Шинэ сайд нарыг энэ долоо хоногт багтаан томилох эсэхийг шийднэ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр хуралдах байнгын хороодоор сайд нарын асуудал гацаанаас гарах эсэх нь тодорхой болно.

Хэдийгээр Засгийн газар шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ тодорхой болгож, төрийн ажил урагшлаасай гэсэн хүлээлт бий. Гэвч энэ хүлээлтийг УИХ дахь “Шударга ёс” эвсэл арагш татаж, МАН-ын бүлэг сайд нарын асуудлаар тав хоногийн завсарлага авснаар шийдэлдээ хүрч чадахгүй тэмцэлдэж буй. Нэг ёсондоо намрын чуулганы эхэнд хэлэлцэж эхэлсэн асуудал одоо болтол цэгцэндээ орж чадахгүй “хүлээлтээс хүлээлт рүү” гэсээр гэлдэрч явна. Гэхдээ урагшлах биш гэлдрэх асуудалд МАН-ын бүлгийг тав хоногийн завсарлага авснаар нь төрийн ажлыг гацаанд орууллаа гэж харахаас илүүтэй сүүлийн үед моод болон хэлэгдэж буй “түгжилдэх” гэх үгийн эзэн нь УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг гээд хэлчихэд хилсдэхгүй. 

МАН-ын бүлэг нэр хүнд нь унасан эрүүл мэнд, спортын салбарын сайдад хариуцлага тооцох ёстой гэдгээр шинэ сайд нарын томилгоонд тээг болж буй нь ч эргэлзээгүй. Гэхдээ сөрөг хүчин энэ асуудалд байр сууриа илэрхийлэх нь зүйн хэрэг. Харин сайд нарыг томилоод явах асуудалд анхнаасаа “Шударга ёс” эвсэл арчаагүй зан гаргасан уу гэвэл гаргасан. Тэд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад томилох хүний нэрийг тодорхой болгож чадахгүй, бүлэг дотроо “Манайх, танайх” гэж хөлөө жийлцэж, эцэстээ нэг юм нэрээ албан шаалтаар тодорхой болгосон. Ингэснээр өнгөрсөн долоо хоног УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах саналыг өргөн мэдүүлсэн ч түүнийг хүлээн зөвшөөрөх хүн олдсонгүй. Тэр байтугай “Шударга ёс” эсвлийн бүлэг Н.Батцэрэгийн нэрийг сайдад дэвшүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөгүй нь үнэн болж таар, Ерөнхийлөгчийн “зарлигдсан” УИХ-ын гишүүнийг Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллуулахгүй гэснийг зөрчсөн юм. Тиймээс түүнд таатай хандах манатай Ерөнхийлөгч хүртэл Н.Батцэрэгийг сайдад дэвшүүлсэнийг дэмжихгүй гэдгээ тодорхой хэлсэн. Тэгэхээр түүнийг жинхэнэ түгжилдэгч гэхээс өөр юу гэлтэй. Гэхдээ түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан олон бий. Яагаад гэвэл тэрбээр сайд болбол гурван давхар “дээл”-тэй болно. Энэ нь түүнийг сайд болоход том тээг болж буй. Гэхдээ байнгын хороогоор Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад Н.Батцэрэгийг томилохыг дэмжчихвэл Ерөнхийлөгчийн “зарлиг” хүчингүй болно гэсэн үг. 

Ерөнхийлөгчийн хувьд УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг өрөөндөө дуудаж, "Зөвхөн Ерөнхий сайд л УИХ-ын гишүүний албыг давхар хашиж болно. Шинээр томилогдох сайд нарыг “Дан дээлтнүүд”-ээс томилоорой" гэж үүрэгдэхэд Н.Батцэрэг бүлгийн даргаа төлөөлөөд сууж байсан. Гэтэл түүнд ичих нүүр алга. Өөрөө, өөрийгөө сайд болгохоор, тэр байтугай "Манай гишүүд намайг сайд болгохоор 100 хувь дэмжсэн" гээд хэнэг ч үгүй "давхар дээл"-тэй болохоор зүтгэж буйг яалтай. Ямар ч байсан шинэ сайд нарын томилгоонд нэг хэсэгтээ “түгжил” үүсгэсэн Н.Батцэрэгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ. Харин бусад сайд нартаа садаа болчихгүйхэн шиг явчихаасай билээ дээ. 
 

Т.ТУГА