Гадныхны мэдээллээр мон­голчууд нэг нэгнээ шал­гадаг боллоо. Өөрсдөө ажлаа хийж чадахаа больчихсон юм уу, аль эсвэл мэдлэг чад­вар нь дутаад байна уу. Ийн хардах шалтаг шалтгаан байна.

Юу гэвэл, сүүлийн үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монголд дуулиан шуугиан тариад байгаа янз бүрийн мэдээллийн эх сурвалж болдог болжээ. Түүнийг нь гадаад хэлийг гаргууд сайн эзэмшсэн монголчууд шүүрч аван хууль хяналтынханд ховолно. Хууль хянал­тын­хан ч ажлаа хурдан амжуулж байна уу гэлтэй. Америкийн “Вашингтон пост”, Английн “The Guardian”  сонин УИХ-ын дэд дар­га асан С.Баярцогтын Швей­царийн банкин дахь дансыг илчилж, Оросын нэгэн хаагд­сан сайт дип­ломатч К.Сайрааныг Ка­захстаны тагнуул гэд­гийг нотолж, генерал Т.Дашдэлэгийг олон улсын мэдээл­лийн агент­лагууд тер­ро-ризмыг сан­хүүжүүл­сэн гэж дүгнэн АТГ-ын дэд дар­га Б.Хурцыг Германы хэв­лэлүүд буруутгаж байна.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн байгууллага болон Английн “The Guardian” зэрэг эх сурвалжууд УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Швейцарийн бан­кинд нууц данстай, түүндээ нэг сая ам.доллартай байсан гэх мэдээллийг цацсан. Хувь хүн хаана, хэдэн төгрөгийн ч данстай байж болно. С.Баярцогтын алдаа нь компанийнхаа нэрийг ХОМ-тээ бичээгүй нь юм. Түүнд нь тохирсон хариуцлагыг ч хүлээлгэсэн.  УИХ-ын дэд дарга С.Баярцогтын хувьд буруу­гаа хүлээж, албан ту-шаа­лаасаа чөлөөлөгдсөн учраас дахин хариуцлага тооцох асуудал сөхөгдөхгүй нь тодорхой. “The Guardian” сонины “буян”-аар С.Баяр­цогтын нууц данстай гэд­гийг мэдсэнээ өөрсдийнхөө хүчээр илрүүлчихсэн мэт аашилж, бараг л есөн эрүү тулгах шахсан. УИХ-д суух нь бүү хэл, амьд явах эрхгүй гэх ухааны юм ярьцгааж, УИХ-ын дэд даргын суудлаас нь буулгаж санаагаа амраацгаав. Хамгийн гол нь мэдээллийн эх сурвалж гадных байсан болохоор үнэмшсэн, итгэсэн. Бас тэрний хойноос хөөцөлдөж, чулуу болгож чадсан. УИХ-ын эрхэм гишүүн өөрөө буруугаа хүлээчихсэнээс бус “Үгүй” гээд гэдийчихэж болох л байсан.

Түүнчлэн Германы www.moz.de сайтад АТГ-ын дэд дарга Б.Хурцыг С.Зоригийн аллагатай холбоотойгоор сэжиглэгдэж байсан Д.Энхбат агсныг хил дамнуулан хулгайлсан хэрэгт буруутган хорьж байсан тухай, мөн түүнийг шүүх хуралд ирээгүй талаар саяхан нийтэлсэн. Энэ мэдээлэлтэй хол­богдуулж, эндээс эш үндэс болгон Б.Хурцыг буруутгах гэж бас нэг хэсэг хүмүүс үзэв. Б.Хурц 2011 оны есдүгээр сард Германы шоронгоос суллагдаж, эх орондоо ирсэн. Д.Энхбат агс­ны гэр бүлийнхний хүсэлтээр түүнийг мөрдөн шалгаж, хорьсон бөгөөд энэ асуудлыг хоёр улсын хэлэлцээрээр нэгмөсөн дуусгасан гэдэг. Гэтэл дээрх сайт асуудал дуусаагүйгээр барах­гүй Холбооны өмгөөллийн газ­раас түүнийг шүүх хуралдаа ирээгүй учир албадан дуудаж баривчлах тушаалыг гаргасан тухай мэдээлсэн хэмээн монголчууд шуугив. Б.Хурцыг шүүх хурал 2013 оны дөрөвдүгээр сарын 11-нд товлогдсон, харин Б.Хурц очоогүй, Германы шүүхийг хүндэлсэнгүй, Монголын нэр нүүрийг бодсонгүй хэмээн амаараа “яллав”. Бараг монголчууд өөрсдөө түүнийг бариад аваачаад өгчихсөнгүй. Энэ бас л гадны хэвлэлийн мэдээлэл. Үнэн худлыг бүү мэд.

“Казахстаны тагнуулын “Барлау” албаны “В” газрын тур­шуу­луудын талаархи нууц мэдээлэл” гэсэн нэртэй материал Оросын   нэгэн сайтад өнгөрсөн жил тавигдаж, энэ мөрөөр дипломатч К.Сайрааныг Монголын тал эх орноосоо урвасан хэмээн үзэж шалгаж байгаа гэсэн мэдээлэл өнгөрсөн жилээс хойш цацагдаж байна. Түүнийг шалгаж эхэлсэн гэх мэдээллийг албаныхан үгүйсгэхгүй байгаа. Энэ нь мөн л гадны хэвлэлийн мэдээгээр нэгнээ шалгаж байгаа хэрэг. К.Сайраан өөрөө эх орноосоо урвасан гэх нотолгоог хууль хяналтынхан олсон уу, аль эсвэл Оросын нэгэн хаагдсан сайтын мэдээллээр хүний нэр төрд халдаж байгаа юу гэдэг нь эргэлзээтэй. Шалгаж байгаа хойно учир нь олдох биз. Дипломатч К.Сайраан өөрөө энэ мэдээллийг үгүйсгэсэн байдаг.

Хамгийн сүүлчийн мэдээлэл гэвэл, ЗХЖШ-ын Агаарын дов­тол­гооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэг нарын хэдэн хүн БНАСАУ-тай зэвсгийн наймаа хийсэн хэрэгтээ шалгагдаж байгаа. Гэтэл бас л гадаадын мэдээллийн агентлагууд бригадын генералыг терроризмыг санхүүжүүлсэн байж магадгүй хэмээн шуугиж, энэ нь түүний хэргийг хүндрүүлэх шалтгаан болж болзошгүй гэсэн байна гэнэ. Бодвол хэргийг нь шалгаж байгаа хууль хяналынхан энэ мэдээллийн мөрөөр лавшруулан шалгах биз. Бригадын генералын Ардчилсан Солонгост зарсан гээд буй “Миг 21” онгоцны моторыг цөмийн зэвсэг хийхэд хэрэглэдэг гэж гадны агентлагууд цуурч эхэл­сэн бололтой юм. Гэхдээ яг тэр улсын ийм сонин, сайтад ингэж, тэгсэн гэсэн мэдээлэл алга.

Энэ мэтчилэн гадаадын хэв­лэлүүд Монголын нэр нөлөө бүхий хүмүүсийн талаар янз бүрийн мэдээлэл гаргасаар байна.  Тухайлбал, Японы “Майничи” сонинд хоёр орны эрх бүхий төлөөлөгчид албан бус уулзалтаар Монголд цөмийн хаягдлын агуулах барих асуудлыг ярьсан хэмээн бичиж, тухайн үед Гадаад хэргийн сайд асан Д.Занданшатарыг сан­даргаж байсан. УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны зөв­лөх асан Ц.Жаргалсайханыг “эх орноосоо урвасан” хэмээн буруутгаж, шүүхээс ял оноосон. Түүнийг эх орноосоо урвасан гэдгийг Орос, Хятадын талынхан мэдээлсэн гэдэг юм билээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө дэндүү их хөгжсөн Монголоос бусад орны сэтгүүлчид ийм л байдаг юм байна. Монголд энэ эрх чөлөө нь байдаг бол энэ бай­тугай хэргийг илрүүлчихэж дөн­гөнө л дөө, манай сэтгүүлчид. Ха­рин Монголын сэтгүүлчид иймэр­хүү “но” илрүүлсэн бол итгэх хүн гарах уу. Мэдээллийнх нь мөрөөр шалгах нь бүү хэл, хүн гүтгэсэн доромжилсон, нэр төрийг нь гутаасан хэргээр шоронд л суух байх даа. Байг гэхэд хэдэн төгрөгийн торгуультай л сална. Тэр сэтгүүлчийн ажилладаг сонин, сайт, телевиз, радио нь хаагдаж ч мэднэ. Харин гадныхан илрүүлсэн нь олзуурхмаар. Гадныхны мэдээллээр томчуудыг шалгадаг хууль хяналтынхандаа баярламаар ч юм шиг. Хэрэв бичсэн нийтлэл нь үнэн бол шүү дээ.

 

Б.Оюунгэрэл