Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийн алдааг засч, ажлаа эхлэв
2014/11/27
-Б.Хурц Тагнуулын дарга болж, Д.Дорлигжав ХЗЯ-ыг толгойлно-
Н.Алтанхуягийн халааг авч Шинэчлэлийн Засгийн газрыг “Шийдлийн” гэсэн шинэ гуншинтай болгосон шинэ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнгөрсөн баасан гаригт тамгаа хүлээж авсан. Тамгаа гардсан даруйдаа Засгийн газрын хуралдаан зарлаж, хэд хэдэн асуудал хэлэлцээд амжив. Өмнө нь хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд орж товлосон шийдвэрүүд гарсан уг хурлын гол сенсаац нь Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд Ш.Солонгыг эргүүлэн томилох тухай байлаа.
Түүнийг ажлаас чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны тавдугаар сард гаргасан. Гэхдээ энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй гавьяат хуульч Ш.Солонго өөрийгөө хууль бусаар халагдсан хэмээн шүүхэд гомдол мэдүүлсэн юм. Гомдлыг нь шалгаад Улсын Дээд шүүхээс түүнийг ажилд нь буцааж авах, ажилгүй суулгасан хугацааны цалинг нөхөн төлөх шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэр дээр өнгөрсөн хавар ирүүлсэн байдаг. Гэвч шүүхийн шийдвэрийг биелүүлэлгүй гүрийж, Ш.Солонгыг ажилд нь буцааж аваагүй байсан Н.Алтанхуягийн алдааг шинэ Ерөнхий сайд засч, Засгийн газрын ХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд түүнийг томилов.
Мөн Шинэчлэлийн Засгийн газар давхар дээлтнүүдээр дүүрэн байсан учир эрхэм гишүүдээ хурал чуулганд нь суух боломжоор хангахын тулд засгийнхаа ажлыг ярих ээлжит хуралдаанаа бямба гаригт хийдэг байв. Ингэснээр төрийн албаныхныг нэг өдөр цалингүй ажиллуулаад дөнгөдөг байж. Үүнийг ч шинэ Ерөнхий сайд засахаар болсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар ээлжит хуралдаанаа долоо хоног бүрийн даваа гаригт хийж байхаар тогтжээ. Даваа гаригт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Энэ хуралд гишүүн л бол сайд байсан ч ялгаагүй заавал суух үүрэгтэй. Намын шийдвэрийг төрийн бодлоготой уях чухал асуудлыг энд л хэлэлцдэг учраас суухгүй бол хатуухан зэм хүртэж таарна. Тэгэхээр шинэ Ерөнхий сайд Засгийн хурлаа даваа гаригт хийж байхаар шийдсэн нь танхимдаа давхар дээлтэй гишүүн цөөхнийг авах магадлал өндөрсч буйн илрэл гэнэ. Ерөнхийлөгч олон үггүй дэмжиж Ч.Сайханбилэгийг гүйцэтгэх засаглалын тэргүүнд зүтгүүлсний нэг тохироо ч энэ байж мэдэх юм.
Түүнээс гадна МАН-тай ч бас тохироо хийсэн байх хэмээн хардах хүн олон байгаа. Зөвшилц гэсэн нь тохиролц гэсэн үг биш хэмээж буй ч шинээр бүрдэх Засгийн газарт МАН орох уу, үгүй юу гэдэг олон хүний анхаарлын төвд байсаар байна. Засагт хамтрах эсэх талаар МАН дотроо хэл амаа ололцож чадахгүй байгаа гэх. Залуус голдуу коммунистууд богинохон ч бол хугацаанд Засгийн газарт орж багахан ч бол мөнгө олох тухай яриаад буй гэдэг. Харин хөгшчүүд нь АН-ыг байснаар нь үлдээж унасан шавартаа улам гүн шигдэхийг харах нь зөв хэмээж буй юм байх. Аль нь ч байсан Ч.Сайханбилэгийн шинэ танхим энэ долоо хоногт бүрдэж бүрэлдэх учиртай. Эс тэгвээс буцах эхнэрт үнээ тугал нийлэх хамаагүйн үлгэрээр СҮГ (сайдын үүрэг гүйцэтгэгч) мөн бишээ ч мэдэхгүй суугаа хэдэн нөхөр хэчнээн ажил яаж амжуулахыг таашгүй.
Тиймээс Ч.Сайханбилэгийн танхимд хэн хэн ажиллах вэ гэдгийг намууд дотроо нэлээд эрчтэй яриад эхэлсэн гэнэ. МАХН лав энэ удаа өөрийнхөө квот дээр парламентын гаднаас хүмүүс оруулна гэж тохирсон гэх. ИЗНН-ын ганц суудал дээр С.Оюун суухгүй нь тодорхой. МҮАН ч өөрийн гэсэн хүмүүсийнхээ дунд сунгаа явуулаад эхний шатны шалгаруулалтаа хийчихсэн гэнэ билээ. Гэхдээ Засгийн газрыг хуучин жишгээрээ бүрдүүлэх үү, сөрөг хүчнээс хүн оруулах уу гэдэг нэг мөр болоогүй байгаа учраас одоохондоо хэн хэн нь хөзрөө ил гаргахыг хүсэхгүй суугаа. Дуулдаж буй сургаар, бас өөрийгөө дэвшүүлэн сурталчилдаг монгол улстөрчийн эрээгүй зангаар яригдаж буй нэрс бол танхимд байх сайдын тооноос хамаагүй олон болсон. Нэлээд баттай гэх эх сурвалжийн дуулгаснаар бол Х.Тэмүүжинг Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжаваар солих нь тодорхой гэнэ. Эрхэм Ерөнхий прокурор энэ удаа Засгийн газрын гишүүн болж томрох юм байх. Түүний орыг нутгийн дүү, бараг хамаатан ч бил үү, Нийслэлийн прокурор Б.Бат-Орших нь залгана ч гэцгээж байна. Гэтэл үүнтэй зэрэгцээд Улсын прокурор дахь Увсын бүлэглэлийг энэ завшаанаар л тараана хэмээн алгаа үрчин суугаа хүн АН дотор нэг биш гэх юм билээ.
Түүнээс гадна Засгийн газрын хуралдаанаар Тагнуулын Ерөнхий газарт шинэ дарга томиллоо. Шинэ томилгооны эзэн АТГ-ын дэд дарга Б.Хурц бөгөөд хэлтэй амтай томилогдож хийсэн ажилгүй гиюүрч суусан Б.Ариунсанг төрхөмд нь буцаах юм. Ингэснээр Н.Алтанхуягийн бас нэг алдааг Ч.Сайханбилэг заслаа.
Мөн ажлаасаа үндэслэлгүй халагдсан хэмээн заргалдаж буй Б.Билэгтэд Засгийн газар ялагдана. Гэхдээ түүнийг ЦЕГ-т буцааж томилохгүй, харин ШШГЕГ-ыг толгойлуулав. Харин ТЕГ-ын дарга болох Б.Хурцын оронд уу, толгойд нь суугаа Н.Ганболд даргынх нь суудалд уу гэдгийг одоогоор хэлж мэдэхгүй байгаа бололтой. Гэхдээ энэ томилгоонууд, мөн Д.Дорлигжавыг Хууль зүйн сайд болгох тухай яриа хөөрөө алдаа засах гэхээсээ Ерөнхийлөгчийн засаглалыг хуулийн салбарт тогтоож буй хэлбэр гэж үзэх хүн олон байна.
Д.ЖАВХЛАН
Зочин · 2014/12/02
Odoo zasaj chadahgui bol AN uurd bayartai
Өндөр болгох · 2014/11/28
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮
Зочин · 2014/11/28
amjilt hvsei