Сүүлийн 20 гаруй жилд байгаль орчны үнэлгээний асуудал зөвхөн цаасан дээр бичигдсэн төдий байж бодит амьдралд огт хэрэгжээгүйн уршгаар Монгол Улсын байгаль орчин ихэд доройтож гундсан гэдгийг үгүйсгэх аргагүй.


Иргэд, олон нийт байнга л байгаль орчин сүйтгэгдэж байгааг шүүмжилж, тэмцдэг ч Байгаль орчны үнэлгээ болон нөлөөллийн талаарх хууль, эрх зүйн орчин бүрдээгүй нь шууд сөргөөр нөлөөлдөг. Уг асуудалд хариуцлага, хяналт сул байдгийн горыг өнөөдөр монголчууд амсан хохирсоор л байгаа нь гашуун үнэн.

Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд байгаль орчны сөрөг нөлөөллийн эсрэг тодорхой бодлого боловсруулж, байгаль орчны үнэлгээний дагуу нөхөн сэргээх, хамгаалах ажлыг хэрэгжүүлдэг. Тэнд аж ахуйн нэгж бүр төсөв, санхүүгийн асуудлаа хянаж, төлөвлөдөг нягтлан бодогчтой байдгийн адил аж ахуйн нэгж бүр байгаль орчны мэргэжилтний хяналт дор үнэлгээг хийлгэдэг.

Энэ нь тэдний үйл ажиллагаа явуулах, оршин тогтнохын үндэс болдог. Харин манай улсад уул уурхайгаас эхлээд бүхий л салбарт заавал мөрдөх энэ чухал ажил орхигдсон. Ямар ч хараа хяналтгүй, ил тод бус байна.

Өнөөдөр орон нутгийн Засаг дарга, эрх мэдэл бүхий хүмүүс Байгаль орчны үнэлгээний ач холбогдол, хэрэгжилтийг хянах үүргээ хөсөрдүүлж орхисны гайгаар тухайн газар нутгийн ус, агаар, хөрсний болон орчны бохирдлоос үүдсэн хор уршгийг нутгийн иргэд л хүртэж байна.

Газрын хэвлий дэх баялгаасаа асар их ашиг олж, иргэн бүр нь ажилтай, орлоготой болж Монгол Улс хөгжинө хэмээн Уул уурхайг эрчимтэй хөгжүүлж байгаа. Харин энэ чухал салбарыг хөгжүүлэхдээ алсын хараатай, байгаль орчинд учруулах нөлөөллийг нь бууруулах цэгцтэй бодлого үгүйлэгдсээр байна.

Энэ асуудалд байнга шүүмжлэлтэй хандаж явдаг УИХ-ын гишүүн С.Ганбаатар саяхан уул уурхайн асуудлаар хилийн чанадад олон улсын хуралд оролцоод иржээ. Түүнтэй уулзаж тус хурлын талаар сонирхсоноо толилуулъя.   

-Та саяхан Англи улсад уул уурхайн асуудлаарх хуралд оролцоод иржээ. Энэ талаар сонирхож байна?
 

-Нээлттэй нийгэм форумаас зохион байгуулсан уг хурлын зорилго нь “Уул уурхайн баялгийг улс орныхоо хөгжилд яаж зориулах вэ?” гэсэн асуудлыг хөндсөн. Хуралд 35 орны парламентын гишүүд урилгаар оролцсон.

Монголын УИХ дээр уул уурхайн баялгаасаа яаж ажлын байрыг, хөгжлийг, баялгийг бий болгох асуудлаар голлож анхаардаг гэдэг үүднээс намайг нэр заан урьсан гэж би ойлгосон. Английн парламентаас оролцсон гишүүдэд  Монголын уул уурхайн том ордуудад үүссэн нөхцөл байдлын талаар тодорхой ойлгуулсан.

Энэ хуралд оролцсон Английн парламентын гишүүн Рожер Гейл гэдэг хүн манай уул уурхайн талаар маш сайн ойлголт авсан. Тус хурлаас уул уурхайн баялгийг зүй зохистой ашиглах талаар бидний тэмцэл зөв юм гэдгийг улам бүр мэдэрсэн.

Барууны болон өндөр хөгжилтэй улс орнуудын уул уурхайн томоохон компаниудаас маш ёс зүйгүй алхам хийж  газрын хэвлийдээ баялагтай буурай улс орнуудыг цөлмөж байгаагаас дэлхий тэр чигээрээ тэгш бус байдалд орж байна. Үүнээс хэдхэн хүн баяжиж, нийт ард иргэд нь юу ч хожихгүй байдал үүсч байна.

Эндээс яаж гарах вэ? гэдэг гаргалгааны талаар ярилцсан. Би Монголын парламентын гишүүний хувьд уул уурхайгаас болж хохирсон, хууртагдсан улс орнуудын парламентын гишүүдээс бүрдсэн бүтэцтэй байгууллагыг НҮБ-ын дэргэд байгуулъя. Энэ байгууллагын зорилго, бүтэц, зохион байгуулалтын талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мунд хандах санал дэвшүүлсэн.

Уул уурхайгаас хохирч байгаа улс орнуудын парламентын гишүүд уг саналыг дэмжсэн. Тухайлбал Индонез, Зимбабве, Танзани, Зүүн Тимор улсын гишүүд маш хүчтэй дэмжиж үг хэлсэн. Жишээ нь Африкийн Зимбабве улсын Глинко /G-link/ гэдэг зэсийн уурхайд манайхаас ч дор нөхцөл байдал үүссэн байна.

Мөн Индонезийн Фри порт /Freeport/ гэдэг зэсийн уурхайд жинхэнэ экологийн сүйрэл нүүрлэж, ард иргэдэд нь ямар ч ашиггүй болчихоод байгаа. Шинэ Гвиней дэх Рио Тинтогийн уурхайд 2000 хүний амь нас үрэгдэж иргэний дайны нөхцөл байдал бий болсон. Мөн манай жишээ ч энд яригдсан.

Энэ хохирч байгаа улс орнууд уг асуудлаар мэдээлэл маш дутмаг байдаг, бас хүч хүрэхгүй ч тал байна. Иймд бид харилцан мэдээллээ болон туршлагаа солилцож байж нэгдмэл хүчээр ажиллах нь үр дүнд хүрнэ гэдэг миний саналыг дэмжсэн. Бид бас ойрын үед Олон улсын үйлдвэрчний эвлэлийн байгууллагад хандахаар болсон. НҮБ-ын тодорхой хурлууд дээр уул уурхай дахь энэ асуудлыг  дэвшүүлж тавина.

- Уг асуудалд олон улсын анхаарлыг хандуулж, таниулж мэдрүүлэх нь асуудлыг шийдвэрлэх гарц гэж үзэж байна уу?

-Миний хувьд одоо зөвхөн Монголдоо биш  олон улсын хэмжээнд тэмцэх боломж нээгдлээ. Тус хурлын хамгийн гол зүйл нь бид туршлагаа солилцож, харилцан мэдээлэл авдаг болох юм.

Томоохон уул уурхайн компаниуд мэдээллээ өгдөггүй, нуудаг, хууль зөрчдөг. Энэ хурлаар тэдний санхүүг яаж хянах, яаж тэдэнтэй олон улсын шүүх дээр маргаан үүсгэж шүүхэд ялж болох вэ? гэх мэт олон асуудлаар Дэлхийн банкны эксперт ирж зөвлөгөө өгсөн.

Баялгийн хараал хүрсэн, уул уурхайгаас болж байгаль экологи, хүмүүнлэгийн ноцтой хохирол амссан улс орнууд харилцан мэдээлэл, туршлага солилцох, үр ашигтай хамтран ажиллах эхний алхам хийгдлээ.

-Монгол Улсад оруулах гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь монголчууд Оюу толгой гэх мэт том уул уурхайн үйл ажиллагааг гацааснаас шууд нөлөөлсөн гээд байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Оюу толгой /ОТ/, Таван толгой зэрэг уул уурхайн том компаниуд нь манай улсын эдийн засагт дэндүү том нөлөөтэй, дэндүү чухал гэдэг нь тодорхой. Би ч тэгж итгэдэг. Бид ОТ-н үйл ажиллагааг нь эсэргүүцсээр байгаад зогсоож, гацаасан гэж үзэж байгаатай санал нийлэхгүй.

Энэ бол огт худал. Харин ОТ-н энэ том уурхайд хөрөнгө оруулагчид нь үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ 10 мянган ажлын байр бий болгоно, ДНБ-ийн 30 хувийг нийлүүлнэ гэж амлаж ард түмнийг хуурсан. Энэ амлалт нь өнөөдөр үлгэр болчихоод байгаа.

Харин тэд энэ амлалтаа биелүүлэхгүй, туслахгүй дэмжихгүй байгаагаас манай эдийн засаг унаад байгаа. 2014 оны эхний гурван улирлын байдлаар 600 мянган тонн зэс гаргасан, 8,6 тонн алт гаргасан, 20 тонн мөнгө гаргаад авчихсан.

Үүнээс тэд 2.1 тэрбум ам.долларын борлуулалт хийж, ашгаа олчихоод байгаа. Харин энэ бүхнээс үзэхэд ОТ огт гацаагүй гэдэг нь тодорхой байна. Монголчууд ОТ-г огт гацаагаагүй. Харин ч ашигтай ажиллаж, манай уурхайгаас баялагаа аваад л байгаа.

ОТ 2015 онд 816 мянган тонн зэс, 15,2 тонн алт гаргана,34 тонн мөнгө гаргана гэж төлөвлөж байгаа. Энэ нь ямар ч гацаагүй явна. Монголд юу орж ирэх вэ? Манай талаас 130 сая ам.долларын татвар өгөөчээ гэж акт тавьсан. Өгөхгүй гэсэн. Үүнийг манай дарга нартай ярьж байгаад 30 сая болгосон.

Одоо ОТ энэ мөнгийг өгөхгүй гээд Монголын шүүх дээр маргаан үүсгээд явж байна. Үүнийг ярьсаны төлөө ОТ-г гацаагаад Монгол Улсын эдийн засгийг хохироогоод байна гэж итгэж байгаа монголчууд өрөвдөлтэй юу, ингэж итгүүлээд байгаа тэр хүмүүс агуу юу. Тэр хүмүүс агуу юм шиг надад санагдаж байна.

-Уул уурхайгаас үүдэлтэй Монгол орны байгаль орчны болон агаар, хөрс, усны бохирдол, хомсдол үүсэх нөлөөлөл байдаг талаар та юу хэлэх вэ?

-Энэ усны холбоо ажлаа хийгээч. Батмөнх гэж эрдэмтэн залуу л усны талаар тэмцэж байна. Харин бусад усны мэргэжилтнүүд нь биеэ үнэлэгч болчихоод байгаа. Тэд ОТ-н уурхай/Рио Тинто/-д “Говийн усыг ашиглахад Монголын байгальд ямар ч сөрөг нөлөө, хохиролгүй” гэж цаасан дээр зурсан гарын үсгээ худалдаж амьдарч байна.

Тэд, намайг ингэж хэлсний төлөө шүүхэд өгөөсэй билээ. Ердөө гурван жилийн дараа говийн гүний ус шавхагдана. Усны асуудал маш ноцтой байгаа. Үүнийг хөндөж асууж байгаад үнэхээр баярлаж байна. Рио Тинто гурван жилийн дараа говийн усыг дуусгаад Сэлэнгийн усыг хоолойгоор татаж авч ашиглана. Энэ бол баталгаатай.

-Цаашид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломж байна вэ?    

-Буруу зүйл хийж байгаа биеэ үнэлэгч Монголын эрдэмтдийг эсвэл биеийг нь үнэлүүлээд луйвар хийж, богино хугацааны ашгаар Монголын байгаль орчныг сүйтгээд байгаа гадаадын болон дотоодын энэ хүчийг хазаарлах хүч, боломж даанч үгүй.

Надад хийж чадах ганцхан ажил нь ард түмний итгэлээр олж авсан УИХ-ын гишүүн гэдэг статусаар мэдээллүүдээ авч байна. Авсан мэдээлэлдээ тулгуурлаж задлан шинжилж анализ хийгээд ард түмэндээ мэдээлдэг.

Харин сэтгүүлчид та бүхэн хүчтэй дуу хоолойгоо нэгтгэж дараагийн улс төрчдийн сонголтыг зөв хийж, төр засгийн шийдвэрт хүчтэй нөлөөлнө гэдэг ганцхан итгэл найдвар байгаа. Ардчилал үнэтэй олддог нь үнэн. Гэхдээ Оюутолгойн үнээр авмааргүй байна.

Тус орд, уурхай нь 300 тэрбум ам.доларын үнэтэй. Энэ их баялгаа өгчихөөд өрөнд ороод, өдөр болгон 3 сая ам.долларын хүү төлдөг Монгол шиг ийм өгөөмөр сэтгэлтэй ард түмэн байж болохгүй гэж бодож байна. Үүнийг л ард түмэндээ мэдээлэх нь миний ажил. Би усны асуудлаар хоёр ч удаа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Дахиад ч хэвлэлийн бага хурал хийх болно.

Оюутолгой үнэхээр бяртай, хүчтэй юм. Миний хэлж байгаа мэдээлэл баттай эх сурвалж, баримт, нотолгоотой. Бид өдөр бүр 5 цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний хүү төлж байна. Миний хэлж байгаа зүйл худал бол намайг шүүхэд өг. Тэд яагаад шүүхдэхгүй байна гэвэл Ганбаатар үнэн ярьж байгаа болохоор аргагүй шүү дээ.

Д.Өлзийсайхан