Өнгөрөгч баасан гарагт хуралдсан АН-ын ҮЗХ санаанд оромгүй шийдвэр гаргав. УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлээд байсан ч ҮЗХ-ний 53.6 хувийн саналаар огцорсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ.

Энэ бүхнээс үүдэж “Н.Алтанхуяг, З.Энхболд нар тохиролцсон байна” гэдэг мессеж цахим ертөнцөөр тарж эхлэв. Гэвч АН-ын ҮЗХ-ний шийдвэр жиргээчдийн харж байгаа шиг тийм энгийн хялбар тохиролцоогоор гараагүй бололтой. 

    “Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болмоор байна. Намын даргын ажлаа өгөхгүй, Р.Амаржаргалыг дэмжихгүй, бүлгийн шийдвэр дүрмийн бус” гэж зад үзэлцээд байсан Н.Алтанхуяг намын даргын ажлаа гэнэт өгсөн нь үндсэндээ хоёр шалтгаантай аж. Нэгдүгээрт түүнийг Ерөнхий сайдаас нь биш МАХН-тай байгуулсан гэрээнийхээ төлөө намын даргынхаа ажлыг өгөхийг шаардагсад нам дотор цөөнгүй байсан ажээ. Тэдний гол төлөөлөгчид нь УИХ-ын гишүүн М.Батчимэг, Л.Гантөмөр тэргүүтэй “Нэг ардчилал” фракцийнхан юм. Тэд АН-д шийдвэрлэх үүрэг гүйцэтгээд байдаггүй ч Засагт Л.Гантөмөр, Х.Тэмүүжин гэсэн хоёр сайдтай байж ирсэн.  Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд “Нэг ардчилал”-аас Л.Гантөмөр, М.Батчимэг нар дэмжиж санал өгсөн. Харин Х.Тэмүүжин хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдэж хурлыг орхин гарсан байдаг.  Дараагийн Засгийн газар байгуулагдахад тэд ганцхан суудалтай хоцрох нь тодорхой болсон. Энэ байдлыг олж харсан Н.Алтанхуяг тэдний хүсэлтээр хэл амгүйхэн шиг намын даргын ажлаа өгөөд хариуд нь Ч.Сайханбилэгийг дэмжүүлж Л.Гантөмөр, Х.Тэмүүжин нарыг танхимд нь үлдээх ашигтай тохироог хийж чадсан байна. Үүнийг ч гэрчилж М.Батчимэг  “Н.Алтанхуяг энэ тохироогоо ЗГ огцруулах санал хураалтаас өмнө хийсэн бол засаг бужигнахгүй байлаа” гэж жиргэв.
    
    Хоёрдугаарт АН-ын их хурал хуралдахаас өмнө Н.Алтанхуяг энэ бүх зодооноо дуусгахгүй бол “Алтангадас”-ынхан ҮЗХ-ноос арчигдах нь тодорхой болоод байсан юм.  АН-д өрнөөд байгаа бүхий л тэмцлийн цаана 2017 онд хэн Ерөнхийлөгчид өрсөлдөх вэ? гэсэн өрсөлдөөн явагдаж байгаа. Хэрвээ Н.Алтанхуяг ҮЗХ-н дээрээ хяналтаа алдвал 2017 он түүнээс бүр мөсөн холдоно.Тиймээс их хурал хуралдахаас өмнө ҮЗХ-н дээр тохироо хийж дараагийн Ерөнхий сайдыг “Алтангадас”-аас томилуулахаар шийдвэртэй алхам хийсэн байна. Н.Алтанхуягийн төлөвлөгөө амжилттай хэрэгжиж тэд дараагийн Ерөнхий сайдаар Ч.Сайханбилэгийг дэмжлүүлж чадсан болохоор удахгүй эхлэх их хуралдаа нөлөөллөө хадгалж орох нь тодорхой болов. АН-ын их хурал дээр МоАХ хамгийн хүчтэй байдаг бол ҮЗХ-нд “Алтангадас”-ынхан олонхи байдаг.  Хэрвээ Р.Амаржаргалыг Ерөнхий сайдаар томилчихвол их хуралд МҮДН, МоАХ, Шонхорууд хүчтэй орж “Алтангадас”-ыг бүр мөсөн шахахаар байсан юм. Гэвч тэдний хүссэнээр тоглолт өрнөсөнгүй, Алтангадасын цаг дууссангүй. 

    Болж өрнөсөн үйл явдлыг Н.Алтанхуягийн “Пи-Ар”-ын баг тун сайн ашиглаж “Шонхор” “МоАХ” ”МҮДН” фракцийнханыг багагүй зодолдуулаад авчээ. “З.Энхболд урвалаа” гэдэг мессежийг “Алтангадас”-ынхан бодлогоор тарааж байв. Үнэндээ З.Энхболдод урвах шалтгаан байгаагүй гэдгийг АН-ын ойрын хүрээнийхэн онцолж байгаа юм. АН-ын бүх хяналт алгуур түүний гар шилжиж, удахгүй эхлэх их хурлаасаа намын даргаар сонгогдож “Алтангадас”-ыг шахаж, Шонхорууд ҮЗХ-д олонх болох нь тодорхой байхад. Өөрийг нь дэмжигч, намынхаа их хурал дээр хамгийн хүчтэй “МҮДН, МоАХ”-ныг золигт гаргаад “Алтангадас”-т дахин хүрд эргүүлэх боломж олгох нь түүнд ямар ашитай билээ? Мөн 2017 он түүнээс нэг алхамаар холдож байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Ийм хохиролтой наймаа хийж ганцхан сарын наана, цаана байсан намын даргын ажлаар наймаа хийх ухвар мөчит З.Энхболд яавч биш.

    Хуралд оролцсон 172 гишүүнээс МоАХ-ны 33, МҮДН-ний 24, Шонхорын 27, Алтангадасын 54, Нэг ардчиллын 28, Кроун 6 гишүүн бий гэдгийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нотолсон. Анхны тохироогоор бол МоАХ, МҮДН, Шонхорын  84 гишүүн дээр нэг ардчиллын 28 гишүүнээс Х.Тэмүүжингээс бусад нэгдэж 111 гишүүний дэмжлэгтэй Р.Амаржаргал нэр дэвшихээр байсан. Гэвч тооцоолж байсан “нэг ардчилланхан”  Ч.Сайханбилэгийг дэмжиж санал өгснөөр “Алтангадас”-ыг олонхи болгосон гэнэ.  Ийнхүү нэг ардчиллынхан суурин дээрээ эргэснээр Х.Тэмүүжин, Л.Гантөмөр нарт танхимдаа үлдэх нь тодорхой боллоо гэдгийг эх сурвалжууд онцолж байна.