Засгийн газар элэг бүтэн байх нь М.Энхсайханд ямар ашигтай юм бэ
2013/05/08
МҮАН-ын Бүгд их хурал маргааш болно. Тэд хурлаараа Монгол Улсын Ерөнхийлөгчид М.Энхсайханыг нэр дэвшүү-лэхийг албан ёсоор шийдвэрлэх эсэхээ ярилцана.
Намынх нь Удирдах зөвлөлөөс М.Энхсайханаа нэр дэвшүүлэх хэрэгтэй гэдгээ зарласан. Харин түүнийг намынх нь гишүүд хүлээн зөвшөөрч дэмжвэл одоогийн байдлаар Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ нартай өрсөлдөх учиртай. М.Энхсайханы хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан туршлагатай нэгэн. Нам дотроо Н.Энхбаяртай өрсөлдөх эрх авахын тулд чамгүй хичээл зүтгэл гаргаж байсан. Тухайн үеийн М.Энхсайхан, одоогийн М.Энхсайханы улс төрийн нөхцөл байдал хэдийнэ өөрчлөгдсөн. Ардчилсан намаас “шантааж” хийн байж нэр дэвшсэн М.Энхсайхан өнөөдөр МҮАН-ын ганц лидер учир түүнийг нэр дэвшихэд олон хүн гайхаагүй биз. Гэхдээ М.Энхсайханыг Ардчилсан намын саналыг хуваах гэж нэр дэвшиж буй гэх. Түүнийг албан ёсоор батламжилчихвал тэгэх нь ч аргагүй юм. Засагт хамтарсан намууд гэрээ байгуулахдаа бүх шатны сонгуульд хамтарч оролцоно гэсэн.
Гэвч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар энэ гэрээгээ зөрчих нь. Хэрэв зөрчвөл засагт хамтарсан намууд засгаас гарах ч байдал үүсэж мэднэ. Харин засаг бүтэн байх нь М.Энхсайханд ямар ашигтай нь огт харагдахгүй байгаа юм. Учир нь “Монголын төмөр зам” компанийн захирлаар томилогдсоныхоо дараа Монголын шинэ төмөр зам төслийг урагшлуулахын тулд нарийн царигийг сонгох нь зүйтэй гэснээсээ болж ажлаасаа халагдсан. Үүнээсээ болж Засгийн газрынхантай маргалдаж, сонирхлын зөрчлөө дарж чадаагүй юм. “Авлигачдыг цээрлүүлнэ” гэсэн уриатайгаар 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож байсан тэрбээр өрсөлдөгч явсан Н.Энхбаяртайгаа гар барилцсан. Тэгсэн боловч тэд МҮАН-аараа сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн нь энэ аж. М.Энхсайханы хувьд хоёр хувилбар бий. Юу гэхээр сонгуульд ялахын тулд өрсөлдөх. Харин нөгөөх нь замын дундаас буцах. Ерөнхийлөгч болох итгэл үнэмшлээр тэрбээр 2005 онд өрсөлдөж байсан. Харин одоо бол Ерөнхийлөгч болчих юмсан гэхээс илүүтэй санал хуваахаар түүний нэр орж ирэв үү гэлтэй.
МАХН-Д БОЛОМЖ БИЙ
МАХН-ын Бага хурал өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцохоо шийдвэрлэнэ. Гэхдээ тэдэнд сонголт бий. Юун түрүүнд намын удирдах байгууллагаас санал болгосон Д.Тэрбишдагва, Л.Цог, Ч.Улаан, Н.Удвал, Ц.Цолмон нарынхаа нэгийг сонгож Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх юм. Хэрэв тэд энэ хувилбарыг сонгоод УИХ-ын сонгуульд оролцсон шигээ амжилт үзүүлбэл тэдэнд боломж байна. МАХН-ынхан “Шударга ёс” эвсэлтэй хамтраад УИХ-ын сонгуульд оролцохдоо 22.31 хувийн саналыг авч байв. Энэ бол гуравдагч хүчний хувьд том амжилт. Үүнийгээ энэ удаагийн сонгуулиар баталгаажуулж чадна гэвэл МАХН-ынхан дотроосоо хүнээ тодруулан дангаараа оролцоно. Тэгвэл МАХН маш том пиар хийлээ гэсэн үг. Хэрэв ингэж чадахгүй гэж үзээд хувилбар сонговол тэд Ардын намыг буюу Б.Бат-Эрдэнийг дэмжиж оролцохоос өөр аргагүй юм. Засгийн газарт хамтарснаараа МАХН-ынхан намын даргаа гаргаж чадаагүй. Тиймээс сонгуулийн үеэр Ардчилсан нам тэдний хувьд өрсөлдөгч байх болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд парламентад суудалтай намууд оролцох ёстой гэснээс биш эвсэл оролцох эрх зүйн орчин байхгүй. Тэгэхээр МАХН, МҮАН-ын эвсэл тус, тусдаа оролцоно. Гэхдээ тэд нэг нэгийгээ дэмжиж болох.
Ямартай ч МАХН, МҮАН-ынхан сонгуульд хэрхэн оролцохоо тус тусын хурлаараа тодорхой болгоно. Гэсэн ч одоогоор МАХН Ардын намыг дэмжин оролцох байх гэсэн таамаг байна.
Ц.Энхцэцэг