Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу ЕБС-ийн сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээлийн жилийн турш сурагчдын автобусаар хүүхдүүдийг тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байгаа.  Нийслэлийн Боловсролын газрын мэдээллээр 2014-2015 оны хичээлийн жилд 7 дүүргийн 48 сургуулийн 127 автобус 4609 сурагчдад үйлчлэхээр болжээ. Эдгээрээс 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 7 дүүргийн төрийн өмчийн 24 сургууль, төрийн бус өмчийн 8 сургуулийн 74 автобус сурагчдад үйлчилж байгаа.  Харин бусад сургууль 9 дүгээр сарын 15-н гэхэд сурагчдын автобусны үйлчилгээг жигдрүүлэхээр болсон.  Харин энэхүү жигдрэлтэнд нь  тоон дотор үсэг цохиж явна гэдэг  шиг хүн тээвэрлэх эрхгүй  микроавтобус байна.  Өөрөөр хэлбэл манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, дүрэм, нормыг дагаж мөрдөх юм бол нийтийн тээвэрт явж байгаа  тухайн тээврийн хэрэгслийг үйлдвэрлэснээс хойш 12 жилийн дараа  хүн тээвэрлэх эрхгүй болдог. Тэгтэл 2015 оны 01-р сарын 01-ны өдрөөс нийтийн тээвэр болон сурагчид тээвэрлэх эрхгүй болсон  микроавтобус тээвэрт явж байна.  Энэ нь бид  хүүхэд багачуудаа эрсдэлд оруулж байгаагаас ялгаагүй юм.  Тодруулбал  нийтийн тээвэрт явах насжилт нь гүйцсэн  автобус нь   бүрэн бус техникээс ялгаагүй гэнэ. Хэдийгээр авто үзлэгт орж  нэг жил явах эрхийн бичгээ авдаг ч  үйлдвэрлэснээс хойш 12 жил болсон л бол хувийн хэрэгцээ, бараа зөөвөрлөх зэрэгт л ашиглахаас өөр гарцгүй болж байгаа юм. 

Уг нь хотын мээр сурагчдыг осол гэмтэлд орохоос урьдчилсан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор хүүхдийн автобус хэмээх санаачлагыг гаргаад байгаа.  Тэгтэл нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа юм шиг ирээдүй болсон хүүхдүүдээ ийм бүрэн бус  тээврийн хэрэгслээр зөөвөрлөхөө болимоор байна.  

Харин манай улсад  насжилт нь гүйцсэн  нийтийн тээвэрт явж байгаа микроавтобус цөөнгүй байна. Тодруулбал  Автотээврийн үндэсний төвөөс  хот хоорондын тээвэрт явж байгаа микронуудыг  явуулахыг хориглодог байна. Хот хооронд явахаа больсон микронууд  нийслэлийн  нийтийн тээвэрт  явдаг болсон.  Зарим нь сурагчид тээвэрлэж байгаа.  Үүнд Нийслэлийн тээврийн газар, МЕХГазрын Автотээврийн хяналтын улсын байцаагч арга хэмжээ авах ёстой. Нэг бол тэд ажлаа хангалтгүй хийж байна  эсвэл мөнгө төгрөг авсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Хэрвээ хүүхдийн автобус  гай, эз нь таарч  гэнэтийн осол гаргавал   хариуцлагыг хэн хүлээх вэ?  Хэн ч хүлээхгүй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчийн үлгэр болоод өнгөрнө.  Тиймээс Нийслэлийн тээврийн газар, МЕХГазрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар ажлаа сайн хийхийг хүсэж байна.  

 

А.Баярмаа