Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МҮАН-ын дарга М.Энхсайханыг учиргүй хүсэмжлэх болов. Тэрбээр үгээр илэрхийлээгүй ч үйлдлээрээ илтэд харуулах болсныг нь хавь ойрынхон нь кофе тамшаалах зуур шивнэж байна.

Илэрхийлэл нь хэтийдэж Н.Батцэрэгийг өрөөнийхөө үүдэнд дан дээлээ ч тайлахад бэлэн зогссоор байхад үүдээ нээх битгий хэл хүлээж авахгүй, өнөөх нь хөлөө хөштөл зогсох вэ дээ. Уг нь тэр хэдийд ч, хаана ч нүцгэлэхэд бэлэн гэдгийг бүлгийнхээ хуралдааны үеэр мэдэгдсэн гэдгийг М.Сономпил тэргүүтэн нийтэд дуулгасан. Харин түүний тайчилтыг Ерөнхийлөгч таалахгүй байгаа нь хачирхал төрүүлээд байгаа юм.

 

Уг нь тавьсан шаардлагыг нь биелүүлээд, хамаг биеэ зориулъя гээд байхад өөдөөс нь өшигчиж суугаа Төрийн тэргүүний дотор сэтгэлийн учрыг нэг л ухахгүй байх чинь. Н.Батцэрэгийн нэрийг сонссон даруйдаа нүүр буруулж, харц нь догширдог гэх хачирхалтай дүрийг хавь ойрынхон нь хэлж байна. Уг нь Н.Батцэрэг хөөрхий үүний төлөө эвсэл дотроо ямар урт зам туулан барин өдий хүрснийг Эбэ мэдэх л учиртай. Дадлага туршлагагүй гэх үг зөвхөн шалтаг төдий гэдгийг улс төрийн хүрээнийхэн сайн мэднэ. Бас зөвшилцөх шаардлагатай гэж өөрийгөө зөвтгөсөн хариултыг албадаараа дамжуулан өгсөн байна билээ. Гэхдээ энэ бүх шалтаг, шалтгааны цаана М.Энхсайхан долоон бурхан шиг гялтаганаж, Н.Батцэрэг говийн зэрэглээ шиг холдож ойртон үзэгдээд байгаад нэгэн учир бололтой. Тэрбээр төрийн ордноор босон суун гүйж, нууц өрөөнүүдээр орж гарах болсон тухай амтай бүхэн жиргэж байна.

 

МҮАН-д оногдсон ганц татвар эмийн суудал нь М.Энхсайханд хаяглагдах учиртай гэх мессежийг хаа нэгтэйгээс нисгэсэн нь ийм учиртай байхыг үгүйсгэхгүй. Тиймдээ ч Эбэ-гийн дохиурыг харж суугаа М.Энхсайхан хэвлэлд байр сууриа илэрхийлэхээс татгалзаж, үйл явдлын өрнөлийг хөндлөнгөөс ажиглаж суугаа нь энэ бололтой.  Экс Ерөнхийлөгч эвсэл нэрийн дор хаяаг нь бараадаж, харцан дор нь дальдчиж ирсэн МҮАН-ынхнаас татвар эм илгээхийг төдийлөн хүсэхгүй байгаа нь илт. Эксийн хүсэл түүнийг зөвхөн өөрийн эрхшээлдээ байлгаж, ар өврөөр өнгөрсөн алдуул малын баас цэвэрлүүлээд суулгаж байх. Тиймдээ ч улс төрийн нөхцөл байдал Н.Энхбаяраас үл хамааралтайгаар өрнөж байгаа тул тэрбээр эх орондоо багагүй хугацаагаар саатаж мэдэх талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга манайд өгсөн ярилцлагадаа тодотгожээ. Түүний энэхүү манж үг магадгүй хэн нэгэнд хаяглагдсан биз. Өөрөөр хэлбэл, Н.Алтанхуяг албан тушаалтайгаа үлдэх эсэх, М.Энхсайхан Засагт залрах эсэхээс хамаарч, түүний “айлчлал” дуусах юм гэнэ. Эх нутгийнхаа агаар салхиар хооллож, ээж аавтайгаа уулзсан ч энэ мэт үйл явдал хойш нь чангааж, эрүүл мэндээ хоёрдугаарт тавьчихаад байгаа юм байх. Юутай ч Н.Батцэрэг хагас нүцгэн байхтай зэрэгцэн хашааны гадна болоод дотор түүний орон зайг эзлэх сонирхолтой хүмүүс эрэмбэ дараалал үүсгэн дугаарлаж эхэлжээ. Хэрэв Н.Батцэрэг Эбэгийн хүссэнээр эхээс төрсөн биеэрээ Н.Алтанхуягийн хаяаг бараадвал хашааны гаднах хүн байнгын ажиллагаатай парламентын босгыг давна. Улмаар бүлгийн даргын байр суурийг нь намынхаа даргын улаан хамгаалагч О.Баасанхүү, аль эсвэл З.Баянсэлэнгэ нарын нэг нь эзэгнэнэ гэх маазрал ч бий.   

 

Энэхүү явдалтай зэрэгцэн Үүл баатар Женко туртай хамтран ажиллах гэрээ байгуулсан мэдээлэл цацагдлаа. 10 жилийн хугацаатай алдарт гэрээг эсэргүүцэж байсан Улсын баатар маань Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь буулгахаас илүүтэй намын даргын зөөлөн сэнтийгээс сэгсрэх төлөвлөгөө боловсруулж, түүнээ МоАХ-ны Удирдах зөвлөлийн хуралдаан дээр танилцуулсан гэнэ. Энэ нь “Шонхор”-той нэгдэх барбарас төлөвлөгөө боловсруулахаар зэхсэн ч бүтэлгүйтсэн МоАХ-ныхонд том олз боллоо гэж ажиглагчид дүгнэжээ.

Л.НИНЖСЭМЖИД