С.В.Паушок гэж Монгол Улсад, монголчуудад тарьсан балаг нь дуусдаггүй нэгэн байх. Эхлээд Монголын 30 тонн алтыг ухаж аваад 1200 га нүх үлдээсэн. Эцэст нь Монгол Улсын Засгийн газраас нэг тэрбум орчим ам.доллар нэхэмжилж Олон Улсын Арбитрын шүүхэд өгчихөөд өөрөө хил даван зугтсан.

Ажлын хүндийг нугалж явсан ажилчидтай нь хамт хөсөр хаягдсан компани нь одоо хөл дээрээ босоод ирмэгц эргэж ноцож эхэлжээ, тэр.  Энэ удаа орос эрийн гар хөл болж, “Алтан Дорнод Монгол” компанийн шинэ, хуучин эздийн шүүхийн маргаан дундаас монгол компаниа, монгол хүнээ дэвсэлж байгаад од шүүрчих санаатай яваа нь Ерөнхий сайдын зөвлөх Кёкушюзан Батбаяр, өмгөөлөгч Атармаа, Батзаяа болон “Сэлэнгийн” У.Баатаржав, түүний дүү “Доён” У.Болд нар ажээ. Тэгэхдээ хэрэг явдал тэдний санаснаар өрнөхгүй байгаад хамаг учир байгаа юм.

Үйл явдлыг тодруулбал:

Баримт 1.

Паушок 2006 онд ОХУ-ын Газпромбанкнаас 30 сая долларын зээл авчээ. Эргэлтийн хөрөнгийн зориулалттай  авсан уг зээлээ 2007 онд төлөх гэрээтэй. Гэтэл  зээлийн 30 сая доллар “Алтандорнод Монгол” компанийн Худалдаа хөгжлийн банкны дансанд орж ирсэн даруйдаа 19,8 сая ам.доллар нь зээлийг олгосон Газпромбанкны эрх мэдэлтнүүдийн Панамын оффшор данс руу С.В.Паушок шилжүүлжээ. Энэ нь саяхан олдсон банкны төлбөрийн баримтаар ил болжээ.


Баримт 2.

“Алтан Дорнод Монгол” ХХК нь уг зээлийг “авснаас” хойш 2006-2008 онуудад нийтдээ 20.2 сая долларыг Газпромбанкинд шилжүүлжээ.

Баримт 3.

“Алтан Дорнод Монгол” ХХК-ийг 2011 онд Т.Ганболд нарын монгол иргэд худалдан авч байх үед С.В.Паушокын зүгээс  Газпромбанкнаас авсан 30 сая долларын эсрэг төлөгдсөн дээр дурьдсан дүнгүүдийг бүгдийг нуужээ. Мөн уг зээлийг хаах зорилгоор 18 сая доллар 2011 оны есдүгээр сард  Т.Ганболд нараас авчээ. /Зураг 3/

Харин компани монгол иргэдийн мэдэлд шилжиж ирсний дараа санхүүгийн хяналт шалгалтыг нарийвчлан хийснээр Газпромбанкнаас орж ирсэн болон төлөгдсөн мөнгөнүүдийн баримт ил болжээ. Тэр мөчид л  Т.Ганболд нар Газпромбанкны зээлээр Паушокт хулхидуулснаа мэдсэн ч, нэгэнт хожимдсон байлаа. Өөрөөр хэлбэл, “Газпромбанк”-ын зээл гэж “Алтан Дорнод Монгол”ХХК-ийн дансанд 30 сая доллар орж ирсэн атлаа буцаад 19,8 сая+20.2 сая+18 сая нийтдээ 58.0 сая доллар “Алтан Дорнод Монгол” компаниас гарчээ.  “Авсан” зээлээсээ бараг хоёр дахин их мөнгө “Алтан Дорнод Монгол” ХХК-с гарсан гэсэн үг.

Гэтэл Газпромбанк нь монголчуудад шилжих хүртэл 4 жил “мартсан” байсан 30 сая ам. долларын зээлээ гэнэт нэхэж 2012 онд Москвагийн Арбитрын шүүхээр 47,8 сая ам.доллар “Алтандорнод Монгол” ХХК болон ОХУ-ын “Золотой Восток Сибирь” ЗАО /С.В.Паушокийн 100% компани/ нараар төлүүлэх шийдвэр гаргуулав.  Хачирхалтай нь Москвагийн Арбитртай зэрэгцээд Москва хотын Черемушкин дүүргийн шүүхээс уг зээлийг бүхэлд нь 25 сая ам.доллароор хааж ОХУ-ын иргэн С.В.Паушокоор төлж барагдуулах шийдвэр гаржээ.

Нэгд, ОХУ-ын шүүх нэг зээлийн асуудлаар хоёр янзын шийдвэр гаргасан. Хоёрт, Газпромбанкныхан болон “Алтан Дорнод Монгол”-ынхан харилцан Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд энэ улсын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулдаг, зуун хувь монгол хүний өмчлөлтэй учраас Монголын хууль шүүхэд ханджээ. Тэр дагуу Монголын шүүх хэрэг маргааныг хэлэлцээд шүүхийн шийдвэр “Алтан Дорнод Монгол” компанийн талд гарав. Үүнийг нь Газпромбанкныхан үл зөвшөөрөн шүүхэд гомдол гаргаад байгаа. Энэ бол шүүхийн практикт байдаг л процесс. Уг хэрэг маргааныг  хараат бус шүүх шийдвэрлэхээр хянаж байна гэсэн үг.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсад шүүхийн шинэчлэл эрчимтэй хийгдэж, шүүгчид мэргэшин хэрэг маргааныг дагнан шийддэг  болсон тул эцсийн шийдвэрээр ч үнэн ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэтэл замын дунд зарим нэг зүйл явдал тодорхой болж, хараат бус шүүхэд нөлөөлөх, Монгол Улсын Засгийн газрын нэр хүндийг унагах кампанит аж өрнөж эхэлжээ. Энэ нь хоёр компанийн хоорондын санхүүгийн маргаанаас хальсан, хууль ёс, хувь хүний хэм хэмжээнээс давсан үйлдэл учраас аргагүйн эрхэнд учирлан тайлбарлахаар үзэг цаас нийлүүллээ.

Бие даасан шүүхэд бусдаар нөлөөлүүлэх  санаа

Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрийн дараа Газпромбанкнаас мэдэгдэл гаргаж хэвлэлүүдэд тараав. Мэдэгдлийг олон нийтэд бус, шүүгчдийн томилдог Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, шүүгчдийн ажил мэргэжлийг хянадаг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга  Н.Лүндэндорж нарт хаяглажээ.

Энэ нь хараат бусаар, бусдын нөлөөлөлгүйгээр ажилладаг шүүгчдийг томилдог, хянадаг бүтцээр нь айлгаж шүүхийн бие даасан шийдвэрт нөлөөлөх гэсэн оролдлого гэж үзэхээс аргагүй юм.

Энэ нь “… Монголын шүүх, шүүгчдийг ашиглан зээлээ төлөхгүй байна…, гаднын хөрөнгө оруулагчийн эсрэг шийдвэр гаргаж Монголын шүүх, шүүгчид, хуульчдын нэр хүндийг унагалаа..., одоо Дээд шүүх “Алтандорнод Монгол”-ын талд шийдэх магадлал өндөр байна..., хэрвээ тэгвэл бид олон улсын шүүхэд хандана..,” гэх зэргээр мэдэгдэлд дурдсан агуулгаас нь илт харагдана. Аль ч улсын шүүх шударга үнэнийг л тогтоодог бие даасан засаглал.

Манайх ч тийм бөгөөд гахай илүү эрхтэй гэдэг шиг гадаадын хөрөнгө оруулагч давуу эрх эдлэх  хууль дүрэм Монголын шүүх засаглалд байхгүй. Санхүүгийн хэт сонирхлоороо үйл явдал нь ойлгомжтой, үнэн нь тодорхой ийм хэргийг “бид чадна”  гэж авснаараа тухайн өмгөөлөгчдийн нэр хүнд унаж байгаа болохоос хараат бусаар бие дааж хуулийн дагуу шийдвэр гаргасан шүүхийн нэр хүнд унана гэж бодохгүй байна.

Шүүхийн шийдвэрийг шүүх эрх зөвхөн дараагийн шатны шүүхэд нь л байдаг. Тэрийг нь урьдчилан мэдэх бололцоогүй. Гэтэл “…одоо Дээд шүүх “Алтандорнод Монгол” компанийн талд шийдвэр гаргах магадлал өндөртэй байна” гэж хэвлэлээр мэдэгдсэн нь шүүгчдийн нэр хүндэд халдах, шийдвэрт нь хөндлөнгөөс нөлөөлөх, шүүгчдийг “айлгах” гэсэн башир арга юм.

Одоо Дээд шүүх доод шатны шүүхийн шийдвэрээ баталгаажуулбал, “тээр хараа биз, бид мэдэгдэл гаргаж хэлсэн нь үнэн байгаа биз” гэж шүүхийн нэр хүндийг унагах хар PR-ынх нь “өмнөх анги” бололтой. Ер нь Ерөнхийлөгч ч, Н.Лүндэндорж дарга ч шүүхийн шийдвэрийг шүүдэггүй,  хавтаст хэрэг уншдаггүй, шүүхийн шийдвэрт нөлөөлдөггүйг гаднын Газпромбанкныхан мэддэггүй юмаа гэхэд өмгөөлөл үзүүлж буй хууль зүйн товчооныхон нь мэдмээр л юм.

Энэ зээлийн төлөлтийг зуучилж амархан баяжих гэж яваа зөвлөх ч гэсэн УИХ-д сууж, Ерөнхий сайдын дэргэд ажилладагийнхаа хүчинд энэ зэргээ мэддэг л болсон баймаар юм.

Засгийн газраар шүүхэд нөлөөлөх санаа  

Олон улсын шүүхэд хандана гэдгээр “айлгаад” зогсохгүй “Алтандорнод Монгол” компани Засгийн газрыг олон улсын арбитрт дуудах нь гэдэг сөрөг мэдээллийг олон нийтэд тарааж байна.   Энэ нь зорилгодоо хүрэхийн тулд дотор нь ажилладаг Засгийн газрынхаа нэр хүндийг золиослох Ерөнхий сайдын зөвлөхийн  санаа ч байж магадгүй.

Харин нэг үнэн гэвэл энэ маргаан Газпромбанк, “Алтан Дорнод Монгол” компани хоёрын л хоорондын асуудал. Энэ зээлд ямар нэгэн баталгаа гаргаагүй учраас Засгийн газар энд ямарч хамаагүй юм. Харин С.В.Паушок нь энэ зээлдээ өөрийн хувийн батлан даалт гаргасан байдаг юм. Тийм ч учраас Москвагийн Черемушкин дүүргийн шүүхээс уг зээлийг иргэн С.В.Паушок төлөх үүрэгтэй гэж шийдвэр гаргасан биз ээ.

Ерөнхий сайдын зөвлөх яагаад энэ хэрэгт хутгалдаад байна вэ гэвэл ердөө л хувийн сонирхол. Зөвлөх Кёкүшюзан Батбаяр Газпромбанкны бусдаас авах өр, авлагыг шаардах эрхийг өөрийн  “Кёкүшю гоулд майнинг” компанидаа  худалдаж авсан гэж хууль хүчний байгууллагыг төөрүүлжээ. Энэ эрхээ Газпромбанкнаас бус, ОХУ-д байгуулагдсан “Мон-Трейд” компаниас худалдан авсан гэж хуулийнханд мэдүүлдэг.

Гэтэл энэ нь удалгүй үнэнд гүйцэгдэж,  Газпромбанкны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын дарга В.А. Кислов хуулийн байгууллагад “...Мон-Трейд ХХК нь манай банкны “Алтандорнод Монгол” ХХК-иас нэхэмжилж буй нэхэмжлэлийг өөрсдөө болон гуравдагч этгээдэд эрх шилжүүлэн нэхэмжлэх эрхгүй болно...” гэж албан ёсоор мэдүүлэг өгчээ.

Мөн Газпромбанкнаас 2013.12.18-ны  өдөр албан мэдэгдэл “Мон-Трейд Авто” ХХК-д гаргасан байдаг юм. /Зураг 5/ Энэ нь Кёкүшюзан Батбаярын “Кёкушю майнинг” компанийн өмгөөлөгч Г.Атармаа нар нь Газпромбанкны өмнөөс өр нэхэмжлэх, төлөөлөх эрхгүйг нотолж байгаа юм.  Харин энэ нотлох баримтад бухимдсан Кёкушю зөвлөх зүүдээ ярих гэж байгаад хулгайгаа ярьчихжээ.

Энэ нь хавтаст хэрэгт тэр чигээрээ орсон бололтой юм. Тэрээр, манай компани нь Газпромбанкны “Алтандорнод Монгол” компаниас нэхэмжлэх өрийг 17 сая ам.доллараар худалдаж авсан гэжээ. Гэтэл төлбөр хийгдээгүй, хүчингүйг Газпромбанкны мэдэгдэл нотолж байгаа. Сайн анзаараарай, Газпромбанкныхан Москвагийн Арбитрийн шийдвэрээр  47.8 сая доллар нэхэмжилж буй.

Монголын шүүх дээр хэрэг явдлыг энэ хэмжээгээр нь шийдүүлж өгөхөд зуучилсныхаа хөлсөнд Кекушюзан Батбаяр зөвлөх дундаас нь 30,8 сая ам.доллар хувьдаа унагах нь. Сайн, ашигтай “бизнес” биш гэж үү. Тэгэхдээ ийм хэмжээний ашиг олоход түүнд “Ерөнхий сайдын зөвлөх” гэсэн албан тушаал, үнэмлэх нь маш их хэрэгтэй л дээ.

Ер нь С.В.Паушок нь монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлж “зодолдуулж” гаршсан нэгэн. Анх 2011 онд ч “Алтандорнод Монгол” ХХК-ийг зарах саналыг хэд хэдэн хүмүүст зэрэг хүргүүлж хооронд нь мөргөлдүүлж байсан билээ.

Энэ мэт түүхээс цөөхөн монголчууд минь сургамж авч хувийн ашиг хонжоог бодож гадныханы “гар хөл” болохгүй гадны хөрөнгө оруулагч гэх мэт ойлголтыг гуйвуулсан луйварчдын өмнөөс “хууль ярьж” нэг нэгнээ амьдаар нь “алж” улс орноо “өрөнд” өгчихгүй  амьдрах юмсан даа.

М.Тогтох

Эх сурвалж: Монголын үнэн сонин