Ардчилсан намын гишүүн Ц.Эл­бэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон­гуу­льд хоёр дахь удаагаа өрсөл­дөхөөр боллоо. Үүнийг Ардчилсан намынхны хувьд зөв сонголт гэхээс яах вэ.

Харин түүнийг эвдэж мэдэх уур амьсгалыг намынхан нь бүрдүүлчихээд байгааг 181 гишүүн нэгэн зэрэг гар өргөсөн тус намын ҮЗХ-ны хуралдаан харуулсан. “Итгэл үнэмшлээрээ нэгдэх хувь ийн гарч болох ч түүнийг сүлд мод шиг чимж, хий хоосон үгээр “зодох” хэрэг байсан уу. Яагаад нэг ч шүүмжлэл гарсангүй вэ. Энэ Ардчилсан намын хурал мөн үү гэхчлэн шүүмжлэл хөвөрч байна.

Гэтэл үүнийг нотлох мэт өчигдөр болсон Ардчилсан намын Их хурал дээр нэр дэв­шигч Ц.Элбэгдоржид бат­ламж гардуулахын тулд Монгол орны өнцөг булан бүрээс 7000 гишүүн цуглуулж байгаад зад магтсан юм. Уг нь Ц.Элбэгдорж хүч­тэй лидер. Түүнд  ийм “аймар”, “ичмээр” дэмжлэг хэрэггүй. Харин ч энэ бүхэн Ц.Элбэгдорж гэдэг тод гэрэлтэх одыг бүдгэрүүлж мэдэх талтай.

 

Түүний түүхийг мэдэхгүй сонгогч өнөөдөр Монголд хэр олон байдаг бол. Ардчиллын анхдагчдын нэг, ард түмний эд эс, эгэл борчуудын хэлтэрхий, тэгсэн хэрнээ дэндүү хүчтэй тэмцэгч. Ийм л “имиж”-ээр тэр ард түмний дэмжлэгийг авч Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Өндөг шиг өөгүй гэж түүнийг хэлэхгүй ч ард түмний дургүйцлийг хүргээгүй өнөөдрийг хүрсэн учраас дахин нэр дэвших эрхээ олж авсан нь яах аргагүй үнэн. Гэтэл хэнийг ч эвдэж чаддаг монголчуудын зусарч, бялдууч зангийн өмхий үнэр сэнгэнэж эхэллээ. Ц.Элбэгдоржид ийм “ирклаам”, зориуд зүүсэн “ярлык” даанч зохихгүй. Харин ч гай болж мэдэх юм.

Бараг боломжгүй нөхцлөөс, маш хурц, зоригтой тэмцлээр олж авсан ялалт нь л түүнийг чимсээр ирсэн. Түүнээс биш моринд нь сугадаж мордуулдаг, үгийг нь цуурай мэт давтдаг, олны хүчээр хийсэн ажлыг хүчээр өөрт нь нааж ярьдаг нөхөд Ц.Элбэгдоржид хэрэггүй. Угаасаа л түүний ялалтын түүхэнд ийм зүйлс огт байгаагүй.

Ардчилсан намын  их хуралд оролцогчдын сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ хүрч, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна гэж үзэж болохуйц үг, уриа олонтаа дуулдсаныг нуух юун. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа энэ сарын 22-ноос албан ёсоор эхлэх учиртай. Тэр үед л яг ингэж туг далбаагаа хийсгэн гоё үгээ ярьж байх учиртайсан. Гэтэл бөөн уриа, Монголын ард түмний хийсэн өнгөтэй өөдтэй бүхнийг өөртөө, намдаа нааж Ерөнхийлөгчид тал засан үг хэлэх урт цуваа хөвөрчээ.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажилласан учраас л Улаанбаатар утаагүй, хоггүй болсон гэнэ. Лиценз цуцлаад өгчихсөн, авлигачныг цээрлүүлж өгсөн гавьяатай ч гэх шиг. Ингэж байж тамирчнаар бол бэлтгэл нь цөмөрч олон нийтийн дургүйцлийг төрүүлэх вий дээ. Уг хүн нь шөнийн тэнгэрт од шиг гялалзаж гарч ирсэн байтал гэгээн өдөр гэрэл тусгаад, бүр хурц гэрлээр шараад байхаар хэрхэн дахин гялалзах билээ.

Энэ мэтчлэн Ардчилсан намын ҮЗХ, Их хурлын уур амьсгалаас харахад ялалт, эрх мэдэл тэднийг нэгтгэж байна гэж өөрсдөө харахыг хүсэж буй ч үнэн хэрэгтээ урьд хожид байгаагүй зусарч, бялдууч занд сургаж байгаа бололтой дог. Асаж дүрэлзэж явсан гал ингэж унтардаг учраас улстөрчдөд итгэхэд бэрх байдаг аж. Тэр тусмаа Ардчилсан намынхан УИХ-ын 2012 оны сонгуулиас хойших нэг жил хүрэхгүй хугацаанд танигдахгүй болтлоо өөрчлөгджээ. Тэднийг хэрэлдэж хуралддаг байгаасай гэсэндээ ингэж хэлээгүй юм шүү. Хэзээ ч байгаагүй айсан, сүрдсэн, зусардсан байдал, ардчилалгүй, шүүмжлэлгүй хурал тэднийг “коммунистууд” шиг харагдуулж байна. Ийм байдлаар нэр дэвшигчээ “хорлон сүйтгэх” нь зарим хүнд хувийн ашиг сонирхол талаасаа хэрэгтэй байж болох ч ялалтын замд бол саад болохоос цаашгүй юм. Дараагийн ҮЗХ-ны хуралдаан даанч хол байх даа. Тэр үед энэ уур амьсгал хэвээрээ байвал “Ардчилсан” намгүй болох нь ээ.

 

У.Оргилмаа