МАН-ынхан найр тавьж буй АН-тай хамтрах уу
2014/11/28
МАН-ынхан тав хоногийн өмнө Бага хурлаа баасан гарагт буюу өчигдөр 14:00 цагаас хийхээр хэдийнэ тов зарласан. Гэвч МАН-ынхан найр тавьж буй АН-ынхантайгаа зөвшилцөж чадаагүйгээр Бага хурлаа өчигдөрхөн тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа зарласан.
Өөрөөр хэлбэл, намын Удирдах зөвлөл Бага хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байдаг. Үнэн хэрэгтээ Бага хурлыг хойшлуулах болсон шалтгаан нь Засгийн газрыг хамтран байгуулах хүрээнд УИХ дахь МАН, АН-ын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн зөвшилцил үр дүнд хүрээгүйгээс болсон гэдэг. Тэр байтугай МАН-ын генсек Ж.Мөнхбат “Зөвшилцөх уулзалтын үеэр сайдын ч юм уу, сандал ширээний асуудал огт яригдаагүй. Эдийн засгийн хямралаас яаж гарах вэ, улс төрийн хямралыг цааш үргэлжлүүлэхгүй байх гэх байр суурийг МАН барьж байгаа. Бидэнд Засгийн газрыг гацаах гэсэн асуудал байхгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдыг дэмжихгүй гэдэг Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу МАН-ын бүлэг чуулганы хуралдаанд оролцоогүй. Зөвшилцөх асуудлыг МАН-аас тавиагүй. Нэгэнт зөвшилцөх бичиг ирсэн учраас бид бүхэн улс төрийн ёс суртахууны үүднээс хандаж байна. Түүнээс бус МАН засагт орох гэж улайрч зүтгээд байгаа зүйл огт байхгүй. Намын дүрмийн дагуу зөвшилцөх албан бичиг ирсэн тохиолдолд МАН-ын Бага хурал шийдвэр гардаг. Харин Бага хурал тодорхойгүй хугацаагаар хойшилсон” хэмээсэн.
Гэтэл МАН-ын Удирдах зөвлөл дөнгөж сая хуралдаж, Бага хурлаа 13:00 цагаас хуралдуулах шийдвэрт хүрсэн юм. Харин хурлаа тодорхойгүй шалтгаанаар хойшлуулчихаад өнөөдөр гэнэт зарлаж байгаа нь МАН-ынхан АН-тай ойлголцолд хүрч, хойшид хамтран ажиллахаар болсныг илтгэчихэв үү. Угтаа их эвсэл, шийдлийн гэх дараагийн Засгийн газар байгуулагдахад хүрвэл МАН-ынхан танхимын тодорхой суудлыг авахаар болсон гэх. Нэг ёсондоо шинэ Засгийн газрын 6-7 яамыг МАН-д өгөхөөр ярилцаж, сайд болох эрхмүүдийг “дан дээл”-тэй байлгахаар төлөвлөж, хүмүүсийн нэр ч яригдаад эхэлсэн зүйл энэ долоо хоногт өрнөсөн. Тухайлбал, Шадар сайдад У.Хүрэлсүхийг, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, БОАЖ-ын сайд асан Д.Цогтбаатар, “MCS” группийн дэд ерөнхийлөгч асан Л.Элдэв-Очир, Элчин сайд асан Л.Хангай нар Ч.Сайханбилэгийн кабинетад МАН-ыг төлөөлж магадгүй гэсэн яриа гарсан юм. Ямартай ч АН-ынхан илт байдлаар МАН-ыг засагт орохыг уриалж буйгаар тус намын Бага хурал хуралдахаар боллоо. Гэхдээ Бага хурал ямар шийдвэрт хүрэхийг харах болж байна.
Зочин · 2014/11/30
Novshnuud ichih ch ugui hamtrana daa namiinh ni batlahiig urj hayna aa
Зочин · 2014/11/29
Ichij amidaraChe ta nar