Элдэв судалгаа, тандалт, таамаглалд цэг тавьж хоёр гол намаас нэр дэвшигчид тодорлоо. МАН, АН-ын нэр дэвшүүлэх үйл явц тэнгэр, газар шиг ялгаатай байсан нь энэ сонгуулийн гарааны өнгийг тодорхойлох шиг боллоо гэх олны ам оргүй биш юм.

Аливаа асуудалд “алалцаж”, уралцаж, тэмцэлддэгээрээ өрсөлдөгчөөсөө ялгарч, үүгээрээ илүү ардчилалтай харагддаг АН ёстой л эвийг хичээн байж, Ц.Элбэгдоржийг дахин нэр дэвшүүлэв. Энэ нь тус намд аливаа асуудал ардчилсан зарчмаар биш, улстөрийн наймаа арилжаа, тохироогоор явагддаг болсны тод илрэл боллоо. АН-ын фракцууд, лидерүүд бүгд албан тушаал хэмээх амтат бялууны амтанд орсон тул намыг нь ардчилсан харагдуулдаг гол дүрээс татгалзаж эхэлсний илэрхийлэл гэж ч хэлж болохоор. Түүнээс бус Ц.Элбэгдоржийг Төрийн тэргүүнээр гойд сайн ажиллалаа гээд нэгэн дуугаар үнэлж дүгнэсэн хэрэг огт биш юм. Өмнөх Ерөнхийлөгч нарыг бодоход харин ч “үндэсний эв нэгдлийг сахиулах” үндсэн үүргээсээ хазайсан гэхчилэн нам дотроосоо хүртэл шүүмжлэлтэй тулгардаг олон асуудал Ц.Элбэгдоржид бий. Гэвч фракц, бүлэглэлүүд сайтар тохиролцож чадсан тул ҮЗХ-ны хуралдаанаасаа 100 хувийн саналаар ногоон гэрлээр нэр дэвшиж чадав. Дөрвөн жилийн өмнө АН-ын ҮЗХ-ны хуралдаан дээр түүнтэй өрсөлдөн ялагдаж байсан Э.Бат-Үүл хэрхэн бархирч байсныг хүмүүс мартаагүй байх.
    Ц.Элбэгдорж “Алтан гадас”-ынхантай хуйвалдаад түүнийг унагачихсан юм. Харин өнөөдөр хэнийг ч бархируулсангүй, бас хэнтэй ч хор найруулах шаардлагагүйгээр нэр дэвшиж чадлаа. Ийм эрхийг авах том гавьяаг төрөлх намдаа байгуулсныг өнгөрсөн сонгуулийн ялалт, түүнээс хойш өрнөсөн олон үйл явдлаар гэрчилж болно. “Бэлгэ тэмдгийн шинжтэй Ерөнхийлөгч чинь ийм их эрх мэдэлтэй байсан юм уу” гэж олон хүнийг уулга алдтал улстөрийн үйл ажиллагаа явуулжээ, манай Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газар гээд хянадаг, шалгадаг эрх мэдэл бүхий хуулийн байгууллагуудын хүчийг өмнөх Ерөнхийлөгчид улстөрийн үйл ажиллагаандаа төдийлөн ашигладаггүй л байж. Ашиглалаа ч тэрүүхэн хавьдаа л зохицуулдаг байсан юм уу даа. Харин Ц.Элбэгдорж хүчний байгууллагуудын хүчийг АН-ын сонгуулийн нэг гол хөзөр болгож чадав. Улмаар эрх баригч байр суурьт бэхжихэд нь бас л “хэрэглэв”. Ингэж явсаар эрх баригч хүчинд үл үйлчилдэг, өрсөлдөгч хүчнийг нь намнадаг хуулийн практик нэгэнт тогтов. Чухам үүний ачаар АН парламент дахь суудлын тоогоо нэг нэгээр нэмсээр байна. Ард түмний мандатаар сонгогдоогүй АН-ын Г.Батхүү УИХ-ын гишүүн болсон байхад сонгогчдын бодит саналаар сонгогдсон МАН- ын С.Чинзориг, Д.Сумьяабазар нар хэдийд тангаргаа өргөх нь тодорхойгүй байна. Энэ бол өөрт оногдсон эрх мэдлээрээ нэг намд үйлчилж буй Ц.Элбэгдоржийн л ач. Тийм учраас түүний энэ гавьяаг АН яахин мартаж болох. Харамсалтай нь нэг намд ингэтэл улайран үйлчилснийх нь төлөө ард түмэн Ц.Элбэгдоржийг дахин сонгох, эсэх нь асуудал болоод байгаа билээ.
   Ард түмний мандатаар сонгогддог Төрийн тэргүүний суудлыг дарангуйлж, дээрэлхэж авах боломж бараг байхгүй. Гэхдээ эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг зөвхөн Ц.Элбэгдоржид зориулан баталсан гэдэг оргүй зүйл биш. Хамгийн наад зах нь нэр дэвшигчийн нэрийг саналын хуудсанд бичихдээ УИХ-д хамгийн олон суудал авсан намын нэр дэвшигчээс эхэлж дараалуулан бичих заалтыг хуульд шигтгэсэн. Нэгдүгээрт бичигдэнэ гэдэг өөртөө онцгой давуу байдлыг үүсгэсэн гэсэн үг билээ. Дээр нь сонгуулийг будилуулсан гол хүчин зүйл болох автомат машины булхайг илрүүлсэнгүй. Олон нийт, өрсөлдөгч намынхан нь автомат машинд эргэлзсээр, машины луйвар гарсныг баталсаар байхад Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөхийн адил явуулахаар хуульд тусгасан нь ноцтой асуудал юм. Шуудхан хэлэхэд АН нэг удаа хийсэн луйвраа дахин давтахаар хуульчилж өгсөн гэсэн үг. Үндэсний эв нэгдлийг сахих үндсэн үүргээ биелүүлээгүй, зөвхөн нэг намд үйлчилсэн Ц.Элбэгдоржийг энэ мэтэд найдаж намаас нь 100 хувийн саналаар нэр дэвшүүллээ ч гэж хэлж болох юм.  Ардчилсан, шударга өрсөлдөөн АН-д бус МАН-д үүрээ зассаныг гэрчлэх нэр дэвшүүлэлт МАН-ынх байлаа. Ерөнхийлөгчийн сонгуульд дөрвөн хүний нэр дэвшин, Бага хурлын гишүүдээр хагалуулсан нь тус намын төдийгүй Монголын түүхэнд хамгийн олон хүн нэр дэвшсэн тохиол болсон. Мөн анх удаа эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн нь жинхэнэ ардчилсан намын үзүүлэлт болсон билээ. МАН-ыг даргын нам болсон гэж шүүмжилдэг нь нууц биш. Тэгвэл энэ удаа намынх нь дарга өрсөлдсөн өрөг дээр жинхэнэ шударга тэмцэл явж болдгийг харуулснаараа сөрөг хүчин болоод удаагүй МАН ямар хурдтай шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаагийн илэрхийлэл боллоо. МАН-д өнөөдөр АН-ынхан шиг албан тушаалын эрх ашиг гэж үгүй. Харин ялагдсан учраас эрх баригчдын дээрэнгүй авирын золиос болж байгаа гишүүдийнхээ эрх ашгийг хамгаалах, цаашлаад улс орон, ард түмнийг нэг намын хүчирхийллээс аврахын тулд шударга өрсөлдөөнөөс бодит нэр дэвшигч гаргах хэрэгтэй гэсэн зарчмаар асуудалд хандлаа. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг.
   Жинхэнэ өрсөлдөөнөөс гарсан нэр дэвшигч их сунгаандаа ч сайн давхиж болох юм. Ингэхэд бөхөд хайртай монгол түмэндээ хүндлэгдсэн эгэлгүй их аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг МАН нэр дэвшүүлснээрээ намдаа болон өөртөө ямар давуу боломж авчирч байна вэ. Бас ямар сул талтай юм бол...? Өрсөлдөөнд хэн ч ялагдана гэж ордоггүй учир олон нийт аль хэдийнэ энэ мэтийг тунгааж эхэлжээ. Юуны өмнө тулх нуруутай, төлөв төвшин байх хүний хэв шинж УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд бүрэн цогцолсон байна. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэсэн яриа ямар учиртайг бүү мэд. Харин их аварга Б.Бат-Эрдэнийн хувьд бүдүүн өвсөнд байтугайд бүдрэлгүйгээр төрийн наадамдаа 12 давж, төрөө бас есөн жил түшилцсэн байх юм. Зүгээр нэг барилдахаас өөрийг хийдэггүй бүдүүн хадуун бөх байсан бол хэнтийчүүд Б.Бат- Эрдэнийг УИХ-д гурван удаа сонгохгүй нь лав. Гурван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллахдаа тэрбээр хэтэрхий мэргэн жараахай болох гэж ийш тийшээ үсчиж явсангүй. Харин байгаль дэлхий, уул усаа хамгаалах гэж үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, тэмцэж ирсэн учир түмэн олны таалалд нийцэж байна. Эх орон, ард түмний эрх ашиг байгалийн баялагтай уяа холбоотой л юм бол үүний төлөө өнөөдөр үгээ тод хэлж байгаа цорын ганц төрийн түшээ бол Б.Бат-Эрдэнэ. Ардчиллын түүхэн дэх зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн босгон дээр өнөөгийн болон өмнөх Ерөнхийлөгчдийн талаар сонгогч олон нийт дүгнэж, эргэн нэг санаж байна. “Хээгүй”, “хийгүй”, “хэлдэг, ярьдаг” гэхчилэн нэрлэгсдийн араас ямар ч байсан түмэн олны төлөө төвч шударга байх, хамгийн гол нь эв нэгдлийг хангаж чадах шалгуурыг харгалзаж байгааг анзаарсан биз ээ. Төрийн хүний төвшин нуруу аль ч төвшинд үгүйлэгдэх энэ цагт Б.Бат- Эрдэнийг нэр дэвшүүлснээрээ МАН алдаагүй, харин ч оносон байх магадлалтай. Эрх баригчдын хүч түрэмгийлэл, зохион байгуулалттай хийж болзошгүй сонгуулийн луйвар, давуу боломж зэргээс илүү олон түмний сонголтод итгэж МАН нэр дэвшигчээ сонголоо. АН-д өөрийн гэсэн давуу тал байхад МАН-д бас байна. Нэг нь намаасаа тохиролцоогоор гарч ирсэн байхад нөгөө нь өрсөлдөөнөөр гарч ирсэн гэх зэрэг тэнгэр, газар мэт ялгаа гарааны зурхайн өнгийг бас тодорхойлж байж мэдэх юм. Ард түмэн сонголт хийхдээ хэнтэй ч тохиролцдоггүй билээ.

Т.БУД