Өнгөрөгч баасан гаригт Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалын сэтгүүлчдэд зориулж цаг гаргасан эдийн засгийн хичээлд суулаа. Дээр дооргүй тоо бодож сампин нүддэг алгебрийн аргыг заасангүй.

Бидний цалин хөлс ямар шалтгаанаар танагдаж, хотын хөгжлийг дагаж бугшсан, утаатай нийгмийг хэрхэн эрүүлжүүлж болох тухай дэлхийн улс гүрнүүдийн өнөөгийн хөгжил дэвшлээр жишээлэн ярив.


Нийслэлийнхний утаа үйлдвэрлэдэг гэрт амьдарч байгаа нөхцөлийг хэрхэн өөрчилж болох гарцыг хайлаа. Орон сууцжих “амархан” боломжийг ярьж байна. Сонсоод огшмоор, хэрэгжүүлэхийн төлөө бүгд гар бие оролцмоор сайхан санаанууд тэнд сөхөгдлөө. Тооны машин товчлуурдаж олон үйлдэл хийх хэрэггүй ийм амархан эдийн засгийн ойлголтуудыг шийдвэр гаргах түвшинд ажил хийхээр сонгогдсон өнөөх 76-д ч сонсгочихмоор санагдав. Бас ч гэж хэдэн үг даймаар болоод дотор загатнаад суулгадаггүй ээ.


...Эрхэм гишүүд ээ, эрхэм сангийн сайд аа, төрийн мөнгөний хэтэвчийг хянах “чанга гар” үгүйлэгдэж байна. Дэлгүүрийн лангуун дээрээс харсан бүхнээ авах гэж зүтгэдэг айлын үрэлгэн авгай шиг хэдэн нөхөд үеийн үед төрийн толгойд суучихаад дээр, дооргүй зээл авч, үгүй бол ганцхан салбараас хамааралтай өсөж буурдаг төсвийн орлогыг гарынхаа салаагаар цацсаар өнөөдөр нэг кг ааруулыг 20 ам.доллараар худалдаж авдаг өртөг өндөртэй улс болчихжээ, Монгол.


Мах, гурилын үнийг бол яаж хашгираад ч буулгаж чадахгүй нь тодорхой болчихлоо. Жилд хэд хэдэн удаа үнээ нэмчихдэг шатахууны үнийг дурьдах нь ч илүүц биз. “Монгол” гэсэн шошготой бүхэн үнээрээ гайхуулдаг болсон энэ цагт дээл хувцасны үнэ хүртэл 150 мянган төгрөгөөс эхлээд 4.8 саяар “Нарантуул” зах дээр үнэлэгдэж байгааг хараад мэл гайхав.


Энэ бүхний бурууг эрж, үзүүрийг нь хөөвөл ядруухан иргэдийнхээ сул талыг олж харсан хавтгайруулсан халамжийн бодлого байна. Төр нь ядруухан иргэндээ хайр зарлаж дөрвөн жилд нэршлээ өөрчилсөн бэлэн мөнгийг баруун солгойгүй тарааж нөгөө талаас бизнес эрхлэгчид нь энэ бүхнийг анадаж байгаад үнээ нэмчихдэг өрөвдөлтэй тогтолцоо өнөөдрийн ардчилагчдын үндсэн бодлого болж байна.


Орлогоосоо хальсан зарлагатай, гар султай сахилгагүй төрийн балгийг сангийн сайд та иргэддээ үүрүүлж байна гэчихвэл нэг их буруутахгүй болов уу. Иргэдээс хураасан татварын мөнгийг сонгуулиар өглөг болгон ашиглаж сая, саяар нь өгнө хэмээн амладаг “том ам”-тай улс төрийн намынхан өнгөрсөн бүх хугацаанд байсан, одоо ч байна.


Энэ Засгийн газрын хувьд бүрэн эрхт дөрвөн жилийн хугацаанд 0-18 хүртэлх насны хүүхэд бүрт сар болгон хүүхдийн мөнгө олгох зорилтыг хөтөлбөртөө тусгасан. Ингэснээр манай улсын нийт хүн амын 36 хувь нь буюу 970 мянган хүүхэд сар болгон 20 мянган төгрөг авч байгааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хэлсэн нь бий.


Сайн, муугийн бамбай болсоор байгаа дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй эхэд жилд нэг удаа хүүхэд тус бүрт нь олгодог 6000 төгрөгийн тэтгэмж өдгөө 20 мянга болж ахисан. Мэдээж үүн дээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэг сая төгрөгийн халамж багтана. Мөн л иргэн бүрт олгох “Хүний хөгжил”-ийн гэх 21 мянган төгрөг, одонтой эхийн 50, 100 мянга, оюутны 70, малчин, тариаланчдад... гэх мэт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа нь үл мэдэгдэх зохисгүй хуваарилалтууд газар авсан нь ядуурал, ажилгүйдэл, архидалтыг өөгшүүлэх хэлбэр болсоор байна.


Баруун хязгаарын малчдыг гар утасжуулахад хүртэл 1.7 тэрбумыг төсөвлөчихсөн байсан өрөвдмөөр жишээ бий. Эдгээр мөнгийг өгөхийн тулд төрийн данс улайчихаад байхад хүртэл нөгөө олон толгойнуудаас зээлж, бондын сан руу хүртэл гараа дүрсэн увайгүй үйлдэл гарсан. Гэтэл 20 мянган төгрөгөөр иргэдийнхээ амыг таглаж байх зуурт юу болов.


Уул уурхай, барилга, төмөр зам, хүнс, бараа бүтээгдэхүүн, соёлын гэх мэт улсыг улс байлгадаг гол салбаруудын хурд, хүч, сэргэлт, ухралт урд хөршөөс бүрэн хамаарах болж Монгол хүний үнэлэмж шороонд булагдав. Үйлдвэржилт, түүхий эдийн боловсруулалт чухал гэж ярих мөртлөө ажиллах хүч, мэргэжилтэй боловсон хүчин дутмаг, ДНБ үйлдвэрлэхэд Монгол хүний оролцоо, эзлэх хувь инээд хүрэм тоо гардаг байдал нь хөгжлийг боомилж байна.


Тэгвэл асууя, сайд аа. Хөдөлмөрийн насны залуучуудыг чадавхижуулахад халамжийн гэх зориулалтаар төсөвлөсөн мөнгө хангалттай хүрэлцмээр харагдаад байна. Өөрсдийнхөө бодож олсон шоуг хүүхдэд ашигтай мэтээр тайлбарлаж байгаа 20 мянган төгрөг тэдний амь насны баталгаа болж чадсан уу эрхэм гишүүд ээ. Халамж нэрээр бэлэн мөнгө иргэдийн гарт өгдөг тэнэглэлээ боливол яасан юм бэ.

 

Ээжүүд төрөх эмнэлгийн орны хүрэлцээгүйгээс нэг орон дээр дөрвүүлээ шахалдсанаас үрийнхээ амийг хөнөөчихсөн аймшигт явдал мартагдаагүй байна. Хүүхэд, гэмт хэрэг, хүчин, хүнд хөдөлмөрийн золиос болдог байдал хэвээр байна. Өгөөд байгаа 20 мянган төгрөгөөр чинь хүүхдүүд энэ бүх асуудлаа цэгцэлж чадсан уу. Энэ бүхнийг нь шийдэх хэмжээд ажиллаж амжсан уу.


Тэгвэл орой бүр хотын гэр хорооллын хаа нэгтээ архичин, ажилгүй аавууд энэ мөнгөөр шил “юм”-ны бөглөө мулталж орой нь гэртээ араатнаас ч доор авир гаргаж хүүхдээ зовоож байна. Өрх толгойлсон, ядруухан ээжүүд хоёр кг мах аваад л бүтэн сар хүлээсэн мөнгөө дуусгаж байна. Хүүхэд хишиг хувиа хүртэж чадахгүй байна. Энэ мөнгө хүүхдийн гэдэс цатгалан, мөр бүтэн, аюулгүй амьдралын баталгаа болохгүй байгааг дамжуулъя. Үр ашиггүй энэ мөнгийг тэднийхээ боловсрол олох орчин, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх нөхцөлийг сайжруулахад зориулъя.


М.Мөнхтунгалаг