжрэлийг бууруулах зорилгыг агуулсан. Харамсалтай нь энэ бүхнийг иргэд эсэргүүцсээр. Учир нь хэчнээн дугуй түгжигч, хэний захиалгаар, хаанаас, хэдэн төгрөгөөр оруулж ирж байгаа нь ч тодорхойгүй. Өөрөөр хэлбэл, дугуй түгжигч ашиглаж эхлэх гэж байгаа нь хэний шахааны бизнес гэдэг нь ч ойлгомжгүй. Улмаар дугуй түгжигч ашиглаж түгжрэлийг бууруулна гэсэн хэрнээ дугуйг нь түгжиж орхичихоод тухайн иргэд хэзээ тайлуулж автал нь зам дээр байлгаж байна гэхээр нэг л учир дутагдалтай. Энэ нь угтаа түгжрэлийг бууруулах биш улам л түгжрэл, осол аваарыг нэмэх хандлагатай байгааг ч мэргэжилтнүүд хийгээд иргэд дуу нэгтээгээр хэлж байгаа юм. Бүр тодруулбал,  нэгдүгээр эгнээнд машинаа тавиад 2 минут болоод гараад ирж байгаа хүний дугуйг түгжсэн тохиолдолд 20-30 минут цагдааг хүлээгээд зогсож байх нь.

Мөн Э.Бат-Үүл даргын хэлээд байгаачлан нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд хийх гээд буй төлбөртэй төв замын асуудал  ч эртнээсээ нүүдэлчин, өөрсдийн гэсэн унаа хөлөгтэй явахыг эрмэлздэг Монголчуудын санаанд нэг нийцэж өгөхгүй бухимдуулсаар. 

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу