БНХАУ-ын дарга Монгол Улсын тусгаар тогтнолыг үеийн үед хүндэтгэнэ гэдгээ онцгойлон давтан өгүүлсэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгэл хангалуун байв
2014/08/22
Өчигдөр Монгол улсын Төрийн Ордонд Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си ЗиньПин нар хамтарсан мэдэгдэл сэтгүүлчдэд хийлээ.
Энэ үеэр БНХАУ-ын дарга Монгол Улсын тусгаар тогтнолыг хүндэтгэнэ гэдгээ хоёр ч удаа онцгойлон өгүүлсэн юм.
Үүнд ч Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихэд сэтгэл хангалуун байгаа бололтой толгой дохиж байв.
Дашрамд дурьдахад БНХАУ-ын даргын айлчлалын өмнө Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөх үеэрээ: "Сүүлийн жилүүдэд Хятад улсад, ялангуяа зарим нэг вэб сайтуудаар Монгол Улсын бие даасан байдал, мөн түүхтэй холбоотой асуудлаар гуйвуулсан мэдээллүүд, баримт бичгүүд, бичлэгүүд нэлээд гарч байна. Бид энэ байдлыг боломжийн хэрээр харж, ажиглаж судалж байгаа. Хятад улсад хэвлэл мэдээлэл, вэб сайтын үйл ажиллагаа, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа хатуу хяналттай байдгийг бид сайн мэднэ. Түүхэн үйл явцыг гуйвуулсан байдлаар бичих, түүнийг ялангуяа ирээдүйн, өнөөдрийн үйл явцуудтай холбогдуулж янз бүрийн дүгнэлт хийх нь хоёр орны ард иргэдийн дунд, бидний хамгийн гол эрмэлзэж байгаа ард иргэдийн итгэлцлийг бэхжүүлэхэд тус болохгүй байгаа гэдгийг энд хэлье гэж бодсон юм." хэмээж байсан билээ.
Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖИЙН ХЭВЛЭЛД ӨГСӨН МЭДЭЭЛЭЛ
Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга Си Зиньпин,
Эрхэмсэг зочид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөө,
БНХАУ-ын дарга Си Зиньпин миний урилгаар манай оронд БНХАУ-ын даргын хувиар анхны төрийн айчлалаа хийж байна. Энэ айлчлал нь Монгол Улс, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшинг баталгаажуулж, улам өргөжүүлсэн, хэтийн төлөвийг тодорхойлсон түүхэн айлчлал болж байна гэж хоёр тал санал нэгдлээ.
Айлчлалын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин бид хоёр ганцаарчилсан уулзалт болон албан ёсны өргөтгөсөн хэлэлцээр хийлээ. Уулзалт хэлэлцээр найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Бид хоёр талын сонирхсон олон асуудлаар санал солилцож, чухал тохиролцоонд хүрлээ. Хамгийн гол нь Монгол Улс, БНХАУ-ын хоорондын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэж үзэж цаашид уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд бид гарын үсэг зурлаа. Би уг тунхаглалын үндсэн зарчмуудыг энд онцгойлон дурдахыг хүсэж байна.
Үүнд: “Талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх” гэж тодорхойллоо. Дээр нь нэмж “Талууд нөгөө талын бүрэн эрх, аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдалд хохирол учруулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй, аливаа гэрээ байгуулахгүй, аливаа эвсэл, бүлэглэлд нэгдэхгүй... тийм үйл ажиллагааг өөрийн улсын нутаг дэвсгэрт явуулахыг аль нэг гуравдагч улс, байгууллага, бүлэглэлд зөвшөөрөхгүй байхыг” онцлон тэмдэглэв.
Өнөөдрийн энэ хамтарсан тунхаглал бол манай хоёр орны харилцааны суурийг тодорхойлсон, цаашид харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлийг баталгаажуулсан, аливаа асуудлыг эрх тэгш, нээлттэй харилцан хэлэлцэж шийдвэрлэх өргөн боломжийг нээж байгаа юм. Уг баримт бичиг бол БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлалын онцгой түүхэн ач холбогдлыг илэрхийлж байгаа юм.
Энэ айлчлалын үеэр хоёр улсын Засгийн Газрын болон төрийн яам байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн хооронд чухал яриа хэлэлцээ хийгдэж 30 гаруй гэрээ, хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурж байна. Эдгээр нь энэ айлчлалын агуулга, ажил хэрэгч талыг илтгэж байгаа юм.
Би дээрхээс далайд гарцгүй орны хувьд Монгол Улс БНХАУ-тай төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хэлэлцээр байгуулсныг онцгойлон дурьдахыг хүсэж байна. Энд бид далайн боомт, төмөр замын шинэ гарцууд, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, хөнгөлөлт зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадлаа. Мөн Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд нэн тааламжтай нөхцөлөөр нийлүүлэх, тэргүүн ээлжинд хөдөө аж ахуйн гаралтай Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүнийг татваргүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлэх нөхцөл бүрэлдүүлж ажиллах хэрэгтэй байгаа талаар би БНХАУ-ын талд санал тавьж ярилцлаа.
Мөн уул уурхайн бүтээгдэхүүнд гүнзгий боловсруулалт хийх, экспортлох, дэд бүтцийн салбар ялангуяа төмөр замын салбарыг хөгжүүлэх, дамжин өнгөрөх ачаа барааг нэмэгдүүлэх чиглэлд тулгамдаж байгаа асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх, тодорхой ахиц дэвшил гаргах талаар тохиролцлоо. Хоёр тал эрчим хүчний экспорт, импортын ерөнхий хэлэлцээр байгуулах асуудлаар харилцан санал солилцож, 2014 онд багтаан тохиролцоонд хүрэх талаар хүчин чармайлт гаргаж ажиллахаар санал нэгдлээ. Мөн Азиас Европруу Монголын нутаг дэвсгэрээр дамжин тээвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүний хэмжээг жил бүр өсгөх замаар 2020 он гэхэд 100 сая тоннд хүргэх талаар ярилцлаа.
БНХАУ-ын дарга миний дэвшүүлсэн хоёр талын хамтын ажиллагааны асуудлууд тэр дунд эдийн засгийн, худалдаа, дэд бүтцийн хөгжлийн асуудал бүрийг хариуцах эзэнтэй, уг ажил хийгдэх цаг хугацаатай, ачаа барааны хувьд эргэлт нь одоогийн түвшингээс байнга нэмэгдүүлж, хэмжээ нь өсөж байх тодорхой тоотой байх саналыг дэмжсэнд баяртай байна. Энэ нь аливаа хоёр талд ярьж буй ялангуяа эдийн засаг, худалдаа, тээврийн асуудал хугацаатай, хэмжээтэй, хариуцах эзэнтэй, өсөн нэмэгдэж байх зарчим юм.
Манай хоёр орны харилцаа хүрээгүй салбар байхгүй гэж байхгүй. Нэмж хэлэхэд хууль хяналт, аюулгүй байдал, банк, санхүү, байгаль орчин, нийгэм, эрүүл мэнд, боловсрол, барилга бүтээн байгуулалт, хүмүүнлэгийн салбар болон олон талт харилцааны асуудал бидний анхаарлын төвд байгаа. Мөн олон төсөл хөтөлбөр БНХАУ-ын оролцоо, дэмжлэгээр үргэлжлэн, шинээр хэрэгжих болсныг тэмдэглэхэд таатай байна.
Төгсгөлд нь хэлэхэд БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпиний айлчлалын үеэр бид харилцан сонирхсон болон олон улс бүс нутгийн өргөн хүрээтэй асуудлаар санал солилцох болно. БНХАУ Монгол Улсыг АПЕК - Ази, Номхон Далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагад гишүүнээр элсэхэд их анхаарал тавьж онцгойлон дэмжиж байгааг хэлэхэд таатай байна.
Хоёр орны харилцаанд шинэ хуудас нээж байгаа түүхэн айлчлалынхаа үеэр манай оронд тавтай саатан морилохыг БНХАУ-ын дарга Эрхэмсэг ноён Си Зиньпин, эрхэмсэг хатагтай Пөн Ли-юаньд болон эрхэм зочдод чин сэтгэлээсээ хүсэж байна. Өнөөдөр Та бүхэн манай газар нутагт хур дагуулан бууж ирлээ. Монголчууд “Хувьтай хүн хурнаар” гэдэг. Энэ бол Та бүхэн манай оронд сайхан сэтгэлээр ирснийг болон манай ард түмэн ч Та бүхнийг сайхан сэтгэлээр угтаж буйн илэрхийлэл юм.
Анхаарал тавьсанд баярлалаа.
БНХАУ-ЫН ДАРГА СИ ЗИНЬПИНИЙ СЭТГҮҮЛЧДЭД ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ
Эрхэмсэг ноён Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж,
Сайд нар, сэтгүүлчид ээ,
Та нар сайн байцгаана уу,
Саяхан би ноён Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийж Хятад-Монголын харилцааны бүхий л салбарын хамтын ажиллагаа, харилцан сонирхсон олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал солилцож олон чухал тохиролцоонд хүрлээ. Хятад-Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн туршид хоёр улсын найрамдал, хамтын ажиллагааны гол урсгал байж ирлээ.
Ялангуяа 1994 онд хоёр тал Хятад-Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний дараагийн 20 жилийн туршид хоёр тал нөгөө талынхаа сонгосон улс төрийн тогтолцоо болон хөгжлийн замыг чин сэтгэлээсээ хүндэтгэж ирлээ. Бие биеийн язгуур эрх ашиг болон анхаарал ихээр хандуулсан асуудалд чин сэтгэлээсээ хүндэтгэлтэй хандаж ирлээ. Нөгөө талынхаа хөгжлийг өөрийн талын хөгжлийн чухал завшаан гэж чин сэтгэлээсээ үзэж байна. Ингэснээр Хятад-Монголын харилцаа тасралтгүй шинэ амжилтаар баяжиж ирлээ.
Саяхан хийсэн албан ёсны хэлэлцээний үеэр би болон ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр улсын харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд дэвшүүлэхээр тохиролцлоо. Хятадын ард түмнээс Монголын ард түмэнд хандсан найрамдлыг илэрхийлэхийн тулд, мөн Монгол Улсын хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэхийн тулд би Хятадын Засгийн газрыг төлөөлж Хятад-Монголын хамтын ажиллагааны хэд хэдэн төслийг зарлалаа. Үүний дотор эдийн засаг, техникийн тусламж болон боловсон хүчний талаар дэмжлэг үзүүлэх төслүүд байгаа юм.
Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүний гэргий намайг болон миний гэргий, манай төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авсан нь ноён Ерөнхийлөгч болон түүний гэргий, Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмнээс Хятадын Засгийн газар, Хятадын ард түмэнд хандсан зузаан найрамдлыг илэрхийлж байна гэж би үзэж байна. Монголын талд гүн талархал илэрхийлж байна.
Миний энэ удаагийн айлчлал хоёр өдрийн хугацаатай богинохон ч гэсэн олон үр дүнд хүрч байна. Хоёр улсын Засгийн газар сайн бэлтгэсэн байна.Энэ удаагийн айлчлал амжилттай болж байна. Хятад-Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлэхийн тулд би болон ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дараах тохиролцоонд хүрлээ.
Нэгдүгээрт, улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагааг хөгжүүлж, хоёр тал цаашид стратегийн хэлхээ холбоогоо нэмэгдүүлэх болно. Ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг энэ оны 11 дүгээр сард БНХАУ-д очиж АПЕК-ийн дээд хэмжээний үеэр болох “Дэд бүтцийн төслийн харилцааг хагжүүлэх нь” гэсэн сэдэвт яриа хэлэлцээнд оролцохыг урьж байна. Мөн ноён Ерөнхийлөгчийг тааламжттай үедээ Хятадад дахин айлчлахыг урьж байна. Хоёр тал хууль тогтоох байгууллагуудын тогтмол солилцооны механизм болон Хятад-Монголын Гадаад хэргийн яамдын стратегийн яриа хэлэлцээний механизм байгуулахаар тохироод байна. Хоёр тал батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр улсын батлан хамгаалахын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх болно. Хоёр улс нийтлэг улс төр, аюулгүй байдлын эрх ашгийг хамгаалах болно.
Хоёрдугаарт, худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг иж бүрнээр хөгжүүлж, Монголын талаас урт хугацаанд анхаарч байгаа далайн боомт, транзит тээвэр зэрэг асуудлыг зөв зохистой шийдэж байна. Хоёр тал цаашид Хятад, Монголын Засгийн газар хоорондын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухааны хамтарсан комисс, дэд бүтэц, уул уурхайн хамтын ажиллагааны зөвлөл гэх зэрэг механизмыг сайтар ашиглаж шинээр байгуулсан Хятад-Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацаны хөтөлбөрийг сайн хэрэгжүүлж, 2020 он гэхэд хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэх болно.
Хоёр тал мөнгөн тэмдэгтийн SWOT-ын хэмжээг 15 тэрбум юанийн хэмжээнд нэмэгдүүлэхээр санал нэгтэй тохиролцсон. Хоёр тал цаашид уул уурхай, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагааг цогцоор хөгжүүлэх зарчмын дагуу дэд бүтэц болон том төслүүдийн хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэлийн ажиллагаа болгоно. Хятадын тал цаашид транзит тээвэр, далайн боомт, гэх мэт салбарт Монголын талд үргэжлүүлэн дэмжлэг үзүүлнэ. Хоёр улс уул уурхайн бүтээгдэхүүнийг гүнзгий боловсруулан шинэ эрчим хүч, цахилгаан, хөдөө аж ахуй, хилийн боомт гэх мэт салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Хоёр талын чөлөөт бүсийн хэлэлцээрийг хэлэлцэх үйл ажиллагааг хоёр тал эхлүүлэхээр санал нэгтэйгээр тохиролцсон. Хятадын Эрээн хот, Монголын Замын-Үүд гэх мэт нөхцөл бүрдүүлсэн бүсд хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулахыг нааштай судлахаар тохиролцов.
Гуравдугаарт, ирэх таван жилийн туршид Хятадын талаас Монголын талд 1000 сургалтын квот олгоно. Мөн Засгийн газрын тэтгэлгийн квот 1000-ыг шинээр олгоно. Монголын 500 цэргийн албан хаагчийг сургана. Монголын 500 залуус, 250 сэтгүүлчийг Хятадад айлчлуулна. Монголын талд Хятадын шилдэг 25 кино, телевизийн нэвтрүүлгийг үнэ төлбөргүйгээр өгнө. Хоёр тал Хятад, Монголын найрсаг солилцооны жилийг сайн зохион байгуулж, хоёр улсын залуучууд, хэвлэл, мэдээлэл болон халдварт өвчинтэй тэмцэх, цөлжилттэй тэмцэх зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх болно.
Дөрөвдүгээрт, олон улс, бүс нутгийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр улс цаашид НҮБ, АСЕМ, ШХАБ,CICA зэрэг байгууллагын хүрээнд хамтын ажиллагаа, зохицуулалтыг нэмэгдүүлж, сайжруулж хөгжүүлэх болно.
Хятадын тал ноён Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дэвшүүлсэн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээний санаачлагыг дэмжиж байна. Мөн Монголын тал АПЕК-т гишүүнээр элсэхийг дэмжиж байна. Хятадын талаас зургаан талт яриа хэлэлцээг сэргээхийн тулд гаргасан хүчин чармайлтыг Монголын тал дэмжиж байна.
Хоёр улс цаашид “Торгон замын эдийн засгийн бүс” санаачилга, “Тал нутгийн зам” санаачилга, Азийн бизнесийн хөрөнгө оруулалтын банк гэх мэт хүрээнд үйл ажиллагаа явуулах болно. Хятадын тал Монголын талаас санал дэвшүүлсэн Хятад, Монгол , ОХУ гурван улсын дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг дэмжиж байна.
Энэхүү завшааныг ашиглаад би дараах зүйлийг дахин онцгойлон нотлоход бэлэн байна. Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ. Монголын ард түмний өөрсдөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ. Мөн Хятад улс Хятад-Монголын харилцааг өөрийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэж үзэж байна. Хятадын тал Монголын талтай хамт харилцан итгэлтэй, харилцан хариуцлагатай байх сайн хөрш, сайн найз, сайн түнш байхад бэлэн байна. Бид Монголын талтай хамт хүчин чармайлт гаргаж зүрхэнд ойрхон, сэтгэлд уялдаатай, эрх ашиг харилцан шингэсэн найрсаг хөрш, ээлтэй хөрш байхад бэлэн байна. Бид цаашид харилцан дэмжиж, харилцан тусалж хоёр улсын нийтлэг сэргээн босголт, хөгжлийн төлөө хамтран ажиллая.
Өнөөдөр маш сайхан бороотой байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн найрамдлын салхитай хамт хамтын ажиллагааны бороо ирж байна. Энэ нь хоёр орны харилцаа шинэ шатанд гарч, шинэ ирээдүйтэй байх болно гэж илэрхийлж байна. Баярлалаа
Зочин · 2014/08/29
Элбэгээ, төрсөн ах Си - тэйгаа нийлж аваад Монголчуудийгаа хошгоруулсан явна ш дээ.
Зочин · 2014/08/24
mon doo!odoo byr HuJaATAIGAA niilj hoshgoruuldag boloh ni!MONGOLIIN ARD TYMEN TENEG BISH SHYY!
Зочин · 2014/08/24
Орос хятадын дарга нарыг байн байн уриад байва л долл ар унах юм бишүү
Зочин · 2014/08/23
Zochim · 2014/08/23
Jinhene manj ugend yasan ih itgedeg yum elbegee uuruu Ih hudlaa yaridag hoshguruuldag shuudee,tom uls gedeg tom uls uchnuun gariin useg zuraad l bdag heregjdeg yum bdag yumuu 20 jil gariin useg zuraad,darga nar gadaad ruu tatvariin munguur ayalaad l mongol uls hugjuugui uursduu l bayajsan shuudee odoo ard tumenee bodmoor yumdaa nzuudaa,
Zochim · 2014/08/23
Jinhene manj ugend yasan ih itgedeg yum elbegee uuruu Ih hudlaa yaridag hoshguruuldag shuudee,tom uls gedeg tom uls uchnuun gariin useg zuraad l bdag heregjdeg yum bdag yumuu 20 jil gariin useg zuraad,darga nar gadaad ruu tatvariin munguur ayalaad l mongol uls hugjuugui uursduu l bayajsan shuudee odoo ard tumenee bodmoor yumdaa nzuudaa,
Зочин · 2014/08/23
Хошгоруулагчыг өөрийг нь жинхэнэ гошгоруулцан байнашдээ.